Китанофүжи: Хакүхо, Тэрүнофүжи хоёрын нэг л түрүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи Чюүничи Спорт сонинд өөрийн хөтөлдөг булантай. Түүний булангаар зочилцгооё.

“Китанофүжи булан”

Озэки Такакэйшёо гэмтээд тэмцээнийг орхилоо. Золголт дээр хүчтэй мөргөн дайрдаг озэки цолтон толгой, хүзүү бага зэрэг доргиход тоохгүй байх учиртай тул Такакэйшёо Ичиножёотой мөргөлдөөд хүзүүгээ гэмтээнэ гэж хэний санаанд орох билээ дээ.
 


Сүртэй чанга ч мөргөлдсөн юм байхгүй. Гэтэл тэр шууд биеэ суллаад дохёноос гарчихлаа. Тархи нь хөдлөө юу гэж бодож байтал бодсоноос хүнд гэмтсэн бололтой, тэмцээнээс гарлаа. Гэмтэж бэртсэн тамирчинг муулах нь сайн зүйл биш ч иймхэн мөргөлтөд ийм амархан гэмтсэн гэдэгт итгэхэд бэрх байна. Ганц Такакэйшёо ч биш сүүлийн үеийн бөхчүүд маш хэврэг, сулхан болжээ. Гэхдээ гэмтээд барилдахгүй байсан Такаясү гэнэт гарч ирээд юу ч болоогүй юм шиг сайхан барилдаад эхлэх юм. Ёстой ойлгохгүй юм. Тод ойлгож байгаа ганц зүйл маань одоогийн бөхчүүд бүгд бэлтгэл дутуу, бага хийдэг гэдэг л байна.  

Хатуу ширүүн барилдаж байгаа болохоор биеийн хаа нэгтэй өвдөх нь мэдээжийн явдал. Ингээд бодохоор Хакүхо өвдсөн, бэртсэнээ хүмүүст огт харуулдаггүй. Хакүхогийн барилдаан өдөр ирэх тусам сайжирч байна. Хөлний наалт, боолт их харагдаж байгаа ч сайн барилдаж байгаа. Хакүхо, Тэрүнофүжи хоёр энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө өрсөлдөх бөхчүүд гэж би бодож байна.

Тэрүнофүжи хүнд барилдаан хийж байж ялж байгаа ч сандарч тэвдсэн зүйл огт үгүй. Сэтгэл зүй сайтай, өөртөө итгэлтэй байгаа нь харагдаж байна. Харин озэки Шёодайд энэ хоёр бөхтэй өрсөлдөх хүч чадал, сэтгэлийн тэнхээ алга.  

Би Нагоя башёд Хоошёорюүд их найдаж, итгэж байгаа. Гурав дахь өдөр ч сайхан довтолж барилдсан ч ялагдсан нь харамсалтай. Тачиай золголт сайжирч, урагш дайрч барилддаг болжээ. Би Вакатакакагэ, Хоошёорюү хоёрт найдаж байгаа ч түрүүлэх тал дээр бол Хакүхо, Тэрүнофүжигээс өөр бөх байхгүй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top