Өнөөдөр өглөө Бразилд Америкийн цом хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ. Копа Америка бол Өмнөд Америкийн спорт сонирхогчдын үзэх хамгийн дуртай тэмцээн гэж хэлж болно.
Гэвч энэ жил Копа Америкаг хүлээн авах орон олдохгүй байсан. Уг нь энэ тэмцээн өнгөрсөн жилийн зун Аргентин, Колумбид явагдах ёстой байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Өнгөрсөн тавдугаар сард Колумби улс Копа Америкаг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Учир нь тэнд улс төрийн үймээн гарч байгаа, одоо ч намжаагүй хэвээр. Удалгүй Аргентинд ковидийн халдварын тоо эрс нэмэгдсэн тул Аргентин ч тэмцээнийг зохион байгуулах аргагүй болов.
Ингээд тэмцээнийг зохион байгуулах орон хайв. Эцэст нь Бразилд шилжүүллээ. Бразилд ч цар тахлын байдал сайнгүй. Үнэнийг хэлэхэд дээрх хоёр орноосоо бараг муу. Бразилд халдварын үед том тэмцээн зохион байгуулахыг эсэргүүцсэн хүн олон байсны дотор хөлбөмбөгийн шигшээ баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байлаа. Харин Бразилын Засгийн газар Копа Америка тэмцээнээр нэр хүндээ дээшлүүлэхийн тулд ямар ч тохиолдолд тэмцээнийг нутагтаа хийнэ гэж дарамт үзүүлсэн юм. Шигшээ багийн дасгалжуулагчийг халж, тамирчдад шийтгэл онооно гэсний дараа Бразил улс тэмцээнээ хүлээн авлаа.
Гэвч тэмцээн эхлэхээс өмнө ковидын асуудал гарч ирлээ. Бразил, Венесуэлийн нээлтийн тоглолтын өмнө Венесуэлийн багийн 8 тоглогч, 4 дасгалжуулагчаас халдвар илэрчээ. Дараа нь Боливийн шигшээ багаас дөрвөн тохиолдол гарлаа.
Гэвч тэмцээнийг байтугай нэг тоглолтыг ч цуцлахгүй гэж Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос шийдсэн байна. КОНМЕБОЛ холбооноос багууд халдвартай тамирчдынхаа оронд хэдэн ч хамаагүй тамирчин дуудаж болно гэж зарлалаа. Ингээд Венесуэл 15 шинэ залуу тамирчдыг Бразилд яаралтай дуудлаа.
Тэмцээн үзэгчгүй явагдаж байгаа ч ард түмэн халдварын тохиолдол нэмэгдэнэ гэж эмээж байна. Бразил нас баралтын тоогоор АНУ-ын дараа явж байгаа. Өдөрт л 2-4 мянган хүн ковидоор амиа алдаж байна. Хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ дуртай бразилчууд ч Копа Америка нутагт нь ирсэнд дургүйцэж байна.
Тэмцээн эхлээгүй байхад л 16 тохиолдол илэрсэн. Цаашдаа юу болохыг Бурхан л мэдэх биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )