Одоогийн байдлаар Буриадаас Токиогийн олимпод оролцох нь баталгаатай болсон хоёр л тамирчин байна.
Энэ бол боксын Людмила Воронцова, байт харвааны Светлана Гомбоева хоёр юм.
Дээр нь нэмэгдэх хамгийн найдлагатай спортын төрөл нь эмэгтэй чөлөөт бөх. Уг нь Стальвира Оршуш олимпын эрх авсан бол Токио явах нь гарцаагүй байлаа. Гэвч тэр эрх авч чадаагүй. Харин Ольга Хорошавцева энэ боломжийг ашиглан, олимпын Эрх Орост авчирч чадсан юм. Тэр хоёрын хэнийг сонгохоо шигшээ багийн дасгалжуулагч нар ойрын хугацаанд зарлана. Буриад Чувашийг төлөөлдөг Вероника Чумикова 57 кг-д олимпын эрх авсан байгаа.
Эрэгтэй чөлөөт олимпын багаа зарласан. Харамсалтай нь буриад бөх багтсангүй. Алдарт Александр Богомоев бараг зодог тайлаад байгаа бол УАШТ-ий 70 кг-д Евгений Жербаев мөнгөн медаль авсан. Гэхдээ тэр олимпын жин 74 кг-д дэлхийн хошой аварга Заурбек Сидаковыг шахаж чадахгүй нь ойлгомжтой байсан. 125 кг-д Балдан Цыжиповт олимп явах боломж байсан ч тэр ашиглаж чадалгүй Осетийн залуу бөх Сергей Козыревт эрхээ алдсан билээ.
Дугуйн Марина Лиханова олимпод орох найдвар байсан ч сүүлийн УАШТ-д 23 дугаар байрт ороод шигшээ багаас хасагдсан.
Волейболын Хара Морин багийн уугуул Тамара Зайцева ОХУ-ын шигшээ багт дуудагдсан ч сүүлийн долоон тоглолтод оролцсонгүй.
Сэтгэгдэл ( 0 )