ТОГЛОЛТЫН СУРВАЛЖИЛГА| Сэрэхүй, бодохуй - 30 жилийн уянгатай МАНДУХАЙН ЭГШИГ

2018 оны 12 сарын 24

“Мандухай сэцэн хатан” Монголын уран сайхны киноны хөгжмийг анх удаа бүрэн эхээр нь сонсогчдын хүртээл болголоо.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө буюу 1989 онд “Мандухай сэцэн хатан” Монголын уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байжээ. Киноны амин сүнс болсон хөгжмийг Урлаг судлалын ухааны доктор, профессор, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров бичсэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл хөгжмийн зохиолч эл бүтээлийнхээ 30 жилийн ойд зориулан “Мандухай сэцэн хатан 30 жил” киноны хөгжмийн концертийг зохион байгуулж, 30 жилийн өмнөх найруулга, бүрэн эхээр нь анх удаа сонсогчдын хүртээл болгов. Хөгжмийн концерт 2018 оны арванхоёрдугаар сарын 22, 23-нд “The Corporate Hotel and Convention Centre”-т үзэгчдийн нижгэнэсэн халуун алга ташилт дунд болж өндөрлөлөө.

Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров “Мандухай сэцэн хатан” хөгжмийн концертоо улс төр хийгээд нийгмийн тогтворгүй байгаа энэ цэг үед монголчуудынхаа оюун ухааныг сэрээж, сэтгэлийг дэмжих гэсэн урлагийн хүний үүрэг хэмээн ухаж, зохион байгуулахаар шийдсэнээ ярьсан юм. Тэрбээр өөрийн тоглолтыг үе үехэн хөтөлж бэлэг барьдаг заншлаараа энэ удаа мөн тоглолтоо хөтөлж, хөгжмийг тайлбарлан тайлсан нь үзэгч, сонсогч авхайд, оюуны цэнгэл эдлүүлэхүйц нэн таатай байв.

Концертийн нээлтэд тус киноны жүжигчид, инженер техникийн ажилчид гээд кино багийнхан өргөн бүрэлдэхүүнээрээ уригдан иржээ. Харин Мандухай хатны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Н.Сувд ОХУ-д томилолтоор ажиллаж байсан учир видео мэндчилгээ илгээсэн байв. Мөн үеэр хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тухайн уран бүтээлд мөр зэрэгцэн ажиллаж явсан зарим нөхдөө тэнгэрийн орноо зорьсныг дурслаа.

Анх киноны хөгжмийг дөрвөн удирдаачийн удирдлагад Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Улсын Ардын дуу, бүжгийн чуулгын найрал хөгжим, ДБЭТ-ын найрал дуучид, уртын дуучид амилуулан бүтээжээ. Харин өдгөө удирдаач Ч.Чинбатын удирдлагад Улсын филармонийн симфони найрал хөгжим, "Морин хуурын чуулга", уртын дууч, найрал дуучид сонсогч олны сонорт хүргэлээ.

Энэ үеэр Н.Жанцанноров “Дөрөө мялаасан цацал” хөгжим дээрх Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын хамрын гунганааг Үндэсний их театрын дуучин Ц.Түмэнжаргал болон Дүгиймаа нар орлон гунганахыг дуулгаж, Дүгиймааг онцлон танилцууллаа. Тэрбээр ӨМӨЗО-Хөлөнбуйраас ирж, СУИС-д Н.Норовбанзад гуайн шавь, А.Нэргүйн удирдлагад суралцаж байгаа аж. Н.Жанцанноров гуай яагаад энэ дуучныг онцолсноо “Бид монгол соёлын тухай ярихдаа зөвхөн Монгол Улсын хил хязгаараар ярьж болохоо больсон үе. Бид дэлхий дахинд Монгол гэдэг нэг том соёлын төлөө тэмцэх ёстой. Тийм учраас Дүгиймаагаа сонгож дуулуулсан” хэмээн тайлбарлав.

Зургийн тайлбар: Зүүн гар талаас хоёр дахь нь СУИС-ийн оюутан Дүгиймаа

Тэрбээр тус концертоо үзэгч, сонсогчдод ойлгомжтой байлгахын тулд “МАНДУХАЙ ЭХ ХАТАН, ТӨРИЙН ТҮМЭН ҮЙЛ, ХАЛ ҮЗСЭН НУТАГ МИНЬ” хэмээх гурван чуулбарт хуваажээ. Чуулбар бүр 8-9 хөгжимтэй бөгөөд хөгжим бүрийн өмнө тайлбар үг бичиж, МУСГЗ, нэвтрүүлэгч С.Батцэрэнгээр уншуулсан байлаа.

Киноны хөгжмийг одоо сонсоход Мандухай хатны сэтгэл, амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг илэрхийлсэн аялгуу хэвээрээ ч хөгжим нь өөрчлөгдөөд байгааг мэдэрнэ. Энэ бол ХХ зууны төгсгөлийн дэлхийн томоохон хөгжмийн зохиолчдын шинээр барьж байсан барил. Өөрөөр хэлбэл, нэг үзэл санаанд нэг аялгуу барьж, тэр үзэл санаа уйтгартай, баясгалантай зэргээр хаашаа эргэх вэ гэдгийг аяыг бус хөгжмийг өөрчлөх зарчмаар бичжээ. Тиймээс сонсогч эхний найман хөгжмөөс мөнөөх л Мандухайн ганцхан аяыг сонсоно. Гэхдээ найман өөр хөгжмийг сонсох юм.

Тухайлбал, нэгдүгээр чуулбар /МАНДУХАЙ ЭХ ХАТАН/-т Хан төрийн уурга, Болзоот учрал, Гансрал, Үрээрээ тахисан төр зэрэг есөн төрлийн хөгжмөөр Мандуул хааны хатан болохоор явахын өмнө Мандухай өөрийн сэтгэлт Өнөболд вантай уулзан хагацаж байгаа сэтгэлийн уянга, хааныг насан өөд болсны дараа Өнөболдтой сэтгэл хөдлөн уулзах ч алсын санаанд нийцэлгүй салан одох, хүний хүйтэн гар, ирт сумны үзүүрт Ээжээ! гэж чарлан амиа алдах хүү, Мандухай эх хатны зүтгэл, хүний сайхан сэтгэл, хар санаа, аюул занал энэ бүгдийг сонсож, мэдэрнэ.

Ийнхүү сэтгэл уярааж, зүрх дэлслүүлсэн их хөгжмийн сүр хүчийг бишрэхийн сацуу эх нутаг, элгэн садан, өнөөдрийн тусгаар улс байгаагийн үнэ цэнийг дахин ойлгож, омогшин ухаарах ажгуу... Нирррх нирррх нирррх алга ташилт үргэлжилсээр... Үзэгчдийн талархал, баяр хүргэсэн мэндчилгээ, тэврэлт энэ дундуур амжиж эрхэм хүний сэтгэгдлийг сонслоо.

Н.Жанцанноров: Энэ хатуу цагт “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг
Та бүхнийг сэрээсэй, бодоосой гэж хүргэлээ

-...Өнөөдөр бид “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Монгол Улсад өнөөдөр улс төрийн нөхцөл байдал таатай биш байна. Ийм үед соёлын, оюун санааны талд байгаа хүмүүс Монголын нийгмийн амгалан тайван байдал, иргэдийнхээ сэтгэл санааг тэгшилж байх үүрэгтэй гэж боддог. Тийм учраас энэ цаг мөчид концертоо хийе гэж шийдсэн нь үүргээ биелүүллээ гэж бодож байна. Хөгжмийн хувьд сонсоход хэдийгээр 30 жилийн өмнөх ч гэсэн зарим үед бүр цоо шинэ мэт сонсогдож л байна, заримдаа хуучин ч бас сонсогдож байна. Гэхдээ тоглолтыг үзэж, сонсож байгаа хүмүүс үндэстэн гэдэг зүйлийнхээ уг үндсийг “Нээрээ бид нар чинь юу билээ, бид нар чинь ингэж үймэж даймах шаардлага байна уу, бид нар чинь ийм эх оронтой, ийм их түүхтэй, ийм баян, жаргалтай, ийм үндэстэн шүү дээ” гэж бодож байгаа юм болов уу гэж мэдэрлээ.

Үндэсний онцлог гэдэг цустай их холбоотой зүйл биш гэж би бодоод байгаа юм. Бид нар Чингисийн үр сад, алтан ургийнхан, бид нар хөх толботой, тэнгэр заяатай, тийм учраас бид нарыг дэлхийн хамгийн том үндэстэн байлгана. Тийм учраас бид ажил хийсэн ч яадаг юм бэ, хийгээгүй ч яадаг юм бэ, газар доор хэчнээн уурхай, баялаг байна гэж цусаа бодож болохгүй юм байна.

Үндэстэн яаж оршин тогтнодог вэ гэвэл нийгэм ямар залуур залдаг, тэр үндэстэн өөрөө ямар хэл соёлыг авч явдаг, тэр хэл соёлоо хэр өндөрт авч явдаг, хэдий чинээ бусдаас ялгарч чаддаг, тэгсэн мөртлөө бусдын ололтыг өөртөө шингээдэг, тийм үндэстэн олон мянган жил оршин тогтнодог.

Хүний амьдрал маш урт, маш богинохон. Бид нар 60-хан жил, ухаан ороод 40 жил амьдардаг, өчүүхэн зүйл. Бид нар юуны төлөө тэмдэг вэ, үрс үр хүүхэд минь  энэ улс оронд, тусгаар тогтносон энэ хоёр гүрний хооронд мянга мянган жил оршиж, үр хүүхэд маань аз жаргалтай сайн сайхан байгаасай, хүнээс дутахгүй яваасай гэж бид зүтгэдэг. Тийм учраас өнөөдрийг бид хэрэглэхдээ маргаашийн тухай үргэлж бодож байх ёстой юм байна. Маргаашийн тухай бодож чадаж байгаа хүн өргөрснөө илүү хүчтэй өргөж явах ёстой юм. Бид 21-р зуунд хүн төрөлхтөн глобалчлагдаж байна гэж ярьдаг. Энэ бол огт худлаа. Хаана хүч байна түүнийг дагаж байгаа болохоос биш хүч бол манай үндэстнийг авч явдаг зүйл биш.

Биднийг юу авч явах ёстой вэ гэхээр энэ нутаг орныг эзнээ гэж бодож байгаа бол энэ нутаг орны хэл, соёл, түүхийг хүн бүр тээж явах ёстой юм байна. Тийм ч учраас бид өнөөдөр ийм хатуу, ийм хэцүү цагт “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг дахин сонсголоо. Та бүхнийг сэрээсэй, бодоосой гэж хоёр, гурван цаг чилээлээ. Чилээсэн энэ цаг хугацааг та бүхэнд өчүүхэн ч гэсэн нэмэр болоосой гэж бодож байна.

Монгол Улс үүрд мандан хөгжинө гэдэгт эргэлзэхгүй, эргэлзэхийн ч аргагүй. Яагаад гэвэл бид маш баян. Бидэнд оюун ухаан, эд баялаг, алт эрдэнэс бий. Энэ муу утааг чинь хоёр гурван жилийн дараа аваад хаячихаж чадна. Тийм учраас  битгий эв түнжингүй бай, бие биеэ битгий хэмлэх гэж оролд, битгий муу муухай үг хэл. Сайхан бүхнийг дотроо шингээн бодож байж, тал дүүрэн малтай, тансаг сайхан амьдрал та бидний өмнө байх юм...

Тийм ээ, түүний хэлдгээр утаа, нийгмийн бухимдал, улс төрийн жижиг самуурал хөгжиж буй улс оронд байдаг л  зүйл. Аливаа улс орны иргэдийн даван туулах ёстой нэгэн шалгуур, нэгэн даваа. Харин улс орон он удаан жил оршин тогтнох үндэс нь уламжлал, хэл, соёл, ахуй билээ.

 

Д.Үржинбадам

Гэрэл зураг: Д.Амаржаргал

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаваа(202.126.89.3) 2018 оны 12 сарын 25

Тоглолтыг узсэн, оюун сэтгэлээ ариусгаж чадсаан. Сайхан #уран яруугийн хурим болсондоо.

0  |  0
Dolgorsuren(103.212.119.148) 2018 оны 12 сарын 25

Uunees uur gaihamshig, ulemj tugs yum haana bainaa...aguu bagsh min bayrlalaa.niitleliig unshaad uillaa...bagshdaa az jargal eruul enhiig husee shavi Dogoo ni

0  |  0
zochin(88.130.50.37) 2018 оны 12 сарын 25

Gaihamshig. Sonsood ch hanahaargui hogjim, aya. Jantsannorovgui bol mongolyn Bah, Bethoven, Mozart.

0  |  0
Зочин(202.126.89.183) 2018 оны 12 сарын 24

Хөгжмийн зохиолч хүн хөгжимчин үрсээрээ хөгжмөө тоглож байхад бахархахгүй өөр хаана?

0  |  0
Зочин(103.26.192.43) 2018 оны 12 сарын 24

Тоглолт бүртээ хүү , охиноо тодотгодог болохоос уг нь сайн хөгжмийн зохиолч шүү.....

0  |  0
уншигч(112.72.2.206) 2018 оны 12 сарын 24

Сайхан сурвалжлага байна. Биширмээр тоглолт болсоон. Амжилт хүсье.

0  |  0
Top