Монгол төрийн сүүлчийн хатны “бунхан”-ы газрыг худалдсан мөрөөр... /Цуврал-1/

2018 оны 05 сарын 11

ZINDAA.MN сайтад Дондогдулам хатны шарилыг нутаглуулсан газрыг хүмүүст худалдчихлаа гэх мэдээлэл ирсэн юм. Бид энэ дагуу газар дээр нь ямар байдалтай байгааг сурвалжиллаа.

Монголын төр, шашныг хослон баригч VIII Богд Жибзундамба хутагт хааны хатан, Төрийн Эх дагина Цэндийн Дондогдуламын чандар байгаа гэх газар Шарга морьтын гүүрээр гараад “3-р буудал”-ын замын хойд талын энгэрт, айлуудтай хаяа зэрэгцэн оршино. Албан хаяг нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг.

Ногоо ургаж, цэцэг дэлгэрсэн уулын энгэр ээвэр газар Гэрэлт хөшөө босгосон буйд ганцхан хиргисүүр мэт зүйл байх. Энэ нь  Монгол төрийн сүүлчийн хатны чандар бүхий газар гэнэ. Хөшөөний ойр орчим зурам гүйлдэнэ. Мөн хэд хэдэн тарваганы дош байх бөгөөд ганц хоёр тарвага нүхнээсээ гозойн хошгорч, зарим нь хоорондоо тоглох мэт ноцолдоно. Иргэдийн хэлж буйгаар 40 гаран тарвага байдаг аж. Өнгөрсөн 2017 онд Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийн тарвагануудыг хамгаалах зорилгоор нүүлгэн шилжүүлсэн. Эндээс ч мөн шилжүүлэлт хийжээ.

Тэр бүгдийг харахад онгон дагшнаараа, хөдөө нутагт ирсэн мэт. Эргэн тойронд нь зуслангийн байшингаар дүүрсэн, хүн, машин ихтэй тэнд хэсэгхэн газар байгалиараа хадгалагдаж байгаагаас харахад үнэхээр л хатнаа сүслэн дээдэлж, түүхийн дурсгалт газраа хайрлан хамгаалсан иргэдийн хүч болов уу гэмээр.

Харамсалтай нь тэр буйдхан “алга дарам” газрыг тус дүүргийн газрын албанаас хүмүүст эзэмшүүлжээ. Оршин суугчдын ярьж буйгаар гэнэт л энэ оны дөрөвдүгээр сараас байшин барьж эхэлсэн аж. Иргэд учир явдлыг асууж шалгаахад газрын эзэмших эрхтэй, түүнийг өөр нэгэнд зарсан байж. Иймээс олон жил хайрлан хамгаалж ирсэн дурсгалт газрыг сүйтгүүлэхгүй гэж Хорооны удирдлага, алба хаагчид болон иргэд эсэргүүцэж зохих газруудад хандаж байгаа юм байна.

Биднийг очиход Эх Дагины гэрэлт хөшөөний хойно, 10-аад алхмын зайд амьдрах зориулалт бүхий байшин барьж байв. Мөн хажууханд нь өөр нэгэн эзэмшигч хашаа хатгажээ. 19-р хорооны Засаг дарга Ш.Батдоржийн ярьснаар дүүргийн газрын албанаас 10 айлын газар олгосон байжээ. Тухайн газрын кадастрын зурагт Гэрэлт хөшөөг оруулан гаргасан байна.

Хороондоо 20 гаруй жил амьдарч байгаа иргэн Х.Доржбат: Энэ газрыг анх авсан хүн нь Сэлэнгээ гэж эмэгтэй байгаа. Сарын өмнө ирээд л энэ газрыг би авчихсан, орон гэргүй хүүхдүүдэд зориулсан буяны байгууллага барих гэж байгаа. Дөрвөн газарт би өөрөө юм хийнэ, дөрвөн газрыг нь зарчихсан гэж өөрөө надад хэлсэн. Гэтэл бүгдийг нь зарсан байна лээ. Ер нь энд нийт 10 айлын газар олгосон байгаа.

Энэ газар дээр үед хөхөө донгодоод, туулай, зурам, тарвагатай үнэхээр гоё байсан. Хөөрхий амьтад тэр хүүхдийн гэр байгаа газар анх нүхтэй байснаа газрыг нь ухаад эхлэхээр цаашаа нүүчихсэн. /барьж буй байшингийн зүүн хойдох нүхэн дээр хоорондоо ноцолдож байгаа тарвагыг заав/

Одоо энэ байшин барьж байгаа хүүхдүүд газраа худалдаж авсан юм байна лээ. Ямар учиртай, яасан ийсэн гэж газрын албанаас ирж уулзсан ш дээ. Тэгээд байшингаа битгий бариарай гэж хэлсэн. Бариад л байх юм.

Хөшөөний хойно байшин барьж байгаа, газар худалдаж авсан иргэн Ж.Төгөлдөр

- Иргэдийн ярьж байгаагаар энэ газар тусгай хамгаалалтай газар гэх юм?

-Үгүй, үгүй тийм юм байхгүй.

-Та тусгай хамгаалалттай газар биш гэдгийг нь яаж мэдэж байна вэ?

- Биш гэсэн бичиг нь энд байна. /БОАЖЯ-аас улсын тусгай хамгаалалттай газарт хамаагүй гэсэн бичиг үзүүлэв/

 -Дүүргийн газрын албанаас энд байшин барьж болохгүй гэж та нартай ирж уулзсан байсан?

-Энд Дондогдулам хатны бунхан байгаа. Энд байшин барьж болохгүй гэж ирж хэлсэн. Тэгэхээр нь яамнаас асуухад тусгай хамгаалалттай газар биш гэсэн. Энэ чинь гурван яамны зөвшөөрөлтэй газар. Тэгээд газрын албанаас яамны бичгийг үзээд байшингаа барьж болно гэсэн ш дээ. Ойр хавийн иргэд нь гомдол гаргаад байгаа.

- Та нар хатны бунхантай газар гэж мэдэж байсан уу?

-Тийм газар гэхээр нь геологийхон 2015 онд судалж үзээд Дондогдулам хатны шарил байхгүй гэж тогтоосон юм билээ. Өмнө нь энэ газрыг хүмүүст өгөөгүй байсан. Тэгээд 2015 онд хамгаалалтаас гаргахаар нь худалдаалж эхэлсэн юм билээ.

-Та нар газрыг худалдаж авсан гэсэн үү?

-Тийм.

19-р хорооны зохион байгуулагч Б.Чагцал

-Хатны бунханы газрыг хүмүүс худалдаж авсан талаар тодруулж явна.

- Дондогдулам хатны бунхан бол манай хорооны ганц дурсгалт газар. Үүнийгээ хамгаалж үлдмээр байх юм. Гэнэт нэг өдөр хашаа бариад эхэлсэн. Тэгээд дүүрэг дээр очоод шалгуулахад 10 айлын газар өгчихсөн байсан.  Би 2014 онд энэ ажилд орж ирсэн. Өмнө нь кадастрын зураг ч байгаагүй. Ойр хавийн айлууд нь ч сайн хамгаалдаг. Бид нар ч хамгаалдаг. 2016 онд Нийслэлийн музейн газраас ирж зураглал хийсэн. Тэр үед Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнтэй би цуг яваад тойруулж цэг хатгуулаад хамгаалалтад авахаар болсон. Тэгтэл өнгөрсөн сараас газрыг нь ухаад эхэллээ. Хамгийн гол нь газрыг авсан хүн нь цаашаа хүмүүст зараад байгаа юм. Уг нь бол эзэмшиж байгаа газрыг бусдад худалдаж болохгүй ш дээ.

-Дүүргийн засаг дарга, болон газрын албаны хүмүүстэй уулзаж тодруулав уу?

-Уулзсан. Дүүргийн засаг дарга газрын албаны даргадаа ямар учиртай болохыг нь тодруул гэсэн. Тэгээд шалгаад үзэхэд энэ газар нь 2017 онд гарсан газрын гэрчилгээтэй  байсан. Гэтэл тухайн онд Нийслэлээс хориглосны дагуу дүүргийн засаг дарга шинэ газар олголт хийгээгүй. Хуучин газрын газрын гэрчилгээн дээр гаргасан байсан.

- Гэрэлт хөшөөтэй тэр газрыг хатны бунхан биш гэдгийг тогтоож, тусгай хамгаалалтаас гаргасан яамны бичиг үзүүлж байна?

“Шарга морьт” Дондогдулам хатантай салшгүй холбоотой газар. Яалт ч үгүй түүхийн дурсгалт газар. Өвийн санд бүртгэлтэй байх ёстой. Ямар ч байсан энэ газраа хамгаалж авч үлдмээр байна. Манай нийгмийн хөгжлийн хэлтэс, иргэд хамтраад энэ газраа хамгаалахаар явж байгаа. Захирамж хүчингүй болоосой гэж хүсээд л сууж байна. Үнэхээр харамсалтай.

19-р хорооны засаг дарга Ш.Батдорж

-Энэ бол яг үнэн шүү. Би 2013 онд иргэдээсээ хорооны засаг даргаар сонгогдоод яагаад “Шарга морьт” гэж нэрлэсэн юм бэ гэдгийг судалж үзсэн. Яалт ч үгүй Дондогдулам хатантай холбоотой түүхийн дурсгалт газар. Энэ гэрэлт хөшөөг нийслэлээс жил бүр ирж тооллогод оруулдаг байсан. Иргэд кадастр хийлгээд орж ирэхэд дагуулж очин, яг хаагуур зурагдсан байна гэдгийг нь үздэг. Намайг ажиллаж байгаа хугацаанд тэр хэсэгт хэн ч кадастр хийлгээгүй. Гэтэл газар олгочихсон байх юм.

Бид эртнээс хамгаалж ирсэн ан амьтан, түүхийн дурсгалт газраа хамгаалмаар байна. Хойч үедээ мөнхжүүлж үлдээх хэрэгтэй. Энэ газраа үеийн үед хүндэтгэх ёстой. Хэрвээ энэ түүхт газрыг хамгаалахгүйгээр хэн нэгэнд өгөх байсан бол хороондоо удаан амьдарсан иргэд авах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй, хүндэлж хайрлаж ирсэн. Тийм болохоор иргэд хороондоо ирж гомдол гаргаж байна.

Хорооны дарга газар өгдөг биш өргөдлийг нь цохоод явуулдаг.  Үүний дараа газар зохион байгуулагч хянаж, шалгаад цааш нь танилцуулдаг. Гэтэл энэ газрын тухайд ийм үе шат дамжаагүй. Шууд л гэрчилгээ гарчихсан. Дам сураг сонсоход хэсэг хүмүүс нийлээд л энэ газрыг "дээгүүрээ" зохицуулаад авчихсан байгаа юм. Тэрийгээ дамжуулаад зарчихсан.

Энэ газар бол манай иргэдийн л өмч. Манай хорооны нутаг дэсвгэр дээр 30 мянга гаран өрх газар эзэмшдэг, 160 мянга орчим иргэн амьдарч байна.  Яг манай хороо бүтгэлтэй 1000 гаруй өрх, 2000 гаруй иргэнтэй.

Энэ асуудлыг хөндсөн бусад сурвалжлагыг удахгүй хүргэнэ.

Д.Үржинбадам

Зурагчин: Ц.Баярбаатар


Шарга морьтын домог буюу Дондогдулам хатан

ХХ зууны Монголын түүхэнд хүндтэй байр эзлэх эмэгтэйчүүдийн нэг бол VIII Богд Жибзундамба хутагт хааны хатан Эх дагина Дондогдулам юм. Тэрээр Бүрэн Засагчийн сүүлчийн он намрын сүүл сарын 15-ны (1874 оны 10-р сарын 26) өдөр Сэцэн хан аймгийн Хөвчийн  жонон бэйс Цанлигдоржийн нутагт Цэндийн гэр бүлд мэндэлжээ.

Дондогдулам хатан эхээс өнөр олуулаа хүн байв. Олон эгч, дүү нартай. Түүнийг нас барахад түүний дүү нь дуу зохион дуулжээ. Түүнд,
Зуны дунд сардаа
Нарт ертөнцөөс халилаа даа, эгч минь
Найман шаргыг хөлөглөөд одлоо доо, хө гэсэн үгтэй юмсанжээ.
Түүнийг тэнгэрт хальсны дараа Шарга морьтын урьд Сэлбэ голын эхэн дээр чандарлажээ. Хатантан Дамбадаржаагийн өмнөд этгээдэд байх Чандагатын харзнаас хүртэж, Уужийн бургасанд очиж далийн ягаан цэцгэнд сууж эрхэмсэглэдэг байсан гэнэ. Тэгээд Дондогдулам хатны шарилыг хөлөглөж явсан найман шарга морийг тэнд нь онголж дархласан гэдэг. Уужийн бургасанд найман шарга амгалан тогтуунаар идээшлэсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн бидний үед Шаргаморьт хэмээх нэрийг үүсгэсэн үнэн домог юм. Чандагатын харз Дондогдуламын рашаан алдрыг хүлээсэн түүхтэй.

Халхын VIII Жибзундамба хутагт 1896 онд анх Амарбаясгалант хийдэд очиж Өндөр гэгээний шарилд мөргөхөөр явж байх үедээ Дондогдуламтай танилцсан гэдэг. Амарбаясгалант хийдэд залрах аялалд  Богдыг дагалдан үйлилхээр Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хатны аягачаар Дондогдулам хамт явах завшаан дохиожээ. Тэр цагаас хойш Богд Жибзундамба хутагт Дондогдуламтай ойртон нөхөрлөх болж, үе үе Амарбаясгалант хийдийг зорих болжээ. Богд түүнд сэтгэл татагдан ханилан суухаар болж 1902 онд хатан болгож, Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан дара цол өргөмжилсөн байна.

Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залрахад Дондогдулам хатныг Улсын эх дагина цол өргөмжилж, “Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагины тамга”-ыг барих болжээ. Дондондулам  бол шашин номы хэрэгт зохих ёсоор боловсорсон, билиг ном ойлгодог, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн, тухайн үедээ Монголын тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөл болж байжээ. Монгол, түвэд ном уншиж чаддаг басхүү лүйжин тавьдаг байсан аж. Их хүрээнд уран хатгамалчин, барималчин, дархан, гучилчин зэрэг 120 гаруй урчуудыг цуглуулан Богдын ордны дэргэд “Сангайн аймгийн байгуулан өөрөө удирдан уран сайн эдлэл, хэрэглэл, дээл хувцсыг хийлгэж байжээ.

Эх дагина Богд хаантай 21 жил ханилаад 1923 онд 49 (билгийн тооллоор 50) насандаа  таалал төгсжээ. Тэрээр хүүхэд төрүүлээгүй бөгөөд өөрийн дэргэдээ олон өнчин хүүхдийг үрчлэн авч тэжээн тэтгэж хүмүүжүүлж байсан юм. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Мөрдорж юм. Түүний шарилыг 8 шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа бууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан ажээ. Найман шарга морийг нь онголж тавьснаас эдүгээ Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн гэх домогтой.

WWW.ZINDAA.MN

 


 

 

 

 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэл(202.55.188.45) 2019 оны 03 сарын 13

Төрийн захиргааны ажилтнууд Монголчууд бидэнд түүх, соёлоо хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг хариуцлага ноогдож байгааг ухамсарлан ойлгож, иргэдэд соёлын өвийн хууль тогтоомжийг сурталчлан таниулж мөрдүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг ухаж тонох, эвдэлж сүйтгэх зэрэг хууль бус үйлдэлтэй тууштай тэмцэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, хамтран ажиллах шаардлага юу юунаас чухал байна.Бид үнэнгий төлөө хамтдаа зүтгэнэ

0  |  0
зочин(202.70.43.202) 2018 оны 05 сарын 18

эзэмших эрх юм чинь эрх бүхий байгууллага эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгож болмоор юм

0  |  0
Бурхан өршөөг(211.36.135.91) 2019 оны 01 сарын 14

Хэцүү ч юмаа даа. Өвөг дээдэс мин биднийгээ өршөөх л байгаа даа

1  |  0
Хохь нь ээ(202.179.24.208) 2018 оны 05 сарын 13

Угаасаа газрын наймаачдын багыг сонгочихоод юу гоншигноцгоогоод байгаа юм бэ. Зарах эрхийг нь өгчихсөн шэсэн үг шүү дээ.

0  |  0
Монгол(202.9.41.200) 2018 оны 05 сарын 13

Үүнийг уншаад сэтгэл эвгүйтлээ цуврал 1 гэж байна та нартаа баярлалаа дараагий цувралыг дэсэн ядан хүлээж байна.Ийм сэтгэлтэй хүмүүс олон байгаасай бид үнэнг олж хулгайч нарыг хамтдаа илрүүлнэ ажлын амжилт хүсье

0  |  0
МОНГОЛ ГЭР(202.9.41.200) 2018 оны 05 сарын 13

ЛУЙВАРЧДЫНХАА ГАЗРУУДЫГ ӨӨР ГАЗАР РУУ ШИЛЖҮҮЛ ИХ НО БАЙГААДАА ЯМАР ТӨР УЛС ЭХ ОРНЫГ МИНЬ УДИРДААД БАЙНА ВЭ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ

0  |  0
Иргэн(112.72.14.28) 2018 оны 05 сарын 13

ГАЗРЫН АЛБАНЫХАН Л ЗАРНА ӨӨР ХЭНЧ БИШ

0  |  0
БИД(202.9.41.200) 2018 оны 05 сарын 13

ЭНЭ ГАЗРЫГ ЗАРСАН ГЭНЭ ҮҮ УНТАЖ БАЙХАД УЛСЫГ МААНЬ ЗАРАХ ЮМ БАЙНА ДАА ЛУС САВДАГ ХАРИУГАА АВНА ТА НАРААС

0  |  0
МОНГОЛ(202.9.41.200) 2018 оны 05 сарын 13

Түүх соёлоо хамгаалахгүй бол бид хойч үедээ юу үлдээх юм бэ .

0  |  0
Монгол(202.9.41.200) 2018 оны 05 сарын 13

Бид яагаад түүх, соёлдоо ийм элэггүй юм бэ? Мэдэхгүйн гачлан уу, мэдсэн ч үл тоосны шинж үү. Бидний ухааны сүв эд, эрх ямбаас болж битүүрэхийг их Хаан маань эртнээс л мэдэж байж дээ.

0  |  0
П.ЦЭГМИД(64.119.24.219) 2018 оны 05 сарын 13

ХАРАМСАЖ БАЙНА!. БСШУ -НЫ САЙДЫН ҮГИЙГ СОНСМООР БАЙНА.СҮҮЛИЙН ҮЕД БОГДЫН ОРДНЫ ГАЗАР ОДОО БАС ИХ ХАТНЫ ГАЗАР ГЭЭД ТҮҮХТ ГАЗРУУДЫГ ДЭЭРМИЙН АРГААР АВААД ЭХЭЛЛЭЭ. МОНГОЛ ТӨР СЭРНЭ ҮҮ !!

0  |  0
дүүрэг(139.5.218.211) 2018 оны 05 сарын 13

дүүргийн газрын алба нь юугаа хийж байдаг юм бэ.Дандаа нь байшин барьсаныдараадон дон гэх юм. Барихаас нь өмнө өв уламжлалтай ариун дагшин газар нутгийг байшин жорлон барихгүй шиг хадгалаад явах хэрэгтэй штээ.

0  |  0
Ямар муухай юм вэ(66.181.178.214) 2019 оны 01 сарын 14

Ардын намынханд үнэлэх зүйл өнгөрснөө хүндэтгэх үзэл огтоос алга болтой. Ардын намын дарга нь газрын наймаачин болохоор доорхи хүмүүс нь ингээд эрээ цээргүй наймаачид байдаг ч юм болуу. Хэлэх ч үг алга. Арай ч дээ . Алгын чинээ газрыг эх дагина хатан даа үлдээвэл үр хойшид минь буян болмоорсон. Сэтгүүлчид л тэмцэхгүй бол өөр хэн ч таслахгүй л юм шиг бна. Дүүргээс гарсан их хурлын гишүүн нь яах юм бол . Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг ямар муухай засаг вэ энэ чинь

1  |  0
zochinj(150.129.143.205) 2018 оны 05 сарын 12

za khatny suns zugeer baylgakhguy ayluud bayna daa , setgel ni zowdogguy l yum baykh daa

0  |  0
ЗОЧИН(202.9.44.80) 2019 оны 01 сарын 14

ТӨР НЬ САМУУР Ч ЧОНО БОРООНООР ГЭГЧИЙН ҮЛГЭР БОЛЖЭЭ ХЭН ДУРТАЙ НЬ ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ БОЛДОГЫН НЭГЭН ЖИШЭЭ ЭНЭ ХАРАГДАЖ БАЙНА МОНГОЛ ХҮН ЭХЭС ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭЖ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХАЙРЛАЖ ЯВАХ УЧИРТАЙ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ШАРИЛ ДЭЭР ГЭРЭЭ БАРЬДАГГҮЙ Л БАЙМААР ЮМ ДАА ЯМАР ЦӨВҮҮН ЦАГ НЬ ИРЖ АРД ТҮМНЭЭРЭЭ УЛАМЖИЛЖ ИРСЭН АРДЫН УЛАМЖЛАЛАА УЛАНДАА ГИШГЭХ БОЛЖ БАЙНАА.

1  |  0
АХ(66.181.176.42) 2018 оны 05 сарын 11

Хоорондоо ажлын уялдаагүй олон байгууллагуудын гай энэ. Төрийн хамгаалалтад авах хэрэгтэй ш дээ. Орон тоог нь цомхотгоод өгөхөөр ийм юм гарахаа болино доо.

0  |  0
zochin(103.212.116.217) 2018 оны 05 сарын 11

Naad gazriig ni hundvul 9 ueeree galzuu soliotoi yduu guilagchin yvna daa.....buusan ailuud ni....

0  |  0
mongol(27.123.212.134) 2018 оны 05 сарын 11

Mongold gazar nutag baihgui bish. Arai l yumaa. Iimerhuu yumnuudiig deerees ni doosh ni hurtel huu tseverleh heregtei.

0  |  0
од(66.181.160.88) 2021 оны 06 сарын 23

тэр газарыг зарсан авсан хүмүүст юм болох бол уу

1  |  0
Oyuk(59.153.114.123) 2018 оны 05 сарын 11

Ongon dagshin gazraa hairlah setgel vnendee alga daa yah be himoriin oboo geh uuliin amand bas zunduu huurhun tarbaga bain lee ergen toiron hubiin suuts barisan udahgvi ustaj vgvi bolohnee

0  |  0
mglhuu(46.193.149.41) 2018 оны 05 сарын 11

uher mgl-iidiin shunal neg ch tuuh dursgal uldeehgui ium bn l da, shalgaad uzsen alga,gazriig ni olgo geed l tenegtej ogohiin ,tuuh dursgal dursahdaa gol une zene ni baidgiimaa tarhinii turaaltan,shunaliin olsgolonguudee

0  |  0
Zochin(94.234.32.75) 2018 оны 05 сарын 11

Odoo erthen arga hemjee avaach dee! Holbogdoh baiguullgiin humuus ni yu hiideg uls ve? Tuuhen humuusee doromjilohiimaa! Barag ter havid ni toiruulj hashaa barij hamgaalah l heregtei.

0  |  0
ай(202.179.31.100) 2018 оны 05 сарын 11

аль эрт ухаж тоноо биз юм үлдээх биш манайхан

0  |  0
zazaga(202.131.249.2) 2018 оны 05 сарын 11

kkkkk

0  |  0
Top