Александр Крестинин: Мьянмартай ч бид хаалгачгүй тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн F хэсгийн тоглолтууд Японд үргэлжлэн явагдаж байна.

Энэ хэсэгт Японы баг тасархай тэргүүлж, харин дараагийн шатанд шалгарах эрх авах хоёрдугаар байрны төлөө Киргиз, Тажикстаны багууд ширүүн өрсөлдөж байгаа.
 


Өнөөдөр болох Мьянмар – Киргиз, 15-нд явагдах Тажикстан – Мьянмар, Киргиз – Японы тоглолтуудаас хэн нь дараагийн шатанд шалгарах нь тодорхой болох юм.

Киргизийн багаас ковидийн халдвар илэрсэн тул хавьтал болсон хөлбөмбөгчид тусгаарлалтад орсон. Үүнд багийн гурван хаалгач ороод байгаа юм. Шигшээ багийн дасгалжуулагч Александр Крестинин тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцож, дургүйцлээ илэрхийллээ.
 


-Мьянмарын багтай хийх тоглолтод хэрхэн бэлтгэв?

-Ямар бэлтгэл? Байдал огт сайжраагүй, хэвээрээ байгаа. Бид дахиад л хаалгачгүй тоглоно. Талбайн тоглогчдын хэн нэгийг хаалганд зогсооно. Ялахын тулд хичээнэ, маш чухал тоглолт. Японы тусгаарлалтын системийг ойлгоход үнэхээр бэрх юм.

-Хамгаалагч Айзар Акматов ахиад хаалганд тоглох уу?

-Бэлтгэл дээр хаалганд хэнийг зогсоохоо шийднэ. Ковидоос гадна шар картын торгуулиар өнжих тоглогчид бас байгаа. Байрлал бүрийг судлаж үзээд боломжтой байрлалын хүнийг хаалганд илгээх болно.

-Хэсэгт хоёрдугаар байр эзлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Мьянмарыг юуны өмнө ялах ёстой. Бусад нь биднээс хамаарах зүйл бага.

-Мьянмарыг ялж чадах уу?

-Бэлтгэл сургууль хийх боломж олгосон бол мэдээж ялалгүй яах вэ. Манай шигшээ багт гаднын нөлөөлөх хүчин зүйл маш их байна. Тиймээс бид сайн үр дүн үзүүлж чадахгүй байна. Мьянмарыг ялахын төлөө тоглоно, гэхдээ ялна гэсэн баталгаа алга. Харамсалтай нь тоглолтыг зохион байгуулагч Японы талаас болоод бид маш хүнд байдалд орчихлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top