ТЕГ-ын дарга П.Одонбаатар мэдэгдэл хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

НҮБ-ын гишүүн орнуудын терроризмтой тэмцэх байгууллагуудын тэргүүн нарын өндөр түвшний 2 дугаар бага хурал "Хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд терроризмоос урьдчилан сэргийлж, тэмцэх нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж өнгөрлөө. 

Бага хурлын нээлтийн үгэндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерриш хэлэхдээ “Терроризмтой тэмцэх тэмцэлд хэдийгээр амжилтанд хүрсэн боловч түүний аюул занал арилаагүй хэвээр байгаа бөгөөд өнөөдөр терроризмын төрх улам олон янз болж байна. Аль-Кайда, ИСИС террорист бүлэглэлүүд нийгмийн тогтворгүй байдлыг ашиглан, гэрэлт ирээдүйд найдвараа алдсан залуучуудын дундаас голчлон шинэ дайчдыг эгнээндээ элсүүлж байна. Түүнчлэн террорист бүлэглэлүүд COVID-19 цартахалтай холбоотой бэрхшээл, тэгш бус байдлыг ашиглах нь тодорхой байна. Энэхүү өөрчлөгдөж буй нөхцөлд НҮБ-ын Терроризмтой тэмцэх дэлхийн стратегийн үндсэн зарчмууд хүчин төгөлдөр хэвээр байна” гэв. Үүнээс гадна ноён Гутерриш терроризмтой тэмцэхэд технологийн шинэ боломжуудтай хөл нийлүүлэн алхах ёстой гэж цохон тэмдэглэв.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж бага хурал холимог хэлбэрээр явагдаж, гишүүн орон, ажиглагчийн статустай байгууллагуудаас нэг төлөөлөгч хуралд биечлэн, бусад төлөөлөгч нар цахимаар оролцов. Монголын талаас Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд биечлэн оролцож, Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар цахимаар оролцов.

Уг бага хурал дээр Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар мэдэгдэл хийсэн юм. 

Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газар нь терроризмтой тэмцэх чиглэлд НҮБ, Олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахад анхаарч ирсэн бөгөөд НҮБ-ын терроризмтой тэмцэх дэлхийн стратеги, олон улсын конвенц, гэрээний хэрэгжилтийг хангахад бүхий л хүч чармайлтаа гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Цахим болон хувьсах технологийн эрин, түүний хурдацтай хөгжил нь дэлхий нийтэд нэн таатай боломжуудыг нээж өгч байна. Нөгөөтэйгүүр, энэхүү технологийн хөгжлийг террорист, үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүд болон бусад гэмт этгээдүүд урвуулан ашиглах явдал нэмэгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд, технологийн дэвшлийг террорист бүлэглэл өөрийн жигшим үйл ажиллагаандаа хэрхэн ашигласныг харамсалтайгаар дэлхий нийт харж, гэрч нь болсон билээ. Террорист бүлэглэлүүд өөрийн үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг ашиглах явдал нэмэгдэж байгаа нь олон улсын аюулгүй байдалд шинэ төрлийн сорилтуудыг бий болгоод байна. Энэхүү аюул заналтай бүх нийтээрээ үр дүнтэй тэмцэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа, мэдээллийн болон сайн туршлагын харилцан солилцоо, чадавх нэмэгдүүлэх чиглэлийн харилцан дэмжлэг юу юунаас илүү чухал болж ирлээ” хэмээгээд Терроризмтой тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас сүүлийн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудыг товч танилцуулсны дараа 

“...Монгол Улсын Засгийн газар нь терроризмтой тэмцэх чиглэлээр нэр бүхий гишүүн орнуудын Засгийн газартай хоёр талын хэлэлцээр байгуулж, энхтайван, аюулгүй байдлыг хангах хамтын зорилтын хүрээнд бүс нутгийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Олон улсын терроризм гэх энэхүү аймшигт аюул заналтай тэмцэх бүх нийтийн хүч чармайлтад хувь нэмэрээ оруулах, олон улсын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахад Монгол Улсын Засгийн газар бэлэн байгааг дахин нотлохыг хүсэж байна...” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.24.161) 2021 оны 07 сарын 09

Мэдэглэл хийж байхаар ажлаа хий Одонбаатараа.

0  |  0
Top