Хаадын хааны АНДГАЙ

2021 оны 12 сарын 01

ХЭН НЬ ХААН БОЛОХЫГ ТЭНГЭР ГАЗРЫН ИВЭЭЛ, ТҮМЭН ОЛНЫ ХҮРЭЭЛЭЛ ХАРУУЛНА

2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр 16 цаг 30 минут... Дуурь, бүжгийн эрдмийн театрын ягаан барилга хаад, хатад хоймроо суусан Их Монгол Улсын төрийн нэгэн өргөө гэлтэй бараа сүртэй.

Театрын гадна талын хаалганы голын хоёр багана дээр Чингис хаан, Гүр хаан Жамух хоёрын өвч бүрэн хувцаслан, сэнтийдээ суугаа хөргийг томоос том байршуулжээ.

Чингис хаан ташуу энгэртэй цагаан дээл, оройг нь “Цагаан сүлд”-ний дээр байх төмрөөр урласан галын дөл бүхий гурван үзүүрт сэрээгээр чимэглэсэн үстэй цагаан малгай өмссөн байна. Царайг нь ажиглавал амгалан тайван, зөөлөн төрхтэй харагдана. Харин Жамух улаан хүрэн дээлтэй, царай төрх баргар, харц ширүүн, эрэмгий аж.

Театрын бусад зургаан багана дээр Тоорил хан, Өэлүн эх, Бөртэ хатны гайхам сайхан зургуудыг байршуулсан байв.

Театрын хаалга нээгдэж, үзвэрт ирсэн хүмүүс вакцины гуравдугаар тунгийн гэрчилгээгээ шалгуулан орно. Ормогц угтагч нар хүн бүрийн халууныг хэмжиж, нэр, утасны дугаарыг тэдэглэн авч, гараа ариутгахыг сануулна. Царайдаа инээмсэглэл тодруулж, найрсаг зангаар үзэгчдэд туслах театрын хөтөч нар хөх даавуун дээл, улаан бүсээр жигдэрч, үсээ жимбийтэл самнаж, дээш шуусан нь үзэмжтэй.

Ингээд шатаар В1 давхарт бууж хувцсаа өлгүүлсэн бид сая нэг үзвэрийн танхимд орж, сандал алгасах журмын дагуу суудлаа эзэллээ.

 

ХӨШИГ НЭЭГДЛЭЭ
 

Данн, данн, данн... Хонх гурвантаа дуугарч, гэрэл унтарлаа. Б.Цогнэмэхийн “Хаадын хаан - Андгай” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Намнангийн Наранбаатарын найруулгаар ийнхүү нээлээ.
 

Ямар нэгэн зүйлд шаналж, бодлогошрон зогсоо Чингис хаан дээр хэн нь үл мэдэгдэх эмэгтэй ирж, гарт нь сум бариулаад явж одно. Цэгцтэй, эрхэмсэг, цасан цагаан хувцастай, үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Чингис хааныг тэнгэрээс ивээгч далдын хүчийг төлөөлүүлжээ. Тэр хаантай үг үл солино.

Энэ мөчид Гүр хаан Жамухыг шадар нөхөд нь барьж, Чингис хаан дээр авчирлаа. Чингисийн цэрэгт Жамухын цэрэг бут цохигдож, нөхөд нь түүнээс урван, ганцаар үлдсэн нь энэ.

Бага насандаа учирч, андгай өргөн анд бололцсон хоёрын нүүр тулсан халуун уулзалт. Тэд чухам яагаад эвдрэлцэн өнөөдөр уулзав гэдгээ эргэж дурсана. Андын сэтгэл, ааг омог нь багтаж ядсан мөнөөх хоёр эр аргамаг хүлгэндээ мөрдөж, салхи татуулан давхисаар хээр иржээ.

Эндээс тэртээх XIII зууны 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдал “Монголын нууц товчоо”-ноо бичигдсэнээр өрнөнө.

Дайн тулаан, хамтын ялалт, ялагдал, хагарал... Нэг нь биеийн хүчээр, нөгөө нь сэтгэлийн хүчээр улс түмнийг хураахыг эрмэлзэнэ.

 

ТҮҮХ ГУЙВСАН УУ! ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАВ УУ?

Хиад Боржигоны Есүхэй баатар хүү Тэмүжинг есөн настайд нь Хонгирадын Дэй Сэцэний охин Бөртэтэй сүй тавиулсан. Улмаар Есүхэй буцаж явах замдаа Татаруудад хорлогдов. Үүнээс хойш Тэмүжин ээж, дүү нарын хамт хэцүү бэрхийг туулсаар эрийн цээнд хүрнэ. Сүйт бүсгүйгээ төрсөн гэртээ авчирч, төвхнөж удаагүй байтал Тэмүжиний хүрээ рүү Мэргидүүд дайрдаг. Тэд Бөртэг булаан одно. Ингээд Бөртэ Мэргид аймагт хэдэн сарын нүүрийг үзэхдээ Чилгэр бөхийнд амьдарч байдаг. Энэ хугацаанд Тэмүжин анд Жамух, эцгийнхээ нөхөр Тоорил ханы хамтаар Мэргидийг дайлаар мордож, Бөртэг буцаан авсан тухай Нууц товчоонд өгүүлдэг.

Жүжигт

Өэлүн эх Тэмүжин хүүдээ отог аймгаа хурааж, хүчирхэг болгохыг ятгах, зөвлөхийн завсраар ярьж зогсоно. Энэ үеэр Хоогчин эмгэн ирж Өэлүнд учир битүүлэг нэгийг өгүүлнэ. Төд удалгүй Мэргидүүд дайрлаа. Үймээн самуун дундуур Хоогчин эх Бөртэг хамгаалан нуух гэж оролдоно. Харин Бөртэ хөл хүнд харагдах аж. Үүнийг Тэмүжин үл мэднэ. Тэд хүчин мөхөстөж, Бөртэг Мэргидүүдэд алдлаа.

Түүх ёсоор Тэмүжин холбоотнуудынхаа тусламжтай Бөртэг буцаан авах бөгөөд энэ үед бие давхар болсныг мэднэ. Хань Тэмүжинээс эхлээд хавь ойр, хаяа холын бүгд Бөртэг гайхан харах аж.

Хүү төрж, Тэмүжин үрээ Зүчи хэмээн нэрлэлээ.

Тэмүжин нэгэн өдөр Өэлүн эхийнхээ тухай зохисгүй мэдээ сонсож, өөрөөс нь лавлалаа. Мэгдэж сандарсан Өэлүн Тэмүжин хүүгээ Тоорил хантай холбоотон болгож, хүчийг нь нэмэхийн тулд Мэргидийн дайралтыг зохион байгуулсан гэдгээ хүлээв. Ингэхдээ тулгар биетэй хүнийг айлгадаггүй талын ёсонд найдаж, Бөртэг булаалгасан гэв.

Бидний мэдэх Нууц товчоонд Өэлүн эх ийм хуйвалдаан явуулдаггүй. Магадгүй бусад түүхэн эх сурвалжуудад тэр тухай өгүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаар энэ нь найруулагчийн сэтгэмж, их хаанаа өмгөөлсөн хувь хүнийх нь шийдэл байв уу?

 

АНДГАЙ
 

 


Учирлаж, ундууцаж удтал ярилцсан Чингис хаан, Гүр хаан Жамух хоёр сая уужирлаа.

Урьдын он жилүүдэд гурвантаа анд бололцсон тэд дахин нэг хүн болж хүчээ нэгтгэн, төр улсаа хураах андгай тавилаа.

Гэвч эрчүүдийн ам тангараг хуультай адил хатуу. Энэ нь амиараа солих андгай байжээ. Хэлсэн бол буцах учиргүй. Жамух тэнгэрт хоёр нар байдагүй шиг газарт хоёр хаан байх учиргүй хэмээн ухаж, өөрийгөө цус гаргалгүй хөнөөхийг Чингис хаанд захьжээ.

Жүжгийн гол үзэл санаа бол Монголчуудын мөн чанар, нэн ялангуяа эр хүний нөхөрлөлийн үнэт зүйлийг Чингис хаан, Гүр хаан Жамух хоёрын андлалаар харуулж байна.

Тэд Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг идэр залуугаасаа эхлэн хэлэлцэж, талын нүүдэлчдийг хамтран хурааж чадахгүй аваас хоёр талд гарч хуваан нэгтгэх чигээ болгоно. Хэн нь хаан болохыг тэнгэр газрын ивээл, түмэн олны хүрээлэл харуулна хэмээн тангараг өргөдөг. Эцэстээ Чингис хаан даяар олны сэтгэлийг хурааж, Их төрийн эзэн, Хаадын хаан болсноор өндөрлөнө.
 

ХӨШИГ ХААГДЛАА

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийг Ардын хувьсгалын 100, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн түүхт их ойг тохиолдуулан Намнангийн Наранбаатарын найруулгаар тайзнаа тавилаа.

Тус жүжиг нь Мянганы суут дэлхийн хүнээр тодорсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн угтал болж буйгаараа онцлог юм. 11 үзэгдэлт тус жүжиг нь Их эзэн Чингис хаан эсгий туургатан ардыг хэрхэн амаржуулав, Эцэг тэнгэр, Этүгэн эхийн зохиролд нийцүүлэн төрт ёсоо яаж дархлав, нүүдэлчний сонгодог төр хэрхэн бүрэлдэн бий болов, үүнийг хэрхэн нэгдсэн тогтолцоо болгов гэдгийг хэлхэн өгүүллээ.
 



“ХААДЫН ХААН АНДГАЙ” ЖҮЖГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД

Гол дүрд
 

  • Тэмүжин /Чингис хаан/  - Г. Амгаланбаатар, Б. Шинэбаяр
  • Жамух  /Гүр хаан / - М.Түвшинхүү, О. Майдарравжаа
  • Бөртэ хатан - Г. Номин-Эрдэнэ, Д. Хулан

Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Уран сайхны удирдагч – Н.Ганхуяг /УГЗ/

Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Ерөнхий зураач- Т.Ганхуяг /СТА/

Хөгжмийн зохиолч –Т.Сэр-Од /УГЗ/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Хувцасны зураач- Д.Отгонзаяа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Ассистент найруулагч –Э. Ёндоншарав /СТА/

Туслах найруулагч - О. Итгэл /СТА/

Жүжиг чимэглэлийн эрхлэгч - Н.Батбилэг /СТА/

Гэрэл, дууны найруулагч- Я.Батсайхан /СТА/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top