Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн, 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгээр найман шарга морь хөлөглөн, одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж, шар тосонд хайлуулсан хэмээн үздэг. Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морьдыг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй.
Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан.
Энэ талаар Zindaa.mn сайт 2018 оны тавдугар сард цуврал гурван сурвалжилга хийж, сурвалжилгын мөрөөр зарим хэвлэлүүд ч мэдээ, мэдээлэл хийж байв.
Эцэст нь, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Дондогдулам хатны бунхан дээр олгосон газар эзэмших эрхийг цуцалсан билээ.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онд авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн юм.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс өчигдөр /2021.07.06/ өгч буй мэдээллээр Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлжээ.
Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ш, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхэгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон байна. Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд байсан аж.
Уг суварга нь бидний сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлүүдийн нэг болох Брадигабудын суварга хэмээх төрөлд хамаарна.
Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа өргөсч,11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.
Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хэлж буйг дахин сануулъя.
Дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Дондогдулам хатантан муухай, сэжиг хүрмээр. Яр, тэмбүүтэй байсан гэдэг.
Муу золбин,хорон санаатай гарч ирсэн ардчиллаас болж бүх зүйл эзэнгүй, замбараагүй болсон 90-ээд оноос хойш хэдэн арван мянган түүхэн дурсгал, олдворууд гаад руу, тэр дундаа хятад руу гарсан. Тэр бүх үнэ цэнэтэй олдворыг үхэж далд орсон ардчилсан нам, ардчилагчдаар төлүүлэх ёстой.