Үйлдвэрлэгч, тариаланчдаас хэрэглэгчийн гарт хүрэх НАМРЫН НОГООН ӨДРҮҮД

2022 оны 09 сарын 20

Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээний нээлт өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

17 дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй юм.

Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ХХАА-н дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, О.Буяннэмэх, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, “Монголын хүнсчдийн холбоо”-ны тэргүүн Д.Тэрбишдагва болон УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын түнш байгууллагын төлөөлөгчид оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа.

 

УИХ-ЫН ДАРГА ЭХ ОРОНЧ ХЭРЭГЛЭГЧ БАЙХЫГ ИРГЭДЭД УРИАЛЛАА

УИХ-ын дарга Г.ЗанданшатарНамын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол хүний аюулгүй байдал юм. Хүний аюулгүй байдлын үндэс нь хүнсний аюулгүй байдлаас шалтгаална” гэдгийг тодотголоо.

Тиймээс эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл, чанартай, хүний эрүүл амьдрал, бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд тогтвортой, хүртээмжтэй хангах нь төрийн бодлогын хамгийн чухал хэсэг юм. Үүнтэй уялдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолд 5 томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан. 

Тухайлбал, монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлсэн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр ложистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсий ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах, хүлэмжийг цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөцийг бүрдүүлэх болон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтүүдийг бүрэн шинжилдэг болох, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох, шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжлийн ажилтнуудыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах зэрэг олон арга хэмжээг Улсын их хурлын тогтоолд тусгасан.

Энэ тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, лууван, байцай, манжин, сонгино, саримс, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр хүн амын хэрэгцээгээ дотоодоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн гахайн мах, жимс жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар эрүүл хүнс экспортлогч орон болох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл хүнс, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриаллаа.

ЭРҮҮЛ АХУЙН БАТАЛГААГҮЙ ХҮНСЭЭР АРД ТҮМНЭЭ ХАНГАДАГ ЦАГ АРД ХОЦОРЛОО

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Өнөөдөр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувийг үйлдвэрлэж байна.

Ард иргэд, нийт аж ахуй эрхлэгч, тариаланчид маань хашаанаасаа эхлээд хэдэн арван га-д хөлс хүчээ шавхан хурааж авсан ургацын үнэ ханшийг импортын хүнсний ногоогоор унагааж, тэднийгээ туйлдуулж, төдийлөн эрүүл ахуйн баталгаагүй хүнсээр ард түмнээ хангаж байсан цаг ард хоцорч байна. Үүний нэг тод жишээ нь технологийн хугацаанд хүнсий ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох асуудлыг шуурхай зохион байгуулж, хүнсний зарим төрлийн ногоонд импортын татварыг үе шаттай нэмж хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 125 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэгцээнийхээ 70 хувийг хангах ургацын ерөнхий баланс гараад байна.

Бид ойрын хоёр жилийн хугацаанд хүнсээ 100 хувь дотоодоосоо бүрэн хангах зорилтыг та бүхэнтэйгээ хамтран төрийн оновчтой бодлого, бодит дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх болно.

Намрын хэдхэн өдрүүдэд айл өрхүүдийн хөргөгч ногоогоор дүүрэх биш, жилийн дөрвөн улиралд дүүрэн байх ёстой” гэдгийг тодотголоо.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланчид оролцож байгаа бөгөөд тэд 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулж, борлуулах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Харин хэрэглэгчдийн хувьд үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна.

2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт хүргэж буй энэхүү үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 25-ны өдрийг дуустал явагдах юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top