Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос Олон улсын олимпийн өдрийг угтан цуврал арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Үүний хүрээнд өчигдөр /2021.06.20/ “Олимпийн одод бидний бахархал” сэдэвт цахим ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтад “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, “Барселон-1992”, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт Д.Мөнхбаяр, “Рио-2016” олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нар оролцож, тамирчин сурагчидтай халуун дотно яриа өрнүүлэв.
Цар тахлын улмаас урт хугацааны турш хөл хорионд орж, танхимын хичээл, сургуулиасаа холдсон хүүхдүүдийн хувьд олимп, дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулсан алдартнуудтай цахимаар уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах нь томоохон завшаан байв. Тэд яг л “Олимпийн одод” шиг амжилт, ялалтын оргилд гарахаар тэмүүлж, хичээл номоо үзэн, бэлтгэл сургуулилтаа хийж буй хүүхдүүд. Тиймээс олимпийн медальтнуудын туулсан замнал, амссан туршлага, зөвлөгөө тун үнэтэй байсан нь гарцаагүй.
Цахим уулзалтын үеэр хүүхдүүд олимпийн медальтнуудын нууц авьяасыг илрүүлж чадав. Тухайлбал, Д.Отгондалай гавьяат хоол сайн хийдгээ хэлэв. Тэр ч байтугай хонь, үхэр хүртэл төхөөрч, янзалж чаддаг болохоо сонирхуулсан юм. Түүнчлэн “Олимп, дэлхийн аваргын аль нь хэцүү вэ” гэсэн А.Барсболдын асуултад П.Сэрдамба дэлхийн аваргыг онцлов. “Олимпийн наадамд ихэвчлэн нэгнээ сайн таньдаг, арга барилыг нь мэддэг тамирчид ирдэг. Харин ДАШТ-д хэний ч танихгүй “битүү морь” ирэх тохиолдол цөөнгүй. Сайн мэдэхгүй тамирчинтайгаа судалгаа хийлгүйгээр тулалдана гэдэг хэцүү шүү дээ” хэмээн ярилаа.
Түүнчлэн олимпийн медальтнууд амжилтад хүрсэн түүхээ хуваалцсан нь өсвөр тамирчдад үнэтэй сургамж болов. Тухайлбал, Д.Отгондалай “Гэр маань аймгийн төвөөс таван км зайтай. Би бэлтгэлдээ өглөө бүр гүйж очно. Энэ хугацаанд би өглөөний долоон цагийн бэлтгэлийг нэг ч удаа тасалж үзээгүй. Бэлтгэлээ тууштай, үнэнчээр хийсний ачаар өнөөгийн амжилтад хүрсэн болов уу” гэв.
П.Сэрдамбын хувьд боксын дугуйланд ороод удаагүй байхад Д.Ганзориг багш нь гурван сар бэлтгэлээ таслахгүй бол төлбөр авахгүй гэдгийг хэлжээ. “Бид тухайн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг байлаа. Би нэг ч удаа бэлтгэлээ тасалж үзээгүй” хэмээн П.Сэрдамба ярьж, залуу тамирчдад бэлтгэл сургуулилтдаа чин сэтгэлээсээ хандахыг зөвлөсөн юм.
Харин Д.Мөнхбаяр гавьяат “Би буудлагын спортод ороод 30 жил болжээ. Дунд нь шантрах тохиолдол гаралгүй яах вэ. Гэхдээ энэ спортоос авч буй эерэг мэдрэмжийг юутай ч харьцуулшгүй. Тиймээс хэдий хүнд байсан ч орхиж чадаагүй” гэсэн юм.
Ийнхүү олимпийн ододтой хийсэн сурагчдын уулзалт үр дүнтэй, найрсаг, дулаан уур амьсгалтай болж өндөрлөлөө. МҮОХ-ноос олимпийн өдрийг угтан зохион байгуулж буй арга хэмжээ 06 дугаар сарын 22-ны мягмар гарагт "Олимпизм - бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт цахим форумаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )