Хорт хавдрыг ЯЛСАН ЭЭЖ: Эх хүнд үрээ үлдээж, үхэх эрх байхгүй

2022 оны 02 сарын 25

Монгол Улсад жилд дунджаар 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвдөж, нас баралт 150 байна. Энэ маш өндөр тоо. Гэвч энэ өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой.


Эх хүнд хүүхдээ үлдээгээд, үхэх эрх байхгүй шүү дээ” хэмээн хоолой зангируулан ярих эмэгтэйг “ЯЛАГЧ” гэж нэрийдэн, цааш өгүүлье.

Ялагчийг гаднаас нь харахад нүүрээ цэвэрхэн будаж, цэгцтэй хувцасласан сайхан эмэгтэй байлаа. Тэр гурван хүүхдийн ээж, 43 настай. 2019 онд умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ. Түүнээс хойш эмч нартай хамтран аюулт өвчинтэй тэмцэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг даван туулж чаджээ. 

Тэрээр бага хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа буюу хоёр сартайд нь өвдөж эхэлжээ. Тухайн үед хүнд өвчнийг даван туулалахад нь дэмнээд өгөх хүнгүй үлдэж байснаа уйлчихгүйг хичээн, нулимсаа залгин байж ярилаа. 

“Өөртөө цаг зав гаргахгүй, маргааш, нөгөөдөр гэж хойш нь тавьсаар нэг мэдэхэд хорт хавдартай болсон байсан. Охиноо төрүүлээд хоёр сартай байхдаа цус алдсан. Төрөөд удаагүй байсан болохоор юу болоод байгааг мэдээгүй. Төрсний дараа тохиолддог зүйл гэж бодоод эхлээд тоогоогүй. Ингээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, гайгүй болчихно гэж явсаар цаг алдсан. 

Хөх өвддөг юм билээ. Хөхнөөс идээ гарах үед гайхсан. Хүүхдээ хөхүүлэх боломжгүй болж, хөхнөөсөө гаргасан. Ингээд эмнэлгээр явж, шинжилгээ өгснөөр хавдартай болсноо мэдсэн.

Нөхөн үржихүйн эрхтнээр вирус хурдацтай тархсан болохоор авахуулах шаардлагатай гэсэн. Анх тэрийг сонсоод маш их цочирдсон. Тухайн үед хамт туулах, энэ бэрхшээлээ хуваалцах хүн байгаагүй. Ээж, аав маань гадаадад байлаа. Нөхөр тэр үед хаяад явчихсан. Нялх хүүхэдтэйгээ л үлдлээ. Яг тэр үед ковид гарсан... Эрт илрүүлчихсэн бол ийм зүйл тохиолдохгүй байсан” гээд тэр нулимсаа залгив. 

Хэрэв эрт илрүүлгийн шинжилгээгээ цаг тухайд нь өгч байсан бол аюулт өвчинтэй нүүр тулахгүй байсан... Ийн халаглах бүсгүй умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээндээ заавал хамрагдаж байхыг эмэгтэйчүүддээ дахин дахин уриалж байна.

ЯЛАГЧ ӨВЧНӨӨС ГАДНА ЮУГ ДАВАН ТУУЛСАН БЭ?


Тэр нэг ч өдөр өвчинд бууж өгөөгүй. Ар гэр, үрсийнхээ төлөө амьдрал өөд тэмүүлсэн. Эд, эсийнх нь ширхэг бүрээрээ өвдөх өчнийг тэвчсэн. Тэднийг өвчнөөс гадна ойр тойрны хүмүүсийнх нь хандлага, сэтгэлийг нь маш ихээр өвтгөдөг. Дэмжлэг, хайр хэрэгтэй.

...Одоо бол ямар ч байсан бүгдийг нь даван туулаад гарсандаа маш их баяртай байна.

Өвдөөд ирэхээр хүн болгон л зугтдаг юм билээ. Өвчтэй хүн ээж, аав, ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд гэр бүлээ залхаадаг. Ганц хүн хавдар тусаад зогсдоггүй. Гэр бүлээрээ өвддөг. Үхчихвий гэж айсандаа ч юм уу, дэргэдэх хань хүртэл зугтаадаг.

Дээрээс нь санхүүгийн асуудал хүндэрнэ. Миний хувьд гурван хүүхдийнхээ мөнгө, хавдартай хүнд олгодог группын мөнгө гээд 800 мянган төгрөгөөр амьдарч байна.

Гэхдээ эерэг байгаарай. Дандаа хүний сайн талыг олж хараарай. Бид өвдсөн ч эрүүл болж чадна. Эх хүнд хүүхдээ үлдээгээд үхэх эрх байхгүй шүү дээ. Орхиод явж болохгүй. Одоо би илүү эерэг болсон.

Хүн өвдлөө гээд хавь ойрын хүмүүсээ айлгаж болохгүй. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг байх зориг, тэвчээрэй байх хэрэгтэй. Би өвдөж байна гэвэл улам л өвдөж, илүү шаналдаг. Ер нь энэ өвчинтэй нүүр тулаад тэмцэхэд эерэг байхаас эхэлдэг юм байна гэж бодож байгаа. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.

Өвчтэй байхад эмч нар бидний сэтгэлд хамгийн эерэгээр нөлөөлдөг юм билээ. Эмч нартаа маш их баярлаж байна. Энэ өвчний ард гарч, эрүүл болж байгаа гэдгээ сонсох үнэхээр сайхан.

Бүсгүйчүүд маань эрт илрүүлэгтээ хамрагдаж, охидуудаа ч гэсэн эртхэн үзүүлж байгаарай. Би бол төрчихсөн хүн. Гэтэл хүүхэдтэй болж амжаагүй хорт хавдартай охид их байдаг юм билээ. Тийм болохоор бүгд эрүүл мэнддээ маш сайн анхаарч байгаарай. Эрэгтэйчүүд ч гэсэн ийм асуудалд хүрэхгүйн тулд эхнэрээ хайрлаасай гэж хүсэж байна. Бүгдээрээ эерэг байцгаагаарай...

Энэ бол түүний хүн бүрт хандаж урам өгсөн, сэрэмжлүүлж түүхээ хуваалцсан гол зорилго нь.


ЭРТ ИЛРҮҮЛЖ ЧАДВАЛ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР 100 ХУВЬ ЭМЧЛЭГДДЭГ
 

Умайн хүзүүний хорт хавдар нь эмчлэгдэх боломжтой хавдрын тоонд ордог.

Хавдрын үүсгэгч нь Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирус. Энэ нь бэлгийн замаар дамждаг.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Оролзодмаа “Монгол Улсын 2020 оны статистикаар 100 мянган эмэгтэйд ногдох умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн тоо 23.5 хувь байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт юм. Зүүн өмнөд Азийн орнууд буюу Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг улсаас Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт орж байна” гэдгийг  хэлж байна.

Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улсад умайн хавдрын 400 орчим тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, 2020 онд 480, 2021 онд 320 орчим эмэгтэй энэ хавдраар өвчилсөн байна. Нас баралтыг сүүлийн 10 жилээр дундчилбал 150 орчим байгаа бөгөөд өнгөрөгч онд гэхэд 145 эмэгтэй умайн хүзүүний хавдрын шалтгаанаар нас баржээ. 

Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2012-2013 онд умайн хүзүүний өмөнгийн оношилгоо, эмчилгээний удирдамж гарсан. Энэ удирдамжинд тухайн харьяа эмнэлгийн өрх, сум, тосгоны эмнэлэгтээ 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд умайн хавдрыг илрүүлэх эсийн шинжилгээнд 11 удаа хамрагдана гэж заажээ.

Нарийвчилбал, эмэгтэйчүүд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насандаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээг үнэ төлбөргүй өгдөг юм.

Гэтэл бүсгүйчүүд товлосон хугацаанд шинжилгээнд хамрагдахгүй, төдийлөн тоохгүй явсаар хавдрын хожуу үедээ эмнэлэгт ханддаг аж.

Энэ талаар ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын төвийн эмч Г.Ням-Од “Умайн хавдрын эсийн шинжилгээ өгөхөд 10 эмэгтэйн 4 нь эсийн шинжилгээ өгч байна. Бусад нь өгдөггүй.

Жилд шинжилгээ өгөх ёстой зорилтот насны 230 мянга орчим эмэгтэйгээс 90 орчим мянга нь эсийн шинжилгээндээ хамрагдаад 150 орчим эмэгтэй нь шинжилгээндээ хамрагддаггүй. Ингэхээр хавдар нь хожуу үе шатандаа оношлогдох тохиолдол нь нэмэгдэх шалтгаан болж байна.

Хамгийн гол нь тухайн ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээ, мэдээлэл дутмаг байна уу гэхээр үгүй юм байна. Яагаад гэхээр ХСҮТ дээр үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 10 эмэгтэйн 6-7 нь өрх дээрээ эсийн шинжилгээгээ өгөхөө мэддэг, өрхийн эмнэлгээс нь шинжилгээнд хамрагдах талаар мэдээлэл мессеж, захиагаар өгөхөд, мэдсэн мөртлөө үзүүлдэггүй тохиолдол их гардаг. Та яагаад үзүүлдэггүй вэ гэхээр зав байхгүй, ажилтай гэх мэтээр олон асуудал ярьдаг.

Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй явсаар, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед нь үзүүлэхэд аль хэдийнэ хожуу шатандаа орчихсон байдаг. Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн шинжилгээнд хамрагдалт маш бага байна” гэлээ.


УМАЙН ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
 

Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирусийн халдвар 140 гаруй хэв шинжтэй байна. Үүнээс 30 орчим хэв шинж нь умайн хүзүүний хортой хавдар үүсгэж байна. Энэ 30 орчим хувийг өндөр эрсдэлтэй, дунд, бага эрсдэлтэй гэхчлэн тогтоочихсон.

Дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын 8 нь Хүний хөхөнцөр вирусыг халдвартай байна гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн тээгч байдлаар байна. Гэхдээ халдвар авсан эмэгтэй бүрт умайн хүзүүний хавдар үүсэхгүй. Халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь өөрийн дархлаанаас хамаараад вирусыг устгадаг. Өнөдөр эрсдэлтэй вирусын халдвар авсан бол хавдар үүсэх эрсдэл өндөр.

Эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, олон удаа төрсөн зэрэг нь эрсдэлийг нэмдэг.

Вирусын халдварыг аваад 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар үүсэж эхэлдэг. Мөн эрсдэлээс хамаараад 5 болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал өвчин бий болдог. Умайн хүзүүний хавдар шууд үүсдэггүй. Урьтал үе шатыг дамжиж, хортой хавдар үүсгэдэг. Вирусын халдвар авсан эмэгтэйд таван жилийн дараанаас эхлээд эрсдэл нэмэгдэж байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Тиймээс ч гурван жил тутамдаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээнд хамрагдаад явбал хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.200) 2022 оны 03 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0
зочин(202.9.46.124) 2022 оны 03 сарын 01

Өвчингүй элэг бүтэн амар амгалан стрессгүй байх чинь жинхэнэ жаргал.

0  |  0
guest(121.170.118.104) 2022 оны 02 сарын 25

uim uyd n hayad yavdag nuhur bas bdg aa, aimshigtai hun chanargui amitnaas dor yuma. za davaad garsan bolnoo. umai uurgee guitsetgesen tul sanaa zovoltgui eruul bgarai

1  |  0
Top