...Амандаа зуусан өвс минь нэгэн хөгжим үүсгээд
Аялгуу болоод одох нь хонгор өдрийн сэнсрээ биз
Амтат дарсны тунгалаг буданд бодол исгээд
Амрагийн дуунд ганхаж суусан минь санагдаа биз... Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны ийн шүлэглэсэн шиг нэг гэгэлгэн, шаргал “Тунгалаг гунигийн улирал”-аар “Үнэг” номын мухлагийг зорилоо.
Энэхүү соньхон нэртэй номын мухлаг “Хар далай” гэх кофе шоптой өнгө хоршуулан, үүдээ нээгээд сар гаруй болжээ.
Үүдээр нь ороход л халуун кофены сэтгэл сэргэм үнэр хамар цоргиж, буйдхан дулаан орчин угтана. Яг л даарч яваад орон гэрээ бараадах шиг таатай.
Кофе шопынх нь тохижилт ямар догь гэж санана... Нэг ханандаа далайд хөвж буй том хөлөг онгоц зуржээ. Бусад хананд нь том жижиг хүрээтэй уран зургууд, бяцхан дарвуулт завь, хүрдэт цаг, сүлжмэл тор, гитар, хуучин чемодан, пянз тоглуулагч, төмөр пошкаар хийсэн явган ширээ, өнгө бараан буйдан… Энэ бүгд нийлээд эрт үеийн барууны кинон дээр гардаг хуучин дарвуулт завиар хаашаа ч юм аялж буй мэт. Харин том цонхтой зүүн талын тасалгаанд нь хар өнгийн тавиур дүүргэсэн “Үнэг”-ийн ном өнгө нэмнэ.
Тэнд хүмүүс үнэхээр аялж буй бололтой... Нэг хоёр нь шатар нүүж, зарим нь кофе уун, хоорондоо яриа өрнүүлнэ, нөгөө хэсэг нь ном уншина. Ийм амьдлаг орчинд “Fox book corner” буюу “Үнэг” номын мухлаг номд хайртай бүхнийг тосон угтаж байна.
“ЧАНАРТАЙ ЮМ УНШ”
“Үнэг” номын мухлагийн номын тавиур дээрх бүх номын нүүрийг нааш харуулан өржээ. Бусад номын дэлгүүртэй харьцуулахад талбай жижигтэй учир уншигчид олон ном дунд төөрөхгүй, гарт ч ойр ажээ. Харин худалдаалж буй номууд нь уншигчдын хэрэгцээнд нийцсэн, энэ цагийн шилмэл, шедевр номуудаас бүрджээ. Тиймдээ ч “Үнэг” номын мухлагийн уриа нь “Чанартай юм унш”.
Энэ талаар тус номын мухлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Энх-Уянга хэлэхдээ “Аз болоход Б.Хатантөмөр (ард өгүүлнэ) бид хоёр чамгүй сайн уншигч байж таарсан. Номыг сайн, муугаар нь үнэлнэ гэдэг дэлгүүрийн хийх ажил уу? гэвэл сонин л доо. Түүнийг судлаач, шүүмжлэгч, уншигчид нь дүгнэдэг зүйл байх. Гэхдээ зохиолч, уншигчийг холбодог гүүр болсон номын дэлгүүр, бидэн шиг жижиг мухлагууд уншигчид ямар ном сонирхож байна, унших хүсэлтэй байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэгээд аль болох л шинэ, хуучин цагийн, гадаад болон дотоодын сайн уран бүтээлүүд санал болгох ёстой. Манай санал болгосон ном уншигч нарт сайн хүрдэг л дээ.
Манай мухлагт Г.Аким гүүшийн орчуулснаар Рашид Ад Дины “Шашдирын чуулган”, Д.Маам, Д.Урианхай, Р.Чойном, Д.Намдаг, С.Дашдооров, Ж.Лхагва, Л.Түдэв гээд ахмад үеийн сайн монгол хэлтэй, сайн уран зохиолын номууд, дунд үеэс яг ид үедээ бичиж буй М.Уянсүх, Бидэрийн Баярсайхан, Пүрэвжавын Майнбаяр гэх мэт зохиолчдын ном байна. Залуу үеийнхний ч ном бий. Дээрээс нь энэ цаг үеийн давлагаа болж буй орчуулгын уран зохиолууд байна. Ингээд дурдвал олон бий” гэсэн юм.
Ерээд оноос өмнө манай улсад Оросын сонгодог уран зохиолын номууд уншигчдын оюуныг хооллож, түүгээр уран зохиолын сайн сайхныг мэдэрч байсан бол одоо Азийн уран зохиолын давлагааны үе ирснийг тэд номын мухлаг ажиллуулснаасаа хойш анзаарчээ.
Энэ талаар “Саяхан манайд хятад хэл судлаач хүн орж ирээд ном сонирхоод явсан. Тэрхүү судлаач хятад хүмүүс нь уншаад ойлгоход бэрх уран зохиолын хэллэгтэй, дээрээс нь Хятадын дандаа эрт, хувьсгалын үеийн уран зохиол бичдэг Мо Янь, Янь Лянкө, Үй Хуагийн номуудыг монгол залуус яагаад их уншиж байна вэ гэж асууж байна. Бид бол мэргэжлийн уран зохиолч, судлаач биш учраас нарийн тайлбарлаж мэдэхгүй юм. Гэхдээ хятад хэлнээс орчуулж байгаа Монголын орчуулагчид сайн байна. Зөвхөн Хятадын уран зохиолоос гадна Японы Ёко Огова, Рю Мүраками, Харүки Мүраками гээд өчнөөн зохиолчдын бүтээл бий. Энэ нь орос хэлнээс сайн орчуулдаг байсантай ижил нэг үеийн давлагаа юм болов уу л гэж бодож байна” гэсэн юм.
ЗАЛУУС ЯРУУ НАЙРГААС ӨӨРИЙГӨӨ ХАЙДАГ
“Үнэг” мухлагт худалдаалж буй номын 30-40 хувь нь яруу найргийн ном аж. Тухайлбал, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Л.Хасар, Б.Эрдэнэсолонго,Д.Галсансүх, дунд үеэс Г.Лхагвадулам, Б.Батзаяа, Я.Баяраа, Ш.Хатанбүүвэйбаатар, Г.Цогбадрах тэргүүтэй энэ цагийн залуу найрагчдын шүлгэн дэвтрүүд байна.
Түүнчлэн яруу найргийн номын уншигчдын ихэнх нь 30-аас доош насны залуус. Энэ талаар Б.Энх-Уянга “Яруу найрагчид хүмүүс яруу найргийн ном худалдаж авъя уншдаггүй гэдэгтэй эвлэрчихсэн учраас зарах дургүй, бусдад бэлэглээд явчихдаг. Харин манайд бол яруу найргийн ном хамгийн их зарагддаг. Тэгэхээр бид яруу найргийн номыг борлуулж чадаж байна. Энэ нь бусад номын дэлгүүрээс жаахан ялгарах нэг онцлог байх.
Хүүхэд, залуучуудыг орж ирэхээр ямар ном уншихыг хүсэж байгааг нь ярилцахад дийлэнхдээ яруу найргийн ном сонирхдог. Хамгийн эрэлттэй байгаа нь Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд”, Э.Бүжинлхамын “Намрыг мартагсад”, А.Урантогос, Ц.Дэлгэрмаагийн яруу найргийн ном. Эдгээр найрагчдыг залуус сайн шүлэгтэй гэж үнэлдэг. Нөгөө талаас тухайн найрагчид тэдэнд хэрэгтэй зүйлийг нь мэдрүүлж чадаж байна. Ерөнхийдөө залуус 20 гаруй насандаа “би”-гээ олох, эсвэл илүү дотоод руугаа анхаардаг болсон юм уу, түүнийгээ шүлэг, яруу найргаас хайж байх шиг санагддаг. Тэгээд өөрсдийг нь хэн илэрхийлж чадаж байна вэ? Яг одоо намайг хэн илэрхийлж, намайг хэн ойлгож байна вэ гэж бодож л уран зохиол, яруу найргийн ном сонгоод байх шиг. Тэгэхээр тэр хайлтад нь бид тодорхой хариулт нь болох юм сан гэж боддог” гэв.
ЗӨВХӨН ХУДАЛДААГ ЧУХАЛЧЛААГҮЙ “ҮНЭГ”-ийн ЭВЭНТҮҮД
Номын мухлаг учраас зөвхөн худалдааг чухалчлахгүй, шинэлэг байна гэдгээ нээлтийн өдрөө яруу найргийн уншлагатай эхлүүлснээр илэрхийлсэн. Түүнээс хойш зохиолчдоо дэмжсэн, оюуны хөдөлмөрийг үнэлэгч хэн бүхэнд өгөөжтэй ажлуудыг санаачлан, хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Уран бүтээлчийн 7 хоног”-ийг санаачилж, эхний эвэнтээ Төрийн шагналт зохиолч, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын амьдрал, уран бүтээлээр эхлүүлсэн. Ингэхдээ зохиолчийн уран бүтээл, амьдарсан он цаг, намтар түүхийг уншигчдад хүргэхийг зорьжээ.
Энэхүү ажлыг “Итгэл Марал” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, Мори Этогийн “Өнгөлөг” хэмээх номын орчуулагч, нэрт зохиолчийн охин Д.Маралгоотой хамтран эрхэм хүмүүний Амин хууч, Хатан туулын ус, Өндөр ижий зэрэг номыг тухайн долоо хоногт уншигчдад танилцуулсан байна.
Бид номтой илүү ойр болсныхоо дараа өмнөх үеийн уран зохиолч, монголын түүхийн үнэ цэнийг агуулагч, оюуны их ундарга, эрхэм хүмүүсийн түүхийг мэддэг, уран бүтээлийг нь ойлгодог, үүнийг илэрхийлж чадах хүмүүс маань өдөр ирэх тусам цөөрч буйг ойлгосон.
Жишээлбэл, С.Дашдооров гуайн тухай одоо гэр бүл, үр хүүхдүүдээс нь гадна уран бүтээлчийнхээ талаас ямар хүн байсан бэ, юу ярьж байсан бэ, хувь зан чанарыг нь хэн тодорхойлж чадах вэ гэхээр До.Цэнджав багш, О.Содномпил багш гээд гарын таван хуруунд багтахаар цөөн байна. Маш хайран санагдсан. Анхны зүйл учраас алдаа, оноо байсан. Гэхдээ үүнийг орхиж болохгүй, маш хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Тэдгээр мундаг хүмүүсийг мэддэг байсан хүмүүс ч өдрөөс өдөрт цөөрч байна. Тиймээс маш хурдтай, гэхдээ чанартай зүйл хүргэхийг хичээж, нэвтрүүлэг хийж байгаа” гэлээ.
“Уран бүтээлчийн 7 хоног”-ийн дараа, дараагийн дугаартаа Монголын богино өгүүллэгийн мастер гэж нэрлэгддэг Жагдалын Лхагва, Бөхийн Бааст, С.Буяннэмэх, Д.Галсансүх нарыг онцлохоор төлөвлөжээ. Үүнээс гадна монгол болон орчуулгын уран зохиолын номын тухай ярих “Fox podcast”-ийн төлөвлөгөөг гаргасан бөгөөд ойрын хугацаанд нийтэд хүргэх аж. “Үнэг” номын мухлагийн сонирхолтой арга хэмжээнүүд үүгээр дуусаагүй. Яруу найргийн уншлага, номын сонсголоо тогтмолжуулна. Мөн өнөө цагт номын доторх агуулгын салшгүй нэг хэсэг нь тухайн номын хавтас, дизайн гэдгийг ойлгох цаг болсныг сануулж, “Сайхан ном” шалгаруулах уралдаан явуулахаар төлөвлөсөн байна. Сонирхуулахад, Жагдалын Лхагвын орчуулсан “Японы яруу найраг” гэх ном хуучин цагт өнгө үзэмжээрээ Монголын хамгийн сайхан номоор шалгарч байжээ.
МӨРӨӨДЛӨӨРӨӨ ХӨТЛӨЛЦСӨН НӨХӨРЛӨЛ
Жижигхэн боловч баялаг энэ мухлагийг хоёр найз мөрөөдлөө ярилцсанаар бодит болгож чаджээ.
Тэдний нэг бол орчуулагч, редактор Б.Хатантөмөр. Түүнийг уншигчид Чарльз Буковскийн “Хүүхнүүд”, Жорж Самүэлв Клэсоны “Вавилоны хамгийн баян хүн”, Луиз Лауригийн “Өвлүүлэгч” зэрэг номын орчуулагч гэдгээр сайн мэдэх биз.
Тэрээр хамгийн сүүлд “Мон судар”-аас эрхлэн гаргасан Волтер Тевисийн “Бэрсийн Гамбит” номыг орчуулжээ. Харин нөгөөх нь МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Б.Энх-Уянга. Тэрээр “Цагийн зүүний дагуух намрын гуниглал”, “Тайтгарал” хэмээх хоёр яруу найргийн ном гаргаад буй. Ийм хоёр өнгөний хоршлоос өнөөдрийн бидний танилцаж буй “Үнэг” номын мухлаг үүдээ нээжээ.
Б.Энх-Уянгын хэлснээр тэд дангаараа үүнийг хийсэн бол энэ хүртэл яваад, эсвэл эхлүүлж чадах байсан тухайд эргэлзээтэй. Ямар азаар хүүхэд насны мөрөөдлөө ярилцаж, түүнийгээ бодитоор хийж чадна гэж биедээ итгэж, яг одоо хамт эхлүүлсэн юм бэ. Өнөөдөр тэдний мухлагт зохиолчид өөрсдөө номоо авчирч өгдөг болжээ. Үүнийг тэд хайр гэж талархана. Ер нь номын зохиолчтой нь уулзахыг хүсвэл энэ мухлаг дээр таарахаар аж. Зохиолч, найрагчид өдөр тутамдаа, үгүй юм аа гэхэд долоо хоногтоо заавал мухлагаар зочилж, шинэ номтой танилцаж, шинэлэг санаа оноогоо хуваалцдаг байна. Мөн “манай мухлаг маш сайн уншигч нартай болсон” гэж гайхуулаад амжсан.
Харин цаашдаа номын мухлагаа том дэлгүүр болгох уу? гэхэд “Дэлгүүр болгохгүй. Мухлаг чигээр нь байлгаж, халуун дотно, ойр мэдрэмжийг үгүй хийхгүйгээр, авч явахыг зорьж байна. Энэ бол бидний мөрөөдөл байсан, сүүлдээ хүсэл болсон. Одоо харин биелсэн цаг хугацаа. Тэгэхээр хүүхэд насны хүсэл мөрөөдөл болсон нандин зүйлээ нандин чигээр нь авч үлдэх юм сан гэж л бодож байна. Бид яг энэ мөчид мухлагаа нээснээр 30 гаруй насаа хамгийн зөв зүйлдээ зориулж, түүнийхээ төлөө хичээж яваа хүмүүс” гэсэн хариулт өглөө.
“FOX” ТЭМДЭГЛЭЛЭЭ УНШИГЧИЙН ӨНЦГӨӨР ТӨГСГӨХИЙН УЧИР
“Үнэг” номын мухлагаар үйлчлүүлэгчдийн нэг “Эрчүүдийн үнэн түүх” номыг уншин буйдан дээр тухалжээ. Түүнийг Хурц-Эрдэнийн Баттүшиг гэдэг. Түүнээс тус номын мухлагийг сонгох болсон шалтгаан, сэтгэгдлийг сонирхлоо.
Тэрээр “Хүн бүрд ном унших хүсэл байгаа. Гэхдээ ном унших нь тархины зугаа шүү дээ. Юу юугүй амьдралд хэрэг болоод байдаг зүйл биш. Нэг ёсны таашаал юм. Тэгэхээр ном худалдан авах үйл явц маш чухал.
Өнөөг хүртэл явж ирсэн том дэлгүүрүүд зөвхөн номоо л тавьчихдаг. Тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь оюутнууд ч юм уу, сонирхол багатай болоод ч тэр үү номоо ярьж чаддаггүй. Худалдан авагч, үйлчлэгч гэдэг харилцаа биш, номд ижил дуртай хүмүүс бие биетэйгээ харьцах хэрэгтэй. Нэг ёсны өдрийн цагийн club гэж хэлж болохоор. Хоорондоо танилцаад, үзэл бодлоо хуваалцаж, мэдрэмжээ солилцоод явдаг тийм зүйл байхгүй байна. Номын жижиг мухлагууд нээгдэж байна. Би орж үзсэн л дээ. Гэтэл бас л хүйтэн, хөндий. Орчин нь зарим нь цэлгэр, зарим нь энэ мухлаг шиг жижиг хэр нь хүйтэн, хөндий хэвээр байгаа юм.
Харин энэ мухлагийг нээгдсэнээс нь хойш сарын дотор гурав, дөрвөн удаа ирж байна. Тэгэхэд энд байгаа хүмүүс хамтдаа номоо ярьж байдаг. Ном уншдаг хүмүүс хоорондоо амархан ойлголцоно. Цаашдаа асуух зүйл гарвал бие биеэсээ асууж болж байна. Ийм орчныг бүрдүүлсэн газар байхгүй учраас үйлчлүүлэх дуртай" гэв.
Тэрээр цааш нь "Өнөөдөр гэхэд “Эрчүүдийн үнэн түүх” гэдэг номыг сонгочихлоо. Саяхан шинээр гарсан. Ер нь “Boobooks”-ийн номууд чанартай, бас тогтмол гардаггүй. Юу юугүй зах зээлд халгиж, цалгисан их биш. Агуулгын хувьд уншаагүй учраас мэдэхгүй байна. Миний ойлгосноор салбар салбарын нэртэй эрчүүдийн талаар гардаг бололтой байна. Өдийг хүртэл эрчүүд салбар бүрд давамгайлж байсан. Харин одоо эмэгтэйчүүд орж ирж байгаа. Гэхдээ үүн дээр болгоомжтой хандахгүй бол болохгүй. Эмэгтэйгээ ярих гэж байгаа бол эрэгтэйгээ ярих хэрэгтэй учраас иймэрхүү ном хэрэгтэй гэж бодож, сонголоо. Монголын зохиолчид чанаргүй гэвэл бас худлаа болчихно. Одоо ирсэн давлагаа гэвэл орчуулагчид нэрд гарч байна.
Гэхдээ монгол зохиолчид хүртэл уншигчтай болж байна. Би бол монгол зохиол уншиж, монгол кино үздэггүй байсан. Одоо бол монгол шинэ зохиолчдын номыг дуртай уншиж байна. Гэхдээ ихэвчлэн шүлэг л байгаад байна. Шүлэг яах вэ спортоор бол гоё харагддаг спорт гэх юм уу даа, фэйнсин (fencing) буюу туялзуур сэлэм шиг санагддаг. Гэтэл илд бол бас гоё шүү дээ. Зуу зуугаараа зузаан хуудсаар нуршиж байгаа ч тэр бол бас гоё тод байдаг. Иймэрхүү зохиол бичиж байгаа залуу зохиолч ховор л байна” гэлээ.
Ийнхүү тунгалаг гунигийн улирлаар “Үнэг”-ийг сурвалжилсан тэмдэглэлээ өндөрлөе.
Сэтгэгдэл ( 2 )
Goy surljlaga unshlaa ochij nom avna
Odoo uydch iim yum olj unshah ih hovor boljdee. Bayarllaa uneheer saikhan bolj….