Өчигдөр Унгарын нийслэлд жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг-ийн барилдаанууд явагдлаа.
Жүдо сонирхогчдын сонирхлыг маш их татаж байсан жин бол эмэгтэй 57 кг байлаа. Энэ жингийн чансааг Канадын Криста Дэгүчи тэргүүлж, Канадын Жессика Климкайт удаалдаг. Хэн нь Токиогийн олимпод оролцохыг энэ ДАШТ шийдэх ёстой байлаа.
Дэгүчи бол 2019 оны дэлхийн аварга, Климкайттай 6 барилдахдаа зургаа ялсан үзүүлэлттэй ч Канадын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор жин тус бүрийн эхний наймд багтсан хэд хэдэн тамирчин байвал халз барилдаан хийдэг дүрэмтэй. Гэвч цар тахлын улмаас Канадад спортын тэмцээн уралдаан хийх хориотой байгаа тул халз барилдаан хийж амжсангүй. Ингээд Унгарын ДАШТ-д хэн амжилттай барилдсан, өөрөөр хэлбэл хэн илүү байр эзэлснийг Токиогийн олимпод оролцуулна гэж Канадын жүдо бөхийн холбооноос мэдэгдээд байсан юм.
Дэгүчи А хэсгийг толгойлж, Климкайт C хэсгийг тэргүүлсэн тул тэд финалд л учраа таарах байв. Гэвч Дэгүчи финалд хүрж чадсангүй.
Хагас шигшээд төрөлх Япон орныхоо тамирчин Момо Тамаокитай таарлаа. Төрөлх гэдгийн учир нь Дэгүчи бол япон ээж, канад аавтай. Олимпын наадамд оролцох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өрсөлдөөн ихтэй Японы өмнөөс биш Канадын нэрийн өмнөөс барилдсан нь дээр гэж шийдсэн юм. Гэвч япончууд түүнийг 2017 он хүртэл явуулаагүй. 2017 онд Канадын иргэншил авснаасаа хойш дэлхийд тэргүүлж, жингийнхээ бүх япон бөхчүүдийг дараалан ялж байсан юм. Харин энэ удаад япон бүсгүй Тамаоки түүний дэлхийд түрүүлэх замыг хаалаа.
Олимпод оролцох мөрөөдлийг нь ч бас хаасан байж тун магадгүй юм. Дэгүчи Тамаокитой барилдахдаа юу ч хийж чадсангүй ялагдсан. Дараа нь хүрэл медалийн төлөө Германы Тереза Столлтой барилдаж, иппон ялагдсанаар медальгүй хоцорлоо. Харин нөгөө талд Жессика Климкайт алдаа гаргалгүй барилдсаар финалд Момо Тамаокиг ялж, анх удаагаа дэлхийн аварга боллоо.
Эмэгтэй 57 кг
1. Климкайт Жессика (Канад)
2. Tамаоки Момо (Япон)
3. Гжакова Нора (Kосово)
3. Тереза Столл (Герман)
Эрэгтэй 73 кг
1. Лаша Шавдатуашвили (Гүрж)
2. Макиас Томми (Швед)
3. Билал Чилоглу (Турк)
3. Хашимото Соичи (Япон)
Дэлхийн чансааг тэргүүлэгч Хашимото хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл ( 2 )
Цогтбаатар бацаан үнэхээр найдваргүй Риогийн олимпод яаж баг аллаа Зүгээр барилдахаа больмоор юм
Хөөрхий манай Сумья бүр харицан амьтан эхний барилдаандаа бас нэг тэнгэргүй хөгшин солонгос эмэгтэйд ялагдаад дууссан.