Өнөөдөр Японы Осака хотод "КАТАР 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн хэсгийн Монгол, Киргизийн багуудын тоглолт боллоо.
Киргизийн багийн хувьд Тажикстантай хэсгээс хоёроор гарах эрхийн төлөө өрсөлдөж байгаа тул ялагдах эрхгүй тоглолт байлаа. Харин манай багийн хувьд хэсгийн сүүлийн байрнаас салж, дөрөвдүгээр байрт дэвших боломж байсан юм. Мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, япон мэргэжилтэн Масэ Шүичи анх удаа багаа удирдсан тоглолт байлаа.
Тоглолтын өмнө Киргизийн багт коронавирусний халдварын сэжиг илэрсэн тул хэд хэдэн тоглогч, дасгалжуулагч нарын хамт тусгаарлагдсан. Үүнд багийн бүх хаалгач багтсан тул хамгаалагч Айзар Акматов энэ өдөр хаалгаа маналаа.
Хэдий чансаагаар Киргизийн баг хол илүү ч тоглолт тун тэнцүүхэн явагдсан. Монголын баг эхний үед 34 дэх минутад О.Мижиддоржийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Нэг гоолын давамгайллаа сүүлийн мөч хүртэл амжилттай хамгаалж чадсан Монголын шигшээ тун чухал гурван оноо авлаа.
О.Мижиддоржийн гоол Монголын Үндэсний шигшээ багийн түүхэнд 100 дахь гоол байлаа.
Сэтгэгдэл ( 0 )