Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн F хэсгийн тоглолтууд Японд үргэлжлэн явагдаж байна. Энэ хэсэгт Японы баг тасархай тэргүүлж, харин дараагийн шатанд шалгарах эрх авах хоёрдугаар байрны төлөө Киргиз, Тажикстаны багууд ширүүн өрсөлдөж байгаа.
Энэ сарын 11-нд Мьянмар, Киргизийн багуудын тоглолт явагдлаа. Киргизийн багаас ковидийн халдвар илэрсэн тул хавьтал болсон хөлбөмбөгчид тусгаарлалтад орсон. Үүнд багийн гурван хаалгач ороод байгаа юм. Тиймээс энэ удаад довтлогч Эрнист Батырканов хаалгаа маналаа. Эрнистын хувьд энэ тоглолт шигшээ багт хийсэн ес дэх тоглолт байсан бөгөөд довтлогч залуу шигшээ багийн төлөө нэг ч гоол оруулж амжаагүй байгаа ч нэг гоол алдсан амжилт намтартаа бичүүлэв.
Киргизийн баг 2:0 тэргүүлж байхад 34 дэх минутад Мьянмарын Найн У Ян улаан хуудсаар торгуулсан. Ингээд л киргизүүд нэмж, гоол хийсээр 8:1 ялсан. Энэ нь тус шигшээ багийн хувьд хамгийн их гоол оруулсан рекорд амжилт боллоо.
Сэтгэгдэл ( 0 )