Хойд Солонгосын Засгийн газраас тамирчдаа цар тахлын улмаас Токиогийн олимпод илгээхгүй гэдгээ зарласан. Тиймээс ОУОХ-ноос тус улсын авсан олимпын эрхийг бусад орны тамирчдад хуваарилахыг спорт холбоодод үүрэг болгосон юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Хойд Солонгосын чөлөөт бөхийн төрлөөр авсан хоёр эрхийг Эквадор, Румыний бөхчүүдэд олгох болсноо зарлалаа.
Хойд Солонгос эмэгтэй төрлөөр олимпын хоёр эрхтэй байсан. Хамгийн харамсалтай нь 53 кг-ийн жинд 2019 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга, Азийн гурван удаагийн аварга Пак Ён Ми олимпод оролцохгүй болсон явдал байлаа. Түүний оронд Эквадорын Луиза Вальверде Мелендрес Токио явах болсон.
Эмэгтэй 62 кг-д Азийн наадмын хүрэл медальт Рим Йонг Сим Нур Султаны ДАШт-д зургаадугаар байр эзэлж, олимпын эрхээ авсан байсан. АНУ, Украины бөхчүүд түүний дараа бичигдсэн байсан ч бүгд эрхээ авчихсан тул Румыний Кришта Инче Токиог зорих азтан боллоо.
Токиогийн олимпын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 1-нд Токио хотын Makuhari Messe ордонд эхлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )