Бөхийн гүрэн Иран улс 2016 оны Риогийн олимпийг 5 медальтай (чөлөөт бөхөд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, сонгомолд 2 хүрэл) өндөрлүүлсэн. Тэр таван бөхөөс ганц Хасан Яздани л Токиогийн олимпод оролцоно. Түүнээс бусад нь анх удаа олимпод оролцох юм.
Токиогийн олимпод оролцох Ираны шигшээ баг
57 кг - Реза АТРИ
Дэлхий, Азийн аварга Хасан Рахимигийн дараа Реза Атри 57 кг-д Ираны шилдэг бөх нь болсон. Тэр олимпийн эрхээ 2019 оны Нурсултаны ДАШТ-д тавдугаар байр эзлэн авсан билээ. Атри сонгон шалгаруулалтад залуу бөх Рахман Халилиг ялж, шигшээд багтсан.
2018 оны Азийн наадмын хүрэл, 2019 оны Азийн аварга, 2017 оны Азийн аваргын хүрэл медальт, 2015 оны Цэргийн наадмын хүрэл медальт. 26 настай.
65 кг - Мортеза ГИАСИ
Амир Мохаммад Яздани эрхийн тэмцээнэс олимпын эрх авсан ч сонгон шалгаруулах барилдаанд Мортеза Гиасид ялагдсан. 2021 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Гиаси сонгон шалгаруулах барилдаанд Язданиг ялсан юм.
74 кг - Мустафа ХОССЕЙНХАНИ
Ираны бөхийн холбооноос энэ жинд хоёр бөхөө Польшийн нээлттэй тэмцээнд илгээж, хэн сайн барилдсаныг нь Токиод явуулах шийдвэр гаргасан. 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Хоссейнхани, 2019 оны ДАШТ-ий 70 кг-ийн жингийн хүрэл медальт Юнес Эмами нар байлаа. Польшийн тэмцээнд тэд хоорондоо таараагүй. Эмами бол Азийн эрхийн тэмцээнээс Иранд олимпын эрх авчирсан бөх. Гэвч тэр Польшийн тэмцээнд Азербайжаны Хажимурад ГАЖИЕВТ ялагдсан. Харин Мустафа азербайжан бөхийг хагас шигшээд ялснаараа Токиод явах эрхтэй болжээ.
Хоссейнхани бол дэлхийн хүрлээс гадна Азийн хошой аварга, хос хүрэл медальтай, Исламын наадмын аварга бөх. 32 настай.
86 кг - Хасан ЯЗДАНИ
Ираны супер од Хасан Яздани Токиод Ираны анхны олимпын хошой аварга бөх болох бололцоотой. Гэхдээ Яздани бусдын адил сорилго барилдаанд орж, Азийн хошой аварга Камран ГАСЕМПУР-ыг ялж, шигшээд орлоо.
Яздани 2016 оны олимпын аварга, дэлхийн хошой аварга (2017-2019), дэлхийн мөнгө, хүрэл медальтай, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Исламын орнуудын наадмын аварга. 27 настай.
97 кг - Мохаммад Хоссейн Мохаммадиан
Энэ жинд гурван бөх өрсөлдсөн. Ираны бөхийн холбооноос Польшийн тэмцээнд 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Мохаммад Хоссейн Мохаммадиан, дэлхийгээс гурван медаль хүртсэн Алиреза КАРИМИ, энэ жилийн Азийн аварга Али ШАБАНИ нарыг илгээж, хэн амжилттай барилдсаныг нь Токиогийн шигшээд оруулах болсон. Мохаммадиан хоёр өрсөлдөгчөө ялж, олимпын эрхээ авсан юм.
2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Дэлхийн Цомын аварга, 2015 оны Азийн аварга, 2013 оны Универсиад наадмын хүрэл медальт. 28 настай.
125 кг - Амир Хоссейн Заре
Мөн л Польшийн олон улсын тэмцээнд сонгон шалгаруулалтаа хийсэн. Амир Каре, Амин Таери хоёрын тус тэмцээнд хэн илүү барилдсан нь шигшээд багтах байв. Заре тэмцээнд түрүүлж, Токио явах эрхтэй болсохн.
Амир Заре U23 дэлхийн аварга, 20 настай.
Сэтгэгдэл ( 0 )