Асаноямад зодог тайлах шийтгэл оноохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Японы сүмо бөхийн холбооноос гаргасан хөл хорионы дэглэмийг зөрчиж, шөнийн цэнгээний газраар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн озэки Асаноямад шийтгэл оноох Сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 11-нд болно.

Асанояматай адилхан хэрэг үйлдсэн бөхчүүд хэд хэд байгаа ч Асанояма хэвлэл мэдээлэлд гарах хүртэл буруугаа хүлээлгүй мэлзсэн, холбооны удирдлагыг хууран мэхэлсэн, мөн холбооны нүүр царай болсон озэки цолтой зэрэг хэд хэдэн хүндрүүлэх шалтгаантай байгаа.

Сүмо бөхийн холбооны Ёсзүйн хорооноос Асаноямад оногдуулах шийтгэлийг хэлэлцэж, тогтсон байгаа. Энэ шийдвэрээ 11-нд холбооны тэргүүн Хаккакү оякатад танилцуулах юм.

Ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байгаа ч зодог тайлахыг сануулсан, анхааруулсан шийтгэл гарахгүй бололтой. Зарим эх сурвалжийн дурдсанаар хэдэн тэмцээн барилдах эрхийг нь хасаж, мөн цалингийн 50 хувиар торгох гэнэ.

Асанояматай яг адилхан хэрэг үйлдсэн Абид холбооноос гурван башё барилдах эрхийг нь хасаж, цалингийн 50 хувиар торгосон. Гэхдээ Аби хэргээ хүлээсэн төдийгүй, хариуцлагаа хүлээн, зодог тайлах өргөдлөө өгч байсан юм. Тэгэхээр Асаноямад Абигаас хүнд буюу таван башё барилдах эрхийг нь хасах шийтгэл оноох шинжтэй. Хэрэв таван тэмцээнд оролцохгүй бол банцүкэ нь макүшитад унах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top