Манай сайтад Шарга морьт дахь Дондогдулам хатны чандрыг өргөсөн гэх газрыг хүмүүст худалдчихлаа гэсэн мэдээлэл ирсэн дагуу асуудлыг сурвалжилсан. Уншигч та бүхэн “Монгол төрийн сүүлчийн хатны “бунхан”-ы газрыг худалдсан мөрөөр... /Цуврал-1/, “Дондогдулам хатны цогцсыг хайлуулсан газар Соёлын өвд бүртгэлтэй” /Цуврал-2/” сурвалжлагыг санаж байгаа байх. Бид энэ удаа тухайн асуудлаар газрын алба болон түүх, соёлын өвийг албан ёсоор хариуцдаг байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас мэдээлэл бэлтгэлээ.
Нэн түрүүнд уншигч танд таатай мэдээ хүргэхэд холбогдох газрууд Монгол төрийн сүүлчийн хатан, Төрийн Эх Дагина Дондогдуламын дурсгалт газрыг иргэдэд эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож, хамгаалалтад авахаар боллоо.
Бид 2018.05.16-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн байран дээр очив. Тус дүүргийн газрын алба хоёрдугаар давхарт 202 тоотод үйл ажиллагаа явуулдаг аж. Дотогш ороход иргэдэд үйлчлэх цонхууд дээр үйлчлүүлэгч байх бөгөөд газартай холбоотой түмэн зүйлийн мэдээллийг мэргэжилтнүүдээс авч байна.
Харин бидний гол зорилго болсон “мэдээлэл”-ээ олж авах тус дүүргийн газрын албаны дарга Д.Сугар яам дээр хуралтай гээд байхгүй байв. Холбогдох мэргэжилтэн нь “Дондогдулам хатны асуудлаар уу? Гурав дахь сурвалжлагыг газрын албанаас гэсэн байсан” гэсээр угтлаа. Улмаар мэдээлэл авахыг хүсэхэд “Бид дээрээс зөвшөөрөөгүй тохиолдолд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Эрх бүхий хүмүүсээс нь тодруул” хэмээн эелдгээр татгалзсаар байв.
Гэвч асууж шалгаасны дүнд Дондогдулам хатны дурсгалт газар дээр үүссэн асуудлын дагуу хамтарсан ажлын хэсэг ажиллаж, газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор болсон гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ хүчингүй болгох захирамж хараахан гараагүй байгаа бөгөөд төслийг хуулийн хэлтэс нь шалгаж байгаа юм байна. Тус дүүргийн газрын албанд 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр 19-р хорооны удирдлага болон иргэдээс нь "Дондогдулам хатны хөшөөний хажууд хөрс хуулалт хийгээд байна." гэсэн дуудлага өгсөн байна. Үүнээс эхлэн хороо хариуцсан газрын мэргэжилтэн нөхцөл байдалтай танилцаж, ажиллаж эхэлжээ.
Яг энэ мэдээллийг баталгаажуулах үүднээс мэргэжлийн хүний амнаас гарсан үг хэрэгтэй байв. Иймд газрын албаны даргатай утсаар холбогдсон юм. Тэрбээр гадуур ажилтай байгаа учир өөрийг нь төлөөлөх хүндээ “мэдээлэл өг” гэдгийг хэлсэн гэв. Энэ дагуу тухайн өдрийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэх мэргэжилтэн н.Түвшинбаяраас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр Нийслэлийн газрын алба руу холбогдож ямар мэдээлэл өгч болох эсэх талаар асууснаар багахан хүрээнд мэдээлэл өгсөн юм.
н.Түвшинбаяр: Дондогдулам хатны дурсгалын газрын захирамжийг хүчингүй болгоно
-Дондогдулам хатны дурсгалын хөшөө бүхий газрыг яг хэдэн онд эзэмших эрхийг олгосон бэ?
- Нэр бүхий иргэдэд Дүүргийн засаг даргын 2015 оны захирамжаар газар эзэмших эрх өгсөн юм билээ.
-Тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2017 онд гарсан гэсэн мэдээлэл байна?
-2017 онд нэр бүхий иргэд хоорондоо газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр эзэмших эрх нь Дүүргийн Засаг даргын захирамжаар шилжигдсэн байгаа.
-Тухайн газрыг түүхийн дурсгалт газар гэдгийг газрын албаныхан анх зөвшөөрөл олгохдоо мэдэж байх ёстой байх. Тийм үү?
-Нийслэлийн газрын албанаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон хамгаалалтад бүртгэлтэй газруудыг бүртгэлжүүлдэг. Гэхдээ тухайн орчинд бол баталгаатай шийдвэр гарсан зүйл Дүүргээс болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүртгэлгүй байсан нь илэрхий харагдаж байгаа.
-Бүртгэлгүй байсан гэж үү? Соёлын өвийн төвөөс тодруулахад 2015 онд албан ёсоор өвд бүртгэж авсан гэсэн мэдээлэл өгсөн.
- Соёлын өвийн тухай хуулиар тухайн орон нутгийн удирдлага, засаг дарга, иргэдийн хурлаас тогтоол гаргаад энэхүү орчныг хэдэн метрийн хамгаалалтаар хамгаалах юм бэ гэдгээ координатжуулж, зурагжуулаад самбар байршуулах зэрэг ажлыг хийх үүрэгтэй юм билээ. Тэгэхээр тухайн үеийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас тийм ажил хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ер нь ямар тохиолдолд газрын кадастрын мэдээллийн санд хүмүүсийн ярьдагаар зураг яаж бүртгэгддэг вэ гэхээр заавал эх шийдвэрт үндэслэж бүртгэгддэг.
- Хатны дурсгалт газрыг хамгаалах асуудлаар тухайн 19-р хорооны удирдлага болон иргэд Дүүрэгтээ гомдол гаргасан байсан. Энэ тал дээр Дүүргийн газрын албаны зүгээс ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
- Дондогдулам хатны бунхантай холбоотой асуудлаар байгуулагдсан холбогдох ажлын хэсэгт хороо хариуцсан газар зохион байгуулагч ороод ажиллаж байгаа. Дүүргийн газрын албанаас эдгээр нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлчихсэн дүүргийн засаг даргын захирамжийг хүчингүй болгох төслийг бэлтгэсэн. Энэ нь одоо Дүүргийн Засаг даргын хуулийн хэлтэс дээр хянагдаад явж байна. Энэ захирамж маань бүрэн үндэслэлтэй явж байгаа учраас өмнөх захирамж хүчингүй болсныг олон нийтэд мэдээлнэ.
-Тэгэхээр 2015 оны захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь тогтоогдчихсон юм байна. Тиймээс хүчингүй болох нь тодорхой гэж ойлгож болох уу?
-Тийм. Үүнийг хэвлэл мэдээлэл болон танай сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэх саналтай байгаа.
-Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх авсан болон эрх шилжүүлэн авсан иргэд эргээд хохирч байгаа харагдаж байна. Энэ тохиолдолд иргэний хохирлыг аль газар хариуцаж барагдуулах вэ?
- Газрын тухай хуулиар иргэний эд хөрөнгийн маргаантай асуудал ерөнхийдөө шүүхээр шийдэгддэг. Засаг даргын шийдвэртэй холбоотой болон холбогдох асуудлаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн иргэдэд байгаа.
Ингээд бид СБД-ийн Газрын албанаас гараад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрыг зорихоор болов. Учир нь тус газар нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тиймээс ч Дондогдулам хатны дурсгалт газартай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулсан байлаа.
Бид “хоосон хаалга” мөргөхгүйн тулд мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан болох тус газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзултай утсаар холбогдлоо. Тэрбээр хуралтай байгаа тул хэсэг хугацааны дараа утсаар мэдээлэл өгье гэсэн юм. Энэ дагуу эргэж холбогдоход “Бид сайтдаа мэдээллээ байршуулсан. Тэндээс мэдээллээ авчих. Манай агентлагийн зүгээс асуудлын дагуу хийж байгаа ажил байгаа.” гэсэн юм.
Ингээд албан ёсны сайт руу нь орж харахад 2018 оны тавдугаар сарын 16-нд нийтлэгдсэн мэдээ байв. Албаны мэдээг ямар нэг засваргүйгээр сайтад нийтлэгдсэнээр нь хүргэе.
“Дондогдулам хатны дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалын талаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирсэн мэдээллийг үндэслэн Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн холбогдох мэргэжилтнүүд ажиллаж “Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцан дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлох”-оор ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Засаг даргын Захирамжийг цуцлах шийдвэрийг гаргах үндэслэлийг гаргаж өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гарган доорх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Соёлын өвийг хамгаалах хуулиар “Соёлын өвийг тухайн шатны Засаг даргын бүрэн эрхээр дүүрэг, нийслэл, улсын гэсэн гурван шатлалтай хамгаалалтанд авдаг” бөгөөд 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан Үл хөдлөх дурсгалын Улсын тооллогоор “Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ыг Нийслэлээс тоолж Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна.” гэжээ.
ЦӨӨН ҮГЭЭР: Зиндаа.мн сайт иргэний мэдээллийн дагуу Монголын хаант төрийн сүүлчийн Их Хатны тухай гурван цуврал сурвалжлыг хүргэлээ. Ямартай ч сурвалжлагын үр дүнд уншигч та эх түүхийнхээ салшгүй нэг хэсгийн талаар бяцхан мэдээллийг олж авч, мөнхүү тэр буйдхан “алга дарам” газар хамгаалагдаж, та бидний үр хүүхдэд түүх хуучлан хадгалагдан үлдэхийг мэдлээ. Ингэж өгүүлэхийн учир нь бид сурвалжлагаар явахдаа “Шарга морьт”-ын аманд байх тэрхэн Гэрэлт хөшөө бүхий газрыг тухайн бүст амьдардаг иргэд болон холбогдох албаны хүмүүсээс бусад жирийн иргэд мэддэггүйг харсан юм. Бүр тодруулбал “Хатны чандрыг өргөсөн газар” гэж байдгийг Улаанбаатар хотод 50 гаруй жил амьдарсан иргэн анх удаа сонсож байгаагаа хэлж байв. Иргэд “Дондогдуламын рашаан” гэхээс өөрөөр мэддэггүй ажээ. Түүх, соёлын дурсгалт зүйл бол мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнийг хадгалж, тухайн улс, үндэстэн оршин тогтнож байсан, цаашид оршихын баталгаа билээ. Тиймээс тэр л үнэт зүйлсээ үеийн үед дээдлэн, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хуульчлагдан бичигдээгүй хүн бүрийн жам ёсны үүрэг билээ.
Жич: Бид Газар эзэмшүүлэх захирамжийг цуцалсан шийдвэр гарсан даруйд эргэн мэдээлнэ.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
GOOD!
Rahmanir gej oroh orongui cagaach laliin shees chi yu hucaad bgaa Lalar ve? Vhmeer bnuu Lal er lalaraa!
Энэ яг Энэ авгайн бунхан шарил мөн гэдгийг хэн нотолхын та нар ңаад балиар тэмбүүтэй авгайн хүүрийн газрыг үхсэнд нь хамгаалаад байгахн тэнэг хүүр болсон Пязда богдын *** гичи
heevneg zuvshuurul uguud suuj baisan ter duurgiin zasag darga duraakad hariuzlaga toozoj ajilaas ni cholooloh heregtei,ter baagii azaartchihlaa ,odoo haana gazar olgoy do geed tolgoigoo gashilgaj suugaa
Setguulchid ingej l ajillah yostoi.