Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт бөхийн дасгалжуулагч О.Мөнхбат Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдлаа.
Чөлөөт бөхийн ертөнцөд Хар Мөөеө нэрээр алдаршсан түүний хөдөлмөрийг хэзээ үнэлэх бол гэж олон хүн, олон жил хүлээж байсан. Цагаан сар, наадам, ойн баярууд болохоор бүгд түүнийг энгэрээ цоолно гэж найдаж, хүлээж суудаг байлаа.
1990-өөд оны сүүл, 2000-аад оны эхээр Монголын чөлөөт бөхийн нэрийг дэлхийн дэвжээнд О.Мөнхбат багш, түүний шавь нар гаргаж байсан гэхэд болно. Дэлхий тив, олон улсын тэмцээнд найдвар алддаггүй Ооскагаа дагуулаад явна, хоёулаа медаль аваад л ирнэ.
О.Мөнхбат бол Болгарын Софи хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн жинхэнэ мэргэжлийн хүн. Төгсөж ирээд Залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаад Х.Баянмөнх аваргын байгуулсан Шонхор спорт клубын ахлах дасгалжуулагч болсон. 2004 оны Афины олимпын наадамд шигшээ багаа удирдан оролцож байлаа.
Түүний шавь нарыг тоолоод бичээд байвал барахгүй. Эхнээс нь дурдахад Ооска О.Пүрэвбаатар, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Ж.Намжилдорж, М.Баярсайхан, Ц.Цэрэнхүү, Эрдэнэбилэг гээд олимп, тив дэлхийд Монгол Улсын нэрийг мандуулж, цууриатуулж байсан олон шилдэг тамирчин бий.
О.Мөнхбат багш бас гадаад улсад урилгаар ажиллаж байсан легионер дасгалжуулагч. БНХАУ-ын Шяньшин мужийн Тайган хот, Лаос, Балба улсад ажиллаж, гадаад шавь нар нь улс, муждаа түрүүлжү үзүүрлэж байлаа.
Ингээд шинэхэн Гавьяатаас сэтгэгдлийг нь сонссон юм.
-Гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Бөх сонирхогчид маань энэ шагналыг маш олон жил хүлээлээ.
О.Мөнхбат – Бүгдэд нь баярлалаа. Өөр юу хэлэх вэ дээ.
-Та Болгарт төгсөж ирснээсээ хойш Шонхор клуб, Улсын шигшээ багт олон жил ажиллалаа. Шавь нар тань Монгол Улсын нэрийг мандуулж байсан, одоо ч мандуулсаар байна.
-Маш сайхан байна. Баярлалаа л гэж хэлье. Олон сайхан шавь надад бий. Намайг дэмждэг бүх хүмүүст бүгдэд нь баярлалаа. Ямар ч гэсэн авдаг л юм байна. Хөдөлмөрөө үнэлүүлдэг л юм байна.
Сэтгэгдэл ( 5 )