Үгээгүй ядуугаас өндөрлөгт хүрсэн Ромелу Лукаку

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

“Бид маш ядуу байсан болохоор ээж минь сүүнд ус нэмж, хольдог байлаа” Ромелу Лукакугийн түүх ингэж эхэлнэ. Хэрэв Бельги дэлхий, Европын аварга болох юм бол Лукакугийн ачаар л аварга болно гэж хэлэх хүн олон бий. Аварга том биенээс гадна өгөөмөр том зүрхтэй энэ эрийн түүх үгээгүй ядуу ч өндөрлөгт хүрч болохын яруу тод жишээ юм.

Ромелу Лукаку конго гаралтай. Тэрбээр Бельгийн Антверпенд төрсөн бөгөөд цагаачдын хүү. Тэдний гэрбүл үргэлж ядуу зүдүү байсан, гэхдээ зарим үед бүр үгээгүй ядуу болдог байлаа.

Ромелу энэ байдлыг 6 настайдаа анх ойлгосон юм. Ээж нь өдөр бүр ижилхэн өдрийн хоол бэлтгэнэ. Талх, сүү. Ромелу өөр зүйл идэхийг хүслээ ч энэ бол тэдний авч чадах цорын ганц хоол гэдгийг ойлгож байв.

“Тэр өдөр би гал тогооны өрөөнд ороход ээж хөргөгчний дэргэд сүү бариад зогсож байлаа. Байнгын л явдал, гэхдээ тэр удаа ээж сүүнд ус хольж байсан юм. Ээж юу ч болоогүй юм шиг инээмсэглээд сүү, талх авчирсан ч би түүнийг яаж байсныг харчихсан байлаа. Манайх ядуу биш бүр хоосон ядуу байлаа” гэж Лукаку дурсана.

Ромелу тийм болохоор л Бельгийн шилдэг хөлбөмбөгч болно гэсэн зорилгоо биелүүлэх гэж хамаг чадлаараа зүтгэж байв. Сайн биш, агуу хөлбөмбөгч ч биш Шилдэг нь болох.

“Би маш ууртай тоглодог байлаа. Гэрээр гүйлдэх хулгануудад уурлаж, Аваргуудын лигийн тоглолт үзэх боломжгүй учраас, бусад хүүхдийн эцэг эх намайг хялайн хардгийн учир би ууртай ширүүн тоглодог байсан”

Түүний амьдралын хамгийн ойр дотно хүний нэг нь ээжийнх нь аав буюу өвөө нь байв. Өвөө Конгодоо үлдсэн байлаа. Нэг удаа өвөөтэйгээ утсаар ярьж байгаад Лукаку “76 гоол оруулсан. Хөлбөмбөгийн багууд намайг сонирхож эхэлсэн” гэж ярьжээ. Өвөө нь түүнтэй хөлбөмбөг ярих дуртай ч энэ удаад нэг л өөр байв.

“Өвөө надаас “Чи надад нэг тус хүргээч” гэж хүссэн. Мэдээж би за гэж хариулсан. Харин өвөө “Чи миний охиныг сайн харж хандаарай” гэж гуйлаа. Би эхлээд ойлгохгүй “Таны охин гэж ээж үү? За би харж хандана” гэтэл өвөө “Чи амла. Охиныг минь сайн асрана гэж амла. Миний өмнөөс түүнийг харж хандаарай” гэж билээ. Би амалсан. 5 хоногийн дараа өвөө нас барахад л би түүний хэлсэн үгийн утгыг бүрэн ухаарсан юм даа.

“Өвөөгөө дурсахад хэцүү байдаг. Тэр дахиад 4 жил амьдарсан бол намайг “Андерлехт”-д тоглож байхыг харах байлаа. Харамсалтай. Намайг амлалтаа биелүүлснийг өвөө минь мэдсэн бол баярлах сан. Одоо гэрбүл нь, охин нь санаа зовох юмгүй гэдгийг тэр мэдээсэй гэж би хүсч байна”

Ромелу 16 насныхаа төрсөн өдрөөр “Андерлехт” багтай гэрээ байгуулсан. Ингээд тэр өөртөө FIFA компьютер тоглоом авч, гэртээ кабелийн суваг тавиулж байв.

Тэр улирал Бельгийн АШТ-д “Андерлехт”, “Стандарт” багууд оноо тэнцэн, халз хоёр тулаан хийхээр болоод байлаа. Эхний тоглолтыг Ромелу гэртээ зурагтаар үзсэн бол хоёр дахь тоглолтоос нэг хоногийн өмнө дасгалжуулагч утасдаж, “Хурдан хүрч ир. Чи энд хэрэгтэй байна” гэж дууджээ. Цаашдаа бүх юм зүүдэн дунд мэт өнгөрсөн гэдэг. Аавдаа намайг дуудлаа гэж хэлээд цэнгэлдэхэд гүйн очиход туслах дасгалжуулагч ямар дугаар авах вэ гэж асуугаад л нэг мэдэхэд багийнхаа автобусанд суучихсан байлаа.

“Цэнгэлдэхийн өмнө автобус зогсон бүгд гарахад надаас бусад нь бүгд костюмтэй. Би бэлтгэлийн хуучин хувцастай гараад иртэл бөөн камер. Хувцас солих өрөө хүртэл 300 метрийн зайд 3 минут хэртэй камер шажигнаж билээ. Зурагтаар харсан найз нөхөд утасдаж, би хамгийн сайн найзынхаа л утсыг аваад “Бро, юу болж байгааг би ойлгохгүй байна. Тоглохгүй байж ч магад, гэхдээ чи зурагтаар үзээрэй” гэж хэлсэн”

Ромелу “Андерлехт”-ийн үндсэн бүрэлдэхүүнд 16 нас 11 өдөртөө байхдаа тоглосон юм. Тэр өдөр баг нь ялагдсан ч Ромелу маш их баяртай байлаа. Учир нь тэр өвөөдөө өгсөн амлалтаа биелүүлж чадна гэдгээ тэр өдөр ойлгосон юм.

Ромелу католик шашинтан. Өглөө бүр 8 цагт босож, мөргөл үйлдээд ээжрүүгээ утасдаж, ямар нэг юм хэрэгтэй эсэхийг асуудаг. Дараа нь аавтайгаа утсаар яриад бэлтгэлдээ явна. Тэр шөнийн клуб, цэнгээний газраар явдаггүй.

“Намайг сайн хөлбөмбөгчөөр минь хүмүүс мэддэг байгаасай. Түүнээс биш цэнгээний газар хэсэн, хүмүүсийг оргилуун дарсаар дайлдаг хүн гэж бүү дурсаасай гэж би хүсдэг”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.125) 2021 оны 07 сарын 03

Бельги финалын 4 т үлдэж чадсангүй дэн. Гэртээ харьдаа Лукаку.

0  |  0
Top