Эмгэнэл

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Спортын кино оператор, гэрэл зургийн сурвалжлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ахмад гишүүн Баатарын Сугаржав таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

Б.Сугаржав нь 1939 онд  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1959 онд Дорнодын 10 жилийн дунд сургуулийг, 1960 онд МУИС-ийн бэлтгэл ангийг төгссөн. 1960-1962 онд кино үйлдвэрт туслах оператор, оператороор ажиллаж байгаад 1962-1966 онуудад Польш улсад киноны дээд сургууль, ЗХУ-д “Союз спорт фильм” студид спортын кино операторын курс төгсжээ.

Тэрээр 1966 оноос Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1966-1996 онд “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчээр хавсран ажиллаж, тухайн үеийн (1966-1999 он) спортын бүхий л үйл явдлыг сурвалжилж, Монгол Улсын БТС-ын салбарын алтан үеийн түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөн үлдээсэн гавьяатан байв.

Спортын сэтгүүлч Б.Сугаржав агсан 1971, 1975, 1979, 1985, 1986 онд Софи, Минск, Парис, Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1972 оны Саппорогийн өвлийн болон Мюнхены зуны олимп, 1980 оны Москвагийн олимп, 1986 онд Москвад болсон “Сайн санаа”-ны тоглолтод сурвалжлагч, оператороор ажилласан билээ.

1995 онд Японы “Сасакава” спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож, 55 орны 7000 гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт шалгарч, дэлхийн спортын шилдгүүдийн номонд мөнхрөн үлдэж байсан. Мөн 1996 онд өөрийн хүү, спортын сэтгүүлч, гэрэл зурагчин С.Энхжаргалын хамт бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, спорт сонирхогч олон түмэндээ дэлгэж байв.

Түүний спортын гэрэл зураг, кино урлаг, спортын сэтгүүл зүйн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1992 онд Засгийн газрын хүндэт Жуух бичиг, 1989 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1994 онд Сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэг, 2002 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2006 онд МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар" одон, 2013 онд Монголд сэтгүүл зүйн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн медаль, мөн онд МҮОХ-ны шагнал “Алтан-Очир” одон, 2015 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 2019 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тус тус хүртээж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Top