Замболат Тедеев: Абдулрашид Садулаев гэмтээгүй, эрүүл байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Энэ сарын 19-нд Италийн Сассарид болсон чөлөөт бөхийн тэмцээнд ОХУ-ын олимпийн багийн лидерүүд оролцсон. Дэлхийн хошой аварга Заурбек Сидаков, Заур Угуев, дэлхийн аварга Гажимурад Рашидов нар барилдсан ч Абдулрашид Садулаев мэдүүлэгт багтсан ч барилдаагүй билээ. Тиймээс Абдулрашид Садулаев гэмтэлтэй байгаа гэсэн яриа гарсан юм.

ОХУ-ын багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеев энэ бүх асуултад хариу өглөө.

Тэрээр “Юуны өмнө хэлэхэд манай багийн ахлагч Абдулрашид Садулаев гэмтээгүй, эрүүл саруул байгаа. Итали явахын өмнөхөн ханиад хүрээд, бие нь агзайж, дагжаад байна гэсэн тул түүнийг оролцуулахгүй байхаар шийдсэн. Тэр эдгэрсэн тул энэ сарын 25-27-нд болох Али Алиевийн нэрэмжит тэмцээнд оролцоно. Италид Заур Угуев, Гажимурад Рашидов хоёр жин өгсөж барилдлаа. Одоо хамгийн чухал зүйл бол барилдааны мэдрэмжээ сайжруулах явдал. Тэднийг одоо жин хасуулах гэвэл алдаа болно. Харамсалтай нь тэмцээнд цөөхөн бөх орсон тул барилдаан  цөөхөн гарлаа. Гэхдээ зорилго биелсэн. Бүх тамирчинд эсрэг биет тогтсон байна. Ойрын 14 хоног   Кисловодск хотод цугларалт хийнэ. Дараа нь Владивостокт сүүлийн бэлтгэлдээ гарч, тэндээсээ Япон явна. Олимпын шигшээ багийг энэ цугларалтын дараа зарлана” гэж сэтгүүлчдэд ярьлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top