Ардын жүжигчин Д.Ухнаа: Монголын эстрад урлагт “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” хоёр л байлаа

2019 оны 11 сарын 22

Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын концертын төвийн ерөнхий захирал, Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Данзанваанчигийн Ухнаатай ярилцлаа.


-“Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Таны зам мөр энэ чуулгатай хэрхэн холбогдож байв?

-Засаг төрөөс концертын байгууллагыг төвлөрүүлэх зорилгоор 1972 онд БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн долоодугаар сарын 20-ны өдрийн 283-р тогтоолоор Улсын Филармони гэх байгууллагыг байгуулсан байдаг. Тэр үеийн Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулга “Баян Монгол”, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Улсын симфони найрал хөгжим” гурвыг нэгтгэж, дээр нь дуучдын группийг нийлүүлэн Улсын Филармонийг байгуулсан юм билээ. Даргаар нь төрийн шагналт, ардын жүжигчин, удирдаач Цэгмидийн Намсрайжав ажиллаж байсан юм.

Би 1972 онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд шинэ байгуулагдсан Улсын Филармони гэдэг концертын байгууллагад ажиллах хүсэлтээ Соёлын яаманд гаргаж, гоцлол дуучнаар орсон. Энэ үеэс “Баян Монгол”-тойгоо холбогдсон юм. Тэр үед чуулгынхан маань 18, 19 настай хүүхдүүд байлаа шүү дээ.

Миний бие энэ чуулгад найман жил зарлагч, хөтлөгч, найруулагчаар ажиллахдаа 1385 концерт хөтөлж, 1435 концерт найруулсан байдаг. Үүний дараа 18 жил Улсын Филармонид даргын ажлыг хийж, энэ хамтлагтай 50-иад жил нэг дор явж байна. Одоо бол нэг хананы наана, цаана байж, байнга хөгжим, дууг нь сонсоостой байдаг даа.

-Монголд жазз хөгжим, эстрад урлагийн үндсийг “Баян Монгол” чуулгыг тавьсан гэж үзэж болох уу?

- Ер нь 1941 он буюу эх орны дайны үед Улсын цирк гэж байгуулагдаж, үүний дэргэд жазз хөгжим байгуулснаар Монголд жазз хөгжмийн суурь тавигдсан түүхтэй. Гэсэн ч “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэсэн хамтлаг байгуулагдсанаас хойш Монголд жазз эрчимтэй хөгжиж, мэргэжлийн уран бүтээлүүдийг ард түмэнд толилуулах намын даалгавартай байсан. Энэ чуулгын анхны дуучин нь Лувсангийн Оюунчимэг. Түүнийг Ховд аймгийн дунд сургуулийг төгссөн үед нь урлагийн ахмадуудын зөвлөснөөр Т.Чимэддорж гуай урьж авчирсан юм билээ. Бурхан болтлоо чуулгадаа байсан.

-Намын даалгавар гэхээр хөдөө орон нутгаар явж, иргэдэд урлагийн тоглолт үзүүлэх байсан байх нь ээ?

-Тухайн үед бүх зүйл намын бодлогоор л явдаг байлаа. Урлаг, соёлын газрууд намын бодлогоор үзэл суртал, урлаг соёлыг сурталчлах үүрэгтэй. Үүнийг зайлшгүй биелүүлэх шаардлагатай. Жил бүр улсаас даалгавар өгч, орон нутгаар явж, малчин ардад урлаг соёлыг сурталчлах, ялангуяа сүүлд гарч ирсэн эстрад урлагийг хүргэнэ. Надад “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг уран бүтээлийн хувьд хариуц гэсэн намын даалгавар өгсөн дагуу бид хамтдаа хөдөө орон нутагт олон газраар явсан. “Баянмонгол” чуулга 1983 он буюу ганцхан жилийн дотор 155 удаа тоглолт хийж байлаа. Харин “Соёл-Эрдэнэ” мөн онд 166 удаа тоглосон. Түүнээс гадна “Баян Монгол” чуулга маань Куба, Герман, Польш, Унгар, Чех, Болгар, Румын, ЗХУ гээд гадаадын олон оронд тоглолт хийж, уралдаан наадамд амжилттай оролцсон. Сүүлд 1990-ээд оны сүүлээр БНХАУ-д 58 хүний бүрэлдэхүүнтэй, нэг сар гаруй хугацаатай урлагийн бригад мөн авч явсан юм. Энэ бол Монголын урлагийг гадаад, дотоодод сурталчлахад гол үүрэг гүйцэтгэсэн. Үүний талаар чуулгын удирдаач Б.Ганбат тун сайн ярина даа.

-Улсын төлөвлөгөө биелүүлэх үүрэг байсан гэл үү?

-Төлөвлөгөө яахав аль ч байгууллагад байдаг. Улсын филармонийн орлого, үзвэрийн төлөвлөгөөг биелүүлэхэд “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн. Төр засаг тав таван жилээр төлөвлөгөө гаргадаг байлаа. Одоо ч байгаа шүү дээ, “Баян Монгол” чуулга төсөвт төдий төгрөг оруулна шүү гээд, төлөвлөгөө гэж нэрлэхгүй л байгаа болохоос. Одоо харин илүү гарсныг нь чуулга өөртөө ав гэдэг болсон. Намайг дарга байхад тийм юм байсангүй. Олсон орлогоо бүгдийг нь улсад өгдөг байсан.

-Тухайн үед шинэ гарч ирсэн эстрад урлагийн тоглолтыг хүмүүс их сайхан хүлээж авдаг байсан гэдэг. Харин нам засгаас шүүмжлэлтэй хандлага багагүй гардаг байсан байх. Уран бүтээл гаргах, концертын хөтөлбөр зэргээ заавал хянуулдаг байв уу?

- Айлын хотонд ч сумын төв дээр ч тоглодог байлаа. Сайхан бүтээлүүд ч их гарч, ард түмэн их сонирхож, сайхан ч хүлээж авдаг. Цахилгаан хөгжим тоглож байна, цахилгаан хөгжимтэй концерт, цахилгаан хөгжимтэй нийтийн бүжиг гэж ярина. Монголын эстрад урлагт “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” хоёр л байлаа шүү дээ. Сүүлд “Өргөө”, “Айзам” гарч ирсэн. Үүнийг хөгжүүлэхэд төр засаг их анхаарч байсан.

Аймгийн намын хороонд үзэл суртал хариуцсан хүмүүс байдаг. Суманд очиход сумын намын үүрт үзэл суртлаа хариуцсан товчооны гишүүн гэж байдаг. Тэр бүгдэд бүрэлдэхүүн, хөтөлбөрөө танилцуулна даа. Тэгээд дарга нарыг нүүрэн талд урьдаг ширээнд нь суулгана.

Би олон сануулга авч байсан. 20-иод насны залуучууд чинь яаж зөөлөн тоглох вэ дээ. Ухнаагийн авч явсан урлагийн бригадын хөгжим нь их чанга байна. Үүнийгээ болиул. Тоглохдоо хөл, гар хөдөлбөл цахилгаанд цохиулсан юм шиг, сохор хүн шиг шилтэй гарлаа, хувцас нь болохгүй байна, урт үстэй байж болохгүй гээд л нэлээд асуудал гарч байсан. Бид яахав аль болох даруу л явж байгаа юм. Гэхдээ тухайн үед моод үүгээр дамжиж гарч ирж байсан.
Гадаад, дотоодод болж байгаа залуучуудын том арга хэмжээнд “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” оролцоно. Та нар англи, америк дуу тоглооч гэж шаардана. Тэрийг нь бид тоглох эрх байхгүй. Хаанахын дуу дуулж байна вэ, төрөл жанр нь мөн үү, биш үү гэнэ. Тухайн үед мэргэжлийн урлагийн байгууллага уран бүтээл хийгээд заавал Соёлын яамны зөвлөлөөр хянуулж, батлуулдаг. Бодлого явдаг, үг нь зөв явж байна уу, таарч байна уу, бүр нарийн яривал хувцас нь ямар байна гэж хянана.

Хэрээ гэж хүн хариуцдаг Главлитийн газар буюу шүлэг хянадаг газар байлаа. Хэрээгийн гараас яаж гарна даа гэж ярьдаг байсан. Ирж үзэж байгаа улс нь зохиолч Ч.Чимэд гуай, Л.Мөрдорж багш, Э.Оюун багш ирнэ. Тэд чинь аваргууд байхгүй юу. Тэгж хянагдсан дуунууд одоог хүртэл чанартай сайхан, дуулагдаад явж байна. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэхэд л гурван удаа хойшилсон дуу.
Нэг дууны шүлэгт “хайр” гэсэн үг дөрвөн удаа орж. Гэтэл яасан нялуун юм бэ, өөр үг олдсонгүй юу та нарт гэнэ. Одоо бол 36 хэлж байна билээ. Одоог хүртэл дуулагдаж байгаа дуунууд дандаа хяналтаас засагдсан, сайжруулсан дуунууд. Чанартай уран бүтээл гаргахын тулд ингэж хянаж байсныг би зөв гэж үздэг.

-Тэгвэл энэ үеийн хамтлаг дуучдын дууны тал дээр юу хэлэх вэ?

-Сайн дуу байлгүй л яахав. Гэхдээ одоо бол дууны үгнүүд их хэцүү байгаа шүү дээ. Бидний үгийг сонсох биш, чөлөөтэй болчихсон юм чинь. Дууны ая, шүлэгт ямар ч хяналт алга. Зарим нь солонгос дууны ая дээр үг хийж байна. Энд уран сайхны шалгуур хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн хамтлагийн дуунууд 50 жилийн дараа алтан үеийн дуу болж үлдэх нь байна шүү дээ. Туйлын харамсалтай байгаа юм шүү. Нөгөө “Миний нутгийн бараа”, “Амрагийн дуу”, “Цэнхэр дурдан алчуур” сураг ч үгүй болох нь байна. Энэ туйлын харамсалтай.

-Бие даасан соёлын яамгүй байгаа нь урлагаа хөгжүүлэх төр засгийн анхаарлыг сулруулж байна гэх шүүмжийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг боллоо. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Муу нэртэй социализмын үед соёл урлагт маш их анхаарч байсан. Өнөөдөр дутуу анхаарч байна уу даа гэж харагддаг. Сүүлийн дөрөв таван жил лав л энэ УИХ-ын гишүүдийн амнаас урлаг гэх үг нэг ч гараагүй. Мэдээж мань мэтээс ухаантай улсууд байгаа байх. Гэхдээ яахаараа ингэж гурван том салбарыг нийлүүлдэг юм бэ. Боловсрол гэдэг чинь маш том салбар. Спорт гэж ямар том салбар билээ, хэчнээн чухал амжилтууд гаргаж, энэ улсын нүүр царайг тахалж байна. Соёл, урлаг гэдэг улсын бодлогын тэргүүнд нь байх ёстой. Ард түмнийгээ урлаг нь дагуулж явах номтой байдаг. Энэ салбар нь одоогийн байдлаар эзэнгүй. Долоохон хүнтэй Соёл урлагийн газар гэж ажиллаж байна. Ингэж болохгүй ээ. Туйлын харамсалтай байна. Дээрээс нь цалин мөнгө нь бага. Тэглээ гээд дуулахаа больж, бослого суулт хийлтэй биш. Хөөрхий амьтад манай уран бүтээлчид, ялангуяа масс бүжигчид сугаа ханзартал хөрөөдөж, өдөр шөнөгүй дэвхцээд 400 мянга гаруйхан төгрөгийн цалинттай. Тэнд сууж байгаа 60 хүнтэй симфони найрал хөгжим бас ялгаагүй.

Гадаадад 10-аад жил сурч ирээд 500 мянга орчим төгрөгийн цалинтай сууж байна. Ажилдаа дуртай, хайртай учраас л холдож чадахгүй, амьдрахын төлөө явж байгаа ийм хүмүүст яах аргагүй соёлын яам хэрэгтэй байна аа. Салгаач ээ. Нийлүүлэх гээд байгаа бол соёл урлаг, аялал жуулчлалаа нийлүүлээч ээ. Өмнөд Солонгос тэгж хөгжсөн юм гэнэ билээ. Үүнийг мэддэггүй юм уу, анхаарахгүй байгаа юм болов уу. Яагаад байдаг юм. Туйлын харамсалтай байна.
Дэлхийн нэг, хоёр номерын дуучин монголын дуучид байна. Манай Э.Амартүвшинг гүйцэж дуулж байгаа хүн Итали, Америк, Францад ч алга. Г.Ариунбаатар дэлхийн номер нэг. Чайковскийн уралдаан чинь ямар дуучин өнөөдөр дэлхийн номер нэг баритон, сопрано, тенор байна вэ гэдгийг шинждэг юм. Энэ том, алдартай дуучид аргаа бараад л гадагшаа гэрээ хийгээд явж байгаа. Тэгэхээс өөр арга байхгүй.

Авьяастай олон залуу сургууль төгссөний дараа ажилгүй байна. Дуулъя гэхэд газар алга. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний урлагийн их театр, Дуурийн театр дүүрэн байна. Хөдөөгийн клубт сонгодог ари дуулалтай биш. Цаашдаа яах вэ гэж бодлого боловсруулж, том зөвлөгөөн хийх хэрэгтэй байгаа юм.

Жилд 50, 60 хүн төгсгөөд ганц театртай. Сонгодог урлагийн эрдмийн чуулга нь одоог хүртэл байргүй байна. Очоод үзвэл өрөвдөлтэй. Тайзныхаа хажууд жижигхэн өрөөнд хорин хэдүүлээ бүсгүйчүүд хувцсаа сольж байна. Нөгөө л хөлс, агаар салхи байхгүй. Дандаа л чийгтэй хувцас өмсөж бүжиглэж байна. Нэг концертод гурав, дөрвөн бүжиг байгаа, тэр бүгдэд хувцсаа солино гээд бод. Эрэгтэй нь ч ялгаагүй. Өрөвдмөөр харагдаж байгаа юм.

Би дахин хэлье. бослого гаргалтай биш, суулт хийлтэй биш, радио телевизийг зогсоолтой нь биш, дуулахгүй, хөгжимдөхгүй байлтай биш. Уучлаарай, Монголын нэрийг энэ хэдэн дуучин, тамирчид л дэлхийд гаргаж байгаа шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.238) 2019 оны 11 сарын 24

ene hund ardyn jujig chin zol ni uneheer ahadsan tsol boljee. Yahav dee gaviyat tsol ni bur ondodson tsol. unendee ahmad duuchdiin toglolt zohion baiguulsan l gaviyatai. Tor zasag tsol shagnalyg hiisen ajild ni tohiruulj ogoh heregtei. Saya atriin 60 jiliin oigoor GUNGAADORJ GUAID HODPLMORIIN BAATAR OGOH YOSTOI BAILAA SHUUDEE. yUN JANTSAN NOROV HODOLMORIIN BAATAR VE\n

0  |  0
ds(123.116.16.69) 2019 оны 11 сарын 22

Hu gedeg chin huuhdeerei l bgaa delhii medehguiee 1.2 gazart ochio l biz teriig delhii gedeggui ym . baynmgl soyol erdene bl 50 jil delhiin uls orond tanigdsan hamtlag shuu! Buu tenegt!!!

0  |  0
зочин(103.57.93.20) 2019 оны 11 сарын 22

Баянмонгол Соёл эрдэнэ зөвхөн МОНГОЛ -доо гайхамшиг харин дэлхийг ХҮ хамтлаг шиг шуугиулж явсныг сайн мэдэхгүй юм. 70, 80 оны залуучуудын хүсэл мөрөөдөл цог жавхлан баяр баясгалан бол энэ хоёр хамтлаг байлаа Баярын мэнд хүргэе Залуугаараа хорвоог орхисон сайхан хүмүүсээ дурсаж байна

1  |  0
Иргэн(150.129.141.189) 2019 оны 11 сарын 22

Баянмонгол чуулган гоцлол дуучин Л.ОЮУНЧИМЭГ, Б.ЯНЖИНДУЛАМ, ГАЛХҮҮ НАРЫГАА ДУРСАЖ БАЙНА.

2  |  0
zochin(185.39.141.30) 2019 оны 11 сарын 22

zzzs olon hamtlag olon chadaltai zaluus baisan .. baruunii vner vnertej bn zaluusiig uruu tataj bn geh zergeer . havchin gaduurhaj naisqn on jilvvd. harin ene hvn soyoliin yamnii . doldoi l baiszn shvvde

0  |  0
Иргэн (66.181.189.50) 2019 оны 11 сарын 22

Чингис хааны одонгоо ядахдаа СОЁЛ ЭРДЭНЭ-д өгдөг байгаа даа. Тэнэг юм аа.

1  |  0
Top