"ТОКИО-2020" Монголын баг тамирчид цахимаар уулзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 03

 “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчидтай хийх цахим уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, ОУОХ-ны гишүүн, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон албаны хүмүүс, спорт холбоодын төлөөлөл, эрхээ авсан тамирчид оролцов.

Токиогийн олимп бол коронавирусийн цар тахлын үеэр зохиогдож буй гэдгээрээ онцлог. Зохион байгуулах хорооны зүгээс Японд шинээр илрэх халдварын тоо өдөрт 100-гаас дотогш байвал олимпийн наадамд оролцогчдод эрсдэл бага үүснэ хэмээн анх тооцоолсон. Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянгаас буухгүй байгаа. Өнөөдөр л гэхэд 1746 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс олимпийн наадамд оролцогчдыг эрсдэлээс хамгаалахын тулд халдвар хамгааллын хатуу чанга дүрэм журам боловсруулсан юм. Энэ бүхнийг баг тамирчдадаа танилцуулж, олимпод оролцох үеэрээ юунд анхаарах ёстойг сануулж анхааруулах нь энэхүү цахим уулзалтын гол зорилго байв.

Тамирчид цаг уурт дасан зохицох, бэлтгэл хийх зорилгоор тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө тамирчдын тосгонд байрлах боломжтой бөгөөд тэмцээн нь дууссан бол 48 цагийн дотор тамирчдын тосгоныг орхих ёстой гэсэн журмыг зохион байгуулагчид гаргасан байна. Мөн нийтийн тээврийн унаа огт хэрэглэхгүй, зөвхөн албан ёсны тээврийн хэрэгслээр маршрутын дагуу үйлчлүүлэх, олон хүнтэй газарт очихгүй байх, зөвшөөрөгдсөн газруудад хүн хоорондын зай хамгийн багадаа 1 метр байх, эрүүл мэндийн байдлыг мэдээлэх тусгай апп-ыг гар утсандаа суулгасан байх, баг тамирчид өдөр бүр биеийн халуунаа үзэж апп дээр бүртгүүлэх, Япон улсад ирэхээс 96 болон 72 цагийн дотор хоёр удаа Ковид-ын шинжилгээ өгсөн байх, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, хооллох, унтахаас бусад үед тогтмол маск зүүх гэх зэргээр журамлажээ.

Эдгээр журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тэмцээн уралдаан болох заал танхимд нэвтрүүлэхгүй байх, зарим тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй байх, давтан зөрчил гаргасан тохиолдолд олимпийн наадамд оролцох эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Мөн мэдээж коронавирусийн халдвар авсан тохиолдолд тэр даруй тусгаарлаж, тэмцээнээс шууд хасагдсанд тооцох юм. Тиймээс тамирчид олон жилийн хөдөлмөрөө хайран болгохгүйн тулд дүрэм журмыг сайтар мөрдөх шаардлагатайг албаныхан сануулж байв.

МҮОХ, БТСУХ-ны зүгээс баг тамирчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнд хамруулах, нислэгийн хуваарийг зөвшилцөн батлах зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснийг танилцуулав.

“Энэ олимпийн наадамд бидний гол өрсөлдөгч коронавирус байх болно” хэмээн олимпийн аварга Э.Бадар-Ууган уулзалтын төгсгөлд дахин санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top