Евро 2020: Франц Үхлийн хэсэгт Германыг яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Европын аваргын тэмцээний Үхлийн хэсэг хэмээн нэрлэгдэж байгаа F хэсгийн эхний тойргийн тоглолт өчигдөр шөнө явагдлаа. Франц, Германы тоглолтын өмнө Роналдугийн Португал Унгарыг 3:0 бут ниргээд байв. Энэ хэсэгт хомоол хамах багаар нэрлэгдсэн Унгарыг томчууд хэдэн гоолын зөрүүтэй хожих нь хэсэг тэргүүлэхэд тун чухал тул португалчууд эхний үүргээ амжилттай биелүүлсэн хэрэг байлаа.

Хэсгийн гол фаворит Франц, Германы баг эхний тойрогт учраа таарсан. Оливье Жиру, Килиан Мбаппе нар тэмцээний өмнө санал зөрөлдсөн сураг гарсан ч Францын довтолгооны төвд Карим Бензема эргэн ирсэн нь илүү сонирхол татаж байв. Карим бол торгуулийн талбайд бөмбөг хүлээх биш өөрөө ухарч бөмбөг аваад довтолгоог эхлүүлж чаддаг, холоос ч цохидог довтлогч.

Германы баг мөн “эргэн ирэгчидтэй”. 2018 оноос хойш шигшээд дуудагдаагүй Матс Хуммельс, Томас Мюллер нар дахин багтаа тоглосон, гараанд гарсан.

Тоглолт эхлээд Германы баг эхний гурван минут бөмбөгөө алдалгүй эзэмшиж, мөргөлтөөр довтолгоогоо өндөрлүүлж чадсан. Ер нь эхний 10 минут Герман давамгайлсан. Дараа нь францчууд бага багаар санаачилгыг авч эхэллээ. Хурдтай Мбаппе, хүчирхэг Бензема, ухаалаг Гризманн нар урд тоглож байхад ямар ч сөрөг довтолгоо аюултай.

Тоглолтын 20 дахь минутад Поль Погбагийн баруун жигүүрээс өгсөн хэт оновчтой дамжуулалт хурдаа авсан Лукас Эрнандесийн яг л өмнө нь очих аж. Эрнандесийн зүүн жигүүрээс Мбаппед өгсөн дамжуулалтыг Хуммельс тасалсан ч өөрийнхөө хаалганд оруулж орхилоо.

Яарах, сандрах хэрэггүй Францын шигшээ санаачилгыг германчуудад өгөөд сөрөг довтолгоо хийх боломжоо хүлээж эхлэв. Үүнээсээ болж хэд хэдэн удаа аюултай байдалд орсон ч ажилсаг Нголо Канте урд хойно, хаа сайгүй амжиж гүйсээр байдлыг намжааж байв. Энэ үед Тони Кроосын хоёр торгуулийн цохилт, Томас Мюллерийн далий мөргөлт л Германы багийн аюултай довтолгоо байлаа.

Хоёрдугаар үед Германы баг тооны зөрүүг арилгахаар хурдаа нэмлээ. Уго Льорисийн талбайд хоёр жигүүрээс дамжуулалт ээлж дараалан орж байсан ч тэрийг нь ашиглах довтлогч байсангүй. Магадгүй Баваригийн Сержи Гнабри, Мюллер, Йозуа Киммих нарт багийнх нь Роберт Левандовски үгүйлэгдсэн биз. Харин Францын Мбаппед ПСЖ-гийн анд Неймар нь дутагдаж байв. Неймар хэд хэдэн хамгаалагчийг өөртөө татаад Мбаппед хурдаа ашиглах зай гаргаж өгдөг ч энэ удаад Гризманн хамгаалалтад их гүйж байлаа. Гэхдээ Мбаппе хоёр сайхан боломж гаргаж чадсан. Бенземад дамжуулж, Карим гоол хийсэн ч отон тоглолтоор тооцогдоогүй, нэг удаа ганцаараа сайхан гарсан ч хамгаалагч түүнийг тасалж чадсан.

Германы баг сэлгээ хийлгүй их удсан. Гэхдээ гарч ирсэн Тимо Вернер, Лерой Сане хоёр довтолгоог сайжруулсангүй, найман минут нэмээд ч тус болсонгүй.

Шилдэг тоглогчоор Францын Поль Погба шалгарлаа. Түүний бөмбөг барих чадвар, оновчтой дамжуулалтууд үнэхээр сайн байлаа.

Франц – Герман 1:0 (1:0, 0:0)

Альянц-Арена

Гоол: 1:0 – 20, автогол Хуммельс.

Франц – Льорис, Павар, Варан, Кимпембе, Люка Эрнандес, Погба, Канте, Рабьо (Дембеле, 90), Гризманн, Бензема (Толиссо, 89), Мбаппе.

Герман – Нойер, Гинтер (Джан, 87), Хуммельс, Рюдигер, Киммих, Гюндоган, Кроос, Гозенс (Фолланд, 87), Хавертц (Сане, 74), Мюллер, Гнабри (Вернер, 74).

Шар хуудас: Киммих (7).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top