Франц OUT, Швейцар УРАГШАА

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Өчигдөр шөнө явагдсан Евро-2020 тэмцээний хоёр тоглолт хөлбөмбөг хэмээх спортын ямар сонирхолтой, яагаад дэлхийд хамгийн олон хүн шимтэн үздэгийг яруу тодоор харуулж өглөө. Европын аварга, дэлхийн аварга багууд ээлж дараалан гэрийн зүг одохоос өөр аргагүй болсон.   

Одоо л бид жинхэнэ Еврог үзэж байна. Өмнө нь хэсгийн тоглолтод гарсан тоглолтууд зүгээр л “өмнөх үг” байжээ. Хөлбөмбөгийн фэнүүд нэг өдөрт хоёр супер тоглолт үзэн, таашаал эдэллээ. Хоёр камбек, хоёр нэмэлт цаг, анхны пенальти. Швейцарын баг дэлхийн аварга Францыг буулган авсан тоглолтын он цагийн мөчлөгийг ахин нэг сонирхоцгооё.

Эхний үе дуусахад тооны харьцаа 1:0 Швейцар ялж байлаа. 15 дахь минутад Цуберийн өргөн өгсөн бөмбөгийг Сеферович мөргөн гоол оруулсан. Хамгаалагч Ланглег тэр цэцэрлэгийн хүүхэд мэт л аргалсан билээ.

Эхний үед францчууд хариуг нь барих гэж оролдоод амжаагүй. Дасгалжуулагч Дешам нэг л стерсстэй байсан нь аянга буухыг зөгнөж байсан гэлтэй.

Хоёр дахь үе хөлбөмбөгийн түүхэнд үлдэхээр сайхан боллоо. Тоглолтыг хэд хэд хувааж болдог ч энэ тоглолтыг маш олон хувааж болно, баг тус бүр тав, таван минут тэсэрсэн гэхэд болох юм.

54:04 – Швейцарын тоглогчийг франц хамгаалагч торгуулийн талбайдаа унагаасан ч шүүгч тоглолтыг зогсоосонгүй. Францын баг маш хурдан сөрөг довтолгоо хийж, энэ удаад талбайн нөгөө хэсэгт Мбаппег унагаалаа. Шүүгч тоглолтыг зогсоож, ВАР үзэх болсноо зарлав. Мбаппе дүрэм зөрчин унагаав уу гэтэл швейцарчуудад пенальти өгчээ. Гоол хийхэд тооны харьцаа 2:0 болно. Ялалтын хувь заяаг шийдэх сайхан боломж. Гэвч хаалгач Льорис Рикардо Родригесийн цохилтыг хааж чадлаа.

56:24 – Карим Бензема торгуулийн талбайд дайран орж, гоол хийлээ.

58:07 – Ганцхан минутын дараа Мбаппе, Гризманн нарын довтолгооны эцэст Бензема мөргөж, ахин нэг гоол хийлээ. Хоёрхон минутын дотор тоо 1:2 болж өөрчлөгдлөө. Швейцарын баг шоконд орсон нь илт.

75.00 – Оновчтой дамжуулалт, уран хууралтаараа гялалзаж байсан Погба алсаас ерийн буланд зоолоо. Хаалгач Зоммерт хаах ямар ч боломж байсангүй. 1:3. Энэ удаад швейцарчуудын шок нь нокаут болон хувирсан нь гарцаагүй гэж цэнгэлдэхэд цугласан үзэгчид бодож байсан биз ээ. Францчууд тайвширч, өөртөө итгэлтэй, магадгүй бассан байдалтай болж ирлээ.

81:.00 - Харин хорватчууд хэрхэн эцсээ хүртэл үзэлцсэнийг нэг өдрийн өмнө үзсэн швейцарчууд бууж өгсөнгүй. Эхлээд Мбабугийн дамжуулалтаар Сеферович гоол хийж, 2:3 болгов.

Ганц гоолын зөрүүтэй болсон Францын баг сандарч эхэлснийнхээ төлөөсийг удалгүй авсан юм. Гавранович сүүлийн минутад холоос буланд маш оновчтой цохисноор 3:3 болгон тэнцүүллээ.

Нэмэлт цаг.

Энэ удаад швейцарчууд сэтгэл зүйн давуу байдалтай. Дешам ядарч цуцсан Бенземаг Жирүгээр сольсон ч тус болсонгүй, Зоммер ба түүний нөхөд хаалгаа манаж чадлаа.

Ингээд пенальтигаар ялагчаа тодруулах боллоо. Өнөөдөр нэг пенальти хаасан Льористой хашир туршлагатай Франц илүү мэт харагдаж байв. Гэхдээ Швейцарын баг тоглолтын өмнө пенальти цохих бэлтгэл маш их хийсэн байв.

Эхний 9 тоглогч гоолоо хийсэн бол хамгийн сүүлд цохьсон Мбаппегийн цохилтыг Зоммер хааж чадлаа.

Килиан Мбаппе Еврогоос нэг ч гоолгүй нутаг харьсан бол Швейцарын баг Испанийн багтаа тоглох, дахин нэг сэнсаац тарих бэлтгэлдээ орлоо. Тэд 1954 оны ДАШТ-ээс хойш том тэмцээний шөвгийн наймд шалгараагүй байгаа билээ.

Франц – Швейцар 3:3 (0:1, 3:2, 0:0, 0:0), пенальти - 4:5

Бухарест. Стадион "Национал". 22642 үзэгч.

Гоол: 0:1 – 15 Сеферович, 1:1 – 57 Бензема, 2:1 – 59 Бензема, 3:1 – 75 Погба, 3:2 – 81 Сеферович, 3:3 – 90 Гавранович.

Франц – Льорис, Варан, Кимпембе, Лангле (Коман, 46; Тюрам, 111), Павар, Погба, Канте, Рабьо, Бензема (Жиру, 94), Мбаппе, Гризманн (Сиссоко, 88).

Швейцар – Зоммер, Эльведи, Аканжи, Родригес (Мехмеди, 87), Видмер (Мбабу, 73), Цубер (Фасснахт, 79), Фройлер, Жака, Шакири (Гавранович, 73), Эмболо (Варгас, 80), Сеферович (Шер, 97).

Пенальти - 1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 4:5.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top