Халимд залгиулсан хүн амьд гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

АНУ-д хавч агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг Майкл Пакард гэгч эрэгтэй өөрөө далайн амьтны хоол болох дөхжээ. Тэрбээр халимын аманд орсон ч азаар халим түүнийг нулимж, гаргасан байна. Азтай эр өвдгөө л гэмтээсэн байна.

56 настай далайчны хэлснээр, тэрбээр баасан гарагийн өглөө Массачусетс мужийн Кейп Код хойгийн эргээс өөрийнхөө завьтай далайд гарчээ. Цаг агаар дулаан, салхигүй байсан бөгөөд харагдах орчин ч мөн сайн байсан гэнэ. Хавч түүхээр шумбах хэрэгсэлтэй усан доор орсон даруйд хүчтэй түлхэлт мэдэрч, гэнэт хав харанхуй болсон байна.

“Би хөдөлгөөн мэдэрч, халимын булчин нь чангарч буйг мэдэрсэн” гэж Пакард эмнэлгээс гараад “Cape Cod Times” хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьжээ. Пакардын дурссанаар, тэр эхлээд аварга загасны аманд орсон гэж боджээ. Тэмтэрч үзэхэд шүд байгаагүй тул халим гэж толгойд нь орж ирсэн байна. Тэрбээр ингээд л үхлээ гэсэн боджээ. Тэрхэн зуур түүний эхнэр, 12 болон 15 настай хоёр хүүгийнхээ талаар бодсон гэж болсон явдлын талаар өгүүлсэн байна.

Аймшигт 30-40 секунд

Энэ үеэр халим толгойгоо сэгсэрч, усны гадаргуу руу гарч, аманд тээглэсэн хүнийг нулиман гаргасан байна. Пакард халимын аманд 30-40 секунд байсан гэж тооцоолжээ.

“Гэнэт гэрэл гарч, халим толгойгоо сэгсэрч эхэлсэн. Тэр үед би эрх чөлөөтэй болсноо ойлгосон гэж Пакард дурсжээ. Завинд хамт явж байсан түүний нөхөр Пакардыг уснаас татан авч, аврах баг дууджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ба ноцтой гэмтэл байгаагүй тул мөн өдөр нь эмнэлгээс гаргажээ.

Бөгтөр халим дунджаар 15 метр урт, 36 тонн жинтэй байдаг байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээллээр, өдгөө дэлхийд нийт 60 мянга орчим бөгтөр халим байдаг. Энэ төрлийн халим хооллохын тулд амаа том ангайн, аманд нь орсон загасаар хооллодог. Харин загастай хамт хүн орсон нь туйлын ховор тохиолдол гэж нутгийн халим судлаач Жук Роббинс тайлбарлажээ.

Майкл Пакард 40 жил Кейп Код хойгийн эрэг дагуу хавч агнуурын ажил эрхэлсээр иржээ. Болсон явдлын дараа эхнэр нь мэргэжлээ солихыг зөвлөсөн ч тэрбээр дуртай ажлаа үргэлжлүүлэх бодолтой байгаа гэнэ.

Бөгтөр халим

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top