Жүдо ДАШТ: Дэгүчи юу? Климкайт уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Өнөөдөр Унгарын нийслэлд жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн барилдаанууд болно.

Коронавирусний цар тахлын улмаас жүдогийн дэлхийн аваргын тэмцээн олимпын наадмиын өмнөхөн болж байгаагаараа онцлогтой. Дэлхийн аваргад оролцоод сар гаруйхны дараа олимпын наадам болох тул шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын хувьд урьд өмнө үзээгүй олон асуудал тулгарч байгаа.

Олимпын наадмын өмнөхөн болж байгаа гэдэг утгаараа Япон зэрэг зарим орон гэмтэл бэртэл, судлагдахаас эмээж, нөөц багаа илгээсэн бол Европын олон орон тактик, барилдаанаа нуухаас илүү барилдаан, тэмцээний мэдрэмжээ сэргээхийг илүүд үзжээ. Дэлхийн аварга гэдэг нэр хүндтэй цолын төлөө тэмцэх олон алдартай жүдоч Унгарт цуглараад байгаа юм. Ур чадварын түвшний хөгжлийн хурд өндөр болсон орчин үед аль болох олон улсын тэмцээнд оролцож байхгүй бол дэлхийгээс хоцрох аюултай. Барилдаан, өөрийн байдлаа дэндүү мэддэг алдарт Тедди Ринер л биш бол боломж гарсан бүх тэмцээнд оролцож байх нь хэрэгтэй байдаг.

Чансааны оноо авах сүүлийн тэмцээн тул шигшээ багийн дотоодын өрсөлдөөн ч энэ өдрүүдэд болж байна. Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд ихэнх нь нэг жинд ур чадвар ойролцоо хэд хэдэн тамирчинтай. Олимпын өмнөх чансаагаар хэн дээгүүрийг нь Токиод сойх шийдвэр гаргасан орон байгаа бол энэ ДАШТ-д хэн амжилттай барилдсаныг нь олимпод оролцуулах улс ч бас байна.
 

Энэ утгаараа жүдо сонирхогчдын сонирхлыг гойд татаж байгаа жин бол эмэгтэй 57 кг юм. Энэ жингийн чансааг Канадын Криста Дэгүчи тэргүүлж, Канадын Жессика Климкайт удаалдаг. Токиогийн олимпод хоёр хүчирхгийн хэн нь оролцохыг Унгарын ДАШТ шийднэ. Дэгүчи бол 2019 оны дэлхийн аварга, хоорондын барилдааны харьцаа нь ч Климкайтыг 6 барилдахдаа зургаа ялсан үзүүлэлттэй ч Канадын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор Дэгүчи шууд сонгогдсонгүй. Канадад жин тус бүрийн эхний наймд багтсан хэд хэдэн тамирчин байвал халз барилдаан хийдэг дүрэмтэй. Гэвч цар тахлын улмаас Канадад спортын тэмцээн уралдаан хийх хориотой байгаа тул халз барилдаан хийж амжсангүй. Ингээд Унгарын ДАШт-д хэн амжилттай барилдсан, өөрөөр хэлбэл хэн илүү байр эзэлсэн нь Токиогийн олимпод оролцох болсон юм.

Дэгүчи А хэсгийг толгойлж байгаа бол Климкайт C хэсгийг тэргүүлсэн. Хэн хэн нь ялаад байвал финалд учраа таарна. Харин финалд хүрэх замыг нь харвал Дэгүчид хүчтэй өрсөлдөгч нар таарчээ. Юуны өмнө манай Д.Сумъяа хэсгийн аваргын төлөө Дэгүчитэй барилдах магадлалтай. Барилдааны харьцаа 2:1 канад бөх тэргүүлж байна. Дараа нь Японы Момо Тамаоки хагас шигшээд Дэгүчигийн өрсөлдөгч болох шинжтэй. Япончууд хэчнээн нөөц багаа илгээсэн гээд жүдо бөхийн эх орон бол эх орон. Тамаоки Дэгүчитэй 5 барилдахдаа 3 ялж байжээ.

Өнөөдрийн барилдааны гол анхаарал канад бүсгүйчүүдийн өрсөлдөөнд чиглэж байна.

Хэрэв ДАШТ-д тэд тэнцвэл өөрөөр хэлбэл хүрэл медаль, мөн 5-5, 7-7, эсвэл хоёулаа шилдэг наймд багтаагүй тохиолдолд Канадын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс хэнийг нь сонгохоо шийдэх юм. Гэхдээ 2021 оны чансаа хэн нь дээгүүр байгаа, 2018, 2019, 2021 оны ДАШТ-д оролцсон байдал, хоорондын барилдааны харьцааг харгалзах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумъяа(150.129.141.108) 2021 оны 06 сарын 08

Сумъяа

1  |  0
Top