Японы холимог тулааны домог Антонио Иноки эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаагаа юүтүүб сувгаараа дамжуулан, фэнүүддээ зарлалаа.
Иноки 2021 он гарснаас хойш нурууны өвчнөөр эмчлүүлж байсан ч нэг хэсэг сураггүй болсон. Харин энэ удаад бүтэн сарын дараа цахимаар уулзахдаа “Ходоод гэдэсний асуудлаар энэ удаа эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орлоо. Уг нь гайгүй эдгэрч байсан юм” гэж ярилаа.
Антонио Иноки бол Японы мэргэжлийн бөхийн домогт од. Зарим үед холимог тулаанаар ч үзэлцэж байсан бөгөөд New Japan Pro-Wrestling холбоог эзэмшиж байлаа. 1976 онд АНУ-ын дэлхийн аварга боксчин Мохаммед Алитай холимог тулааны дүрмээр үзэлцэж байсан.
Мөн Хойд Солонгост мэргэжлийн бөхийн хоёр шоу зохион байгуулсан нь 160 мянга, 190 мянган үзэгчтэйгээр мэргэжлийн бөхийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээнд бичигдсэн. 1989 онд Персийн буланд япон иргэд алан хядагчдад барьцаалагдахад Иноки Иракт очиж, Саддам Хусейнтэй хэлэлцээ хийн, суллуулж байлаа. Дараа нь улстөрд орж, 1995, 2013 онд Японы парламентад сонгогдож байлаа.
Сэтгэгдэл ( 0 )