Испанийн баг Пике, Рамос, Бускетсгүй тоглож “сурч” байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Испанийн багийн дасгалжуулагч Луис Энрике Евро-2020-гийн шигшээдээ Мадридын Реал багийн нэг ч тоглогчийг аваагүй. Барса багаас ч цөөхөн тоглогч ирсний нэг болох багийн шинэ ахлагч Бускетс тэмцээний яг өмнөхөн ковид туссан билээ. Сүүлийн арван хэдэн жил дэлхий, Европт эзэгнэхдээ дээрх хоёр багийн лидерүүдийн хүч зүтгэлээр явсан испаничууд энэ удаад өөр багийн өөр тоглогчдоор хүч үзэж байна.

Энэ тоглолтын өмнө Польшийн баг Словакт ялагдсан байлаа. Тиймээс Швед ч гэсэн Испанитай сайн тоглохгүй бол хэсэгтээ хомоол хамах аюултай. Хоёр багийн тоглолт шинжээчдийн таамаглаж байгаагаар болсон. Испаничууд бөмбөг эзэмшин довтолно, шведүүд хамгаална, сөрөг дайрна.
 


Тоглолтын 85 хувьд Испани бөмбөг эзэмшсэн байлаа. Энэ бол Европын АШТ-ий рекорд амжилт. Гэхдээ бөмбөг удаан эзэмшлээ гээд испаничууд гоол хийж чадсангүй. Эхний үед тэдэнд хэд хэдэн гоол хийх боломж гарсан. Ольмогийн аюултай цохилтыг Ульсен хаасан бол  Коке, Мората хоёр сайхан байрлалаас бөмбөгийг торонд оруулж чадсангүй.
 


Хоёрдугаар үед шведүүд улам итгэлтэй хамгаалж эхэлсэн. Тоглолтын сүүлийн хэдэн минутад л хамгаалалт сууж эхэлсэн ч амь биеийг үл хайрлан тэмцсээр тэнцэж чадлаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Шведийн хаалгач Ульсен шалгарлаа. Испаничууд нийт 853 дамжуулалт өгсний 849 нь буюу 89 хувь нь оновчтой байсан байна.

Ийнхүү Шведийн баг маш чухал тэнцээ авлаа. Дараагийн тойрогт Испани заавал ялахын тулд хичээх бол Швед нэг ялахад л плей-оффт шалгарах нь ойлгомжтой болоод байна.
 


Испани – Швед 0:0 (0:0, 0:0)

Ла Картуха

Испани – Унаи Симон, Льоренте, Лапорт, Пау Торрес, Альба, Коке (Фабиан Руис, 87), Родри (Тиаго Алькантара, 66), Педри, Ферран Торрес (Ойарсабаль, 74), Мората (Сарабия, 66), Ольмо (Жерар Морено, 74).

Швед – Ольсен, Люстиг (Крафт, 75), Линделеф, Даниэльссон, Аугустинссон, Ларссон, Ольссон (Каюсте, 84), Экдаль, Форсберг (Бенгтссон, 84), Берг (Квайсон, 69), Исак (Классон, 69).

Шар хуудас: Люстиг (55).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top