Парламентын “77 дахь ГИШҮҮН”

2021 оны 12 сарын 20

Дугуй шаргал царайдаа үргэлж инээмсэглэл тодруулж явах гялалзсан бор нүдтэй, нэгэн сэтгүүлч авхай байх. Тэр үсээ голоор нь хагалж, цэмцийтэл самнан, жавхаатал боочихно. Ихэнхдээ хүзүүндээ гоё гоё алчуур зүүж, пиджак, юбка өмсөх нь шавилхан биедээ зохимжтой гэж. Энэ нь түүний өөрөө ч мэдэлгүй өөртөө бүрдүүлсэн имидж. Өөрөө мэдэлгүй гэдэг нь тэр гоё ганган гэх загвар хөөцөлдөж, элдэв зүйлээр чамирхдаггүй, энгийн нэгэн. Хүмүүстэй харилцахдаа эвлэг, мэдлэг өргөн болоод ч тэрүү олон сонирхолтой зүйл ярьж, үе үе тас тасхийн цангинатал инээнэ.

Сэтгүүлчид түүнийг Они хэмээн авгайлдаг юм. Эцэг, эхээс оноосон нэр нь Оюунцэцэг л дээ. Би түүнд өөрийнх нь тухай бичил хөрөг бичих зорилготой байгаагаа хэлж, ярилцахыг хүслээ. Хүнийг байцааж явснаас хүнд байцаагдаж явсангүй гэж ихэд ичиж байна гэнэ. Хөргийн дүрээ хийсэн ажилтай, хэлэх үгтэй мундаг хүмүүсээс сонго, бичихэд нь би тусалъя гээд халгаасангүй. Энэ нь түүний маш даруухан зангийн нэг илрэл гэлтэй.

“УИХ-ын 77 дахь гишүүн”, “Монголын парламентын амьд архив” гэж хүндлэгддэг Д.Оюунцэцэг хэмээх сэтгүүлчийн тухай уншигчидтай бага ч болов хуваалцахыг зорьсон маань энэ.


 

ЗУРГААН НАСТАЙ УНШИГЧ

Они Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Дамжингийн ганц охин болон мэндэлжээ. Айлын ганц хүүхэд гэхээр эрх танхи, зоргоороо нэгэн байв уу? гэж асууж орхилоо. “Их эрхлээгүй. Гэхдээ хүмүүс эрх л гэдэг байсан. Аав, ээж минь эрхлүүлэхдээ тоглоом, чихэр, ном гурваар ёстой бялхуулж байсан. Их гоё тоглоом, номтой байсан гэж манай Хатгалынхан ярьдаг юм” гэж тэр яриагаа эхлэв. Учир нь Они номонд онцгой дуртай хүүхэд байж. Ээжээсээ ном уншиж өгөхийг шалж, сургуульд орохоосоо өмнө уншиж сурчээ.

Тэрбээр энэ тухайгаа “Би сургуульд орохын өмнө номын хорхойтой хүүхэд байлаа. Аав, ээж минь ноосны үйлдвэрт нормын ажилтай. Ээж маань өдөр ядарч ирээд, аяга цайгаа уугаад гарна. Ядарч суугаа “амьтныг” зулгааж байгаад л арван минут ном уншуулна даа. Сүүлдээ ээж минь үсэг зааж өглөө. Тэгэхээр өөрөө үсэглэж уншина биз дээ. Тэгж байгаад сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан. Нөгөөдөх чинь сургуульд орно гээд “дэвээд” болохгүй, зургаан настайдаа сурагч болсон” гэж яриад, нүүр дүүрэн мишээл тодруулан, инээнэ.

Дарга нарын багш

Они төрөлх нутагтаа дунд сургуулиа төгсөн, Улаанбаатарт Монгол Улсын Их сургуулийн Орос хэлний ангид элсжээ. Сургуулиа 1981 онд дүүргэн, үргэлжлүүлэн тэндээ багшилж байгаад 1986 онд Намын төв хорооны харьяа Намын дээд сургуульд орос хэлний багшаар ажиллах болсон байна. Тэнд Они “Дарга нарын багш” болж.

Энэ тухайд “Дөч гарсан нэгдлийн дарга нарт хичээл заана. Тэд залуу багшийг үл тоох маягтай, дарга хоолойгоор ярина шүү дээ. Хичээлдээ тааруухан болохоор нь хэд муу тавьж өгөөд, “Унаган хоолойгоороо ярьцгаа, Энэ та нарын захирдаг сум, нэгдэл чинь биш. Өөрсдөө ингэж сурдаг байж хариад хүүхдээ муу сурлаа гэх үү... гээд л нөгөө хэдийгээ загнаж, номонд нь оруулж байгаа юм. Одоо бодоход би цадиггүй байж” хэмээн өөрийгөө шоолонгүй өгүүлэв.

Они орос, англи, хятад хэлтэй. Тэр орос хэлийг Хатгал тосгоны дунд сургуульд байхдаа гуравдугаар ангиасаа сурч эхэлжээ. Багш нь орос хүн байсан тул хэл нэвтрэлцэхгүй, даалуу өрж байгаа юм шиг л автоматаар толгойд нь суусан гэнэ. Хятад хэлийг сурахад аавынх нь авч өгсөн Монгол-Хятад толь бичиг суурь болж, сүүлд бие даан ханз үзэн, системтэй сурч эхэлжээ. Үүнийгээ Они “Өөрийгөө аргалчих будааны хэлтэй” гэж даруу өгүүлнэ. Харин англи хэлийг Намын дээд сургуульд багшилж байхдаа орос багшаар хичээл заалган, сурсан байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙН ГАЛ ТОГООНД “ЧАНАГДСАН” ОН ЖИЛҮҮД

1990 онд нийгэм солигдож, Намын дээд сургуулийн Орос хэлний тэнхимийг татан буулгажээ. Ингээд Они Ардчилсан намд хэдэн жил ажиллаж байгаад 1996 оноос Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины гадаад мэдээний албанд ажилд оржээ. Эндээс эхлэн тэр сэтгүүл зүйн салбарт хөл тавьж, өөрийнх нь хэлж байгаагаар учраа олоогүй байхдаа улаан гал руу давхиж ороод, парламентын сэтгүүлч болжээ.

Түүнийг сэтгүүлчээр ажиллаж эхлэх үеийг одоотой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байж. Сонины операторуудад л хэдхэн компьютр байх. Сэтгүүлчид мэдээгээ гараар бичиж, операторууддаа өгнө. Флаш гэж байхгүй. Үнэхээр л Zindaa.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Гантуяагийн хэлдгээр Они цаасан хэвлэлээс цахим сэтгүүл зүйд шилжсэн хоёр үеийг дамнан ажиллаж байгаа түүхийн гэрч аж.

Энэ тухайд Они “Төрийн төв хэвлэл учраас дарга нарын хэлсэн үг эхээрээ гардаг. Тэр нь арай л гар бичмэлээр ирэхгүй. Эрх биш шивсэн юм ирнэ. Нөгөөхийг нь бичээч маань нүдээ чилтэл шивнэ. Шивж дууссаны дараа нэг нь эхийг бариад нөгөө нь хоолойгоо сөөтөл уншина даа. Хоолой эвгүйрхэхээр эх баригчтайгаа сольж уншина. Тэгж тулгалт хийж уншдаг байлаа. Нэлээд хойно хатуу диск орж ирлээ. Тэр дискээр мэдээгээ аваачсан хүн бол баатар. Бид чинь ура хашгираад л угтана. Зарим өдөр бид Төрийн ордноос гарахгүй, 72 цаг болох ч тохиолдол байлаа. Б.Ханддолгор, Б.Тэмүүлэн эрхлэгч (News.mn сайтын эрхлэгч) С.Гантогоо, С.Оюун гишүүний зөвлөх Б.Халиун бид ээлжилнэ. Төрийн төв хэвлэл учраас ордны дөрвөн давхарт жижигхэн өрөөтэй. Хурлын танхимтай холбогддог дотуур утастай. Өрөөндөө нэг хэсэг нь суугаад, сонины эхээ бэлдэж байхад нөгөө нь байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа асуудлаа авна. Тэндээс бичсэн мэдээгээ ажил руугаа факсдана. Ажил дээр тэрийг нь аваад шивнэ. Тэр үед сэтгүүлчийн ажил ийм маягаар явдаг байлаа. 2004 онд флаш гарч ирсэн. Энэ нь бидний ажлыг маш их хөнгөлсөн дөө” хэмээн хуучиллаа. Мөн тухайн үед хэвлэлүүдийн мэдээ давхацдаггүй. Өөр өөрийн сонирхолтой мэдээг олж чаддаг, сэтгүүлчид ч, улстөрчид нь ч ёсзүйтэй байсныг  онцоллоо. Хэвлэлийн эрх чөлөөний хууль 1998 онд гарснаар сонинууд хувьчлагдаж, Төрийн төв хэвлэл “Ардын эрх” нь “Өдрийн сонин” болжээ. Тус сонинд Они 2004 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан байна. Түүнээс хойш шинэчлэгдсэн “Ардын эрх” сонин, News.mn сайтыг хамт олонтойгоо анхлан байгуулалцаж, хөл дээр нь босгожээ. Энэ хугацаанд мөнөөх л дурласан улс төрийн сэтгүүлчээрээ парламентад ажиллаж байв. Өдгөө Они Zindaa.mn, Зиндаа сэтгүүлийн нэгэн эд эс болон сэтгүүл зүйн бүтээлээ туурвиж яваа билээ.

Их хурлын “77 дахь гишүүн”

Zindaa.mn сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав (Өмнө нь “Ардын эрх” сонин, News.mn сайтад Онитой хамт ажиллаж байсан)

“Они "Ардын эрх" сонинд "76:1" хэмээх улстөрчдийн хөрөг бичдэг булан хөтөлдөг байсан нь их алдартай. Тухайн үеийн олон гишүүний хөрөг манай энэ буланд нийтлэгдэж байсан. Гишүүд ч Они хөргийг нь бичиж байгаад талархалтай ханддаг байсан. Онигийн хамгийн мундаг ур чадварын нэг нь улс төрийн аливаа үйл явдлыг он, сар, цаг хугацааны дарааллаар нь мэддэг ой тогтоомж. Гишүүдийн хэлсэн үг, хөндсөн асуудлыг хэзээ ч асуусан санаж байдаг. Тийм ч учраас чуулганы сурвалжлагыг зөвхөн нэг удаагийн протокол биш, үргэлж өмнөхтэй нь уяж, олон талын мэдээлэлтэй бичиж, уншигчид бүрэн дүүрэн мэдээлэл өгч чаддаг. Ямартаа л тухайн үеийн (2010-аад он) парламентын гишүүд Ониг “Та бараг Их хурлын 77 дахь гишүүнээс ялгаагүй” гэж авгайлдаг байсан. Сэтгүүлчид ч ялгаагүй. Энэ нь тэр хүний ур чадварыг илэрхийлж байгаа үнэлгээ гэж ойлгодог” гэж ярьсан юм.

Түүнийг ийн нэрлэдгийн учрыг гайхах зүйл биш гэдэг нь өнгөрсөн 25 жил тасралтгүй парламентийн сэтгүүлчээр ажиллсанаас харагдана. Тэрбээр Байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудал, өргөн барьсан хуулийн төсөл зэргийг А-Я хүртэл гишүүдтэй зэрэгцэн судалж, сурвалжилдаг байж. Цаашлаад мэдээгээ бэлтгэхдээ тухайн хууль батлагдсанаар иргэдэд ямар хэрэгтэй вэ гэдгийг чухалчилж, тэр дундаас хуулийн цоорхой олох, иргэдийн эрх ашгийг хөндсөн ямар зүйл заалт байгааг гаргаж тавьж бичдэг байж. Парламентын туршлагатай сэтгүүлч, хөргийн эзэн маань энэ тухайд “Гишүүдийн өөрсдийн ашиг сонирхлоор оруулж ирсэн хууль байвал бид шууд ажил хаялт зарлачихдаг байлаа. Өдөр тутмын сонинууд хоёрдугаар нүүрээ “Авлигачдад орон зай байхгүй” гэж бичээд л хоосон гаргаж байсан. Телевизүүд улс төрийн мэдээ явах цаг дээр мэдээг нь гаргахгүй, зарим нь гашуудлын хөгжим тавьчихдаг байсан. Хамгийн урт нь 14 хоног хүртэл ажил хаяж байсан. Ингэхдээ сэтгүүлчид ордонд очно. Гэхдээ мэдээг нь авахгүй. Ингэж сэтгүүлчид иргэдийнхээ төлөө зөрчилтэй хуулийн заалтыг засуулдаг байсан” хэмээн өгүүллээ.

Түүний бусдад үлгэрлэхийн тухайд Zindaa.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Гантуяа “Манай үеийн Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид Алтангэрэл ах (МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэл), Они хоёроор маш их бахархдаг. Энэ хоёр маань одоог хүртэл сэтгүүлчээр ажиллаж байгаа цөөн хүмүүсийн тоонд орно. 1990 оноос хойших ардчилсан хувьсгалын бүтэн түүхийг мэддэг, Монголын улс төрийн амьдралын бүтэн архив гэж болно. Үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүдийг бүгдийг нь мэдэх, ярилцлага сурвалжилга хийгээд явж байсан сэтгүүлч. Биднийг ордонд мэдээ аваад гүйж байхад яг л бидэнтэй зэрэгцээд явж байдаг. Ерөөсөө түүртддэггүй. Ясны сэтгүүлч. Они АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн айлчлал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал гээд бүх л гадаад, дотоодын айлчлалыг сурвалжилж байсан. Айлчлалын дипломат мэдээ бичих формат гэж байдаг. Түүнийг яс баримтална. Маш мундаг сэтгүүлч. Түүгээрээ ч Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байхдаа, драфттай албан мэдээнүүдийг маш шуурхай гаргадаг байсан. Мэргэжлийн сэтгүүл зүй ямар байдгийг Онигийн бичлэгээс харж, үлгэрлэдэг” гэлээ.

 

Они 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн тамгын газарт уригдан ажилласан юм.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллах нь сэтгүүлчээр ажиллахаас тэс өөр. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гадаад харилцаанд онцгой анхаарч байсан. Гадаадын зочид, төлөөлөгч ч их ирдэг байсан. Миний бодлоор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гадаад харилцаа үнэхээр өндөр түвшинд очсон. Одоо манай дарга нар хүний аманд орчих гээд байна даа. Хоёр хөршдөө тоглуулчих гээд, арай хөнгөдөөд байгаа харагддаг. Эбигийн үед бүх зүйл дардан байгаагүй. Гадаадын зочид тасралтгүй ирнэ. Ирж байгаа зочин бүр сайхан ааштай байхгүй. Гаднаас нь харахад найрсаг, сайхан харилцаатай харагдавч загнаж орж ирэх хүн байна. Элэг барьж, дээрэлхэх гэж орж ирэх хүн ч байна. Оросын Элчин гэхэд загнах маягтай, Казахстан Эрдэнэтийн өр авлага гээд жаахан дээрэлхүү орж ирнэ. Харин ч бүгдийг нь сайхан байранд тавина даа. Энэ Монгол чинь аавтай айл шүү дээ гэж бодогтол ажилладаг. Би яахав, мэдээгээ бичээд л төрийн өргөөний баруун хаяанд сууж байгаа “амьтан”. Гэтэл хүмүүсийг дипломат аргаар байр байранд нь тавиад байхаар өөрийн эрхгүй цээжээ түрээд суумаар санагдана. Тэгээд цаадах чинь орчуулагч нарт маш өндөр шаардлага тавина. Утга агуулга, нюанс гаргаж чадахгүй алддаг шүү гэнэ. Ихэнхдээ орчуулагч хэрэглэхгүй, өөрөө орос, англиар ярьчихна. Жишээ нь, 2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа бензин гуйх гэж очсон. Гэтэл Оросын ерөнхийлөгч Медведев Тавантолгойг шууд тулгаж байсан. Хариуд нь манай хүн “Би мэддэггүй юм аа. Ард түмэн мэднэ. Ард түмэн бол Улсын их хурал. Би бол танай Ерөнхийлөгчтэй адил эрх мэдэлтэй биш шүү дээ” гэх мэтээр эвтэйхэн зохицуулаад явчихаж байсан” хэмээн ярилаа.

 

Ийм л хариуцлагатай албанд ажиллаж явсан, сэтгүүл зүйн ур чадвар, туршлага хуримтлуулсан нэгэн сэтгүүлч уншигчдын мэдэх эрхийн төлөө чимээгүй хөдөлмөрлөсөөр явна. Түүний бүтээх, туурвих ажил дуусаагүй.  Они өмнө нь гадаадын томилолтоос бичсэн аян замын тэмдэглэлүүдээрээ “Үл сөхрөхийн ухаан” ном гаргасан. Тэгвэл ирэх жилүүдэд хоёр ч ном гаргахаар төлөвлөжээ. Нэг нь улстөрчидттэй хийсэн ярилцлагуудаа эмхтгэх бол нөгөө нь улстөрчдийн хөгтэй, хоржоонтой баримтуудыг ном болгохоор зорьж байгаа. Сурах зүйл мөн ч их байна даа...

Top