Нийтийг хамарсан ховсод улс орон, ард түмэн НЭРВЭГДЭЖ БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь орчин үеийн дэлхий дахиныг хамарсан хөгжлийн чиг хандлага өмнө нь хэзээ ч байгаагүй цоо шинэ үр дагавар, үр дүнг үзүүлж байна. “Мэдээлэл” гэгч нь өөртөө бүтээн босгох болон устган сөнөөх их хүчийг нэгэн адил тээх боллоо. Цаг хугацааны аясаар мэдээллийн мөн чанар өөрчлөгдөөд зогсохгүй мөн түүний нөлөөллийн эрчим хувьсаж байна. Мэдээллийг хэрэглэх контекст ч өөрчлөгдлөө.

Тухайлбал, хүний хувийн мэдээлэл нийгмийн шинж чанартай болж, энэ нь мөн алдар цуутай хүмүүс, улс төрийн зүтгэлтнүүдэд нэгэн адил хамаарна. Улс төр, нийгэм, эдийн засаг, цэрэг дайны гэх мэт нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад хэвлэл мэдээллийн үүрэг их өсч, үүний үр дүнд улс төр, нийгмийн бодлого нь улам бүр олон нийтийн өнгө аястай, залж чиглүүлэх, удирдагдах шинж чанартай болжээ.«Мэдээллийн дайн» нь гэсэн ойлголт мэдээллийн нөөц сан, мэдээлэл болон харилцаа холбооны технологи, олон нийтийн мэдээллийн электрон хэрэгслийн эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор өргөнөөр хэрэглэгдэх болсон ба энэ нь орчин үед шинжлэх ухаан-техник, цэрэг дайн, тусгай албад, улс төр, эдийн засаг болон нийгмийн амьдралын ухамсар, оюун санааны, нийгмийн хүрээнд илт давуу байдал олж авахын тулд хэрэглэгдэх өндөр үр өгөөжтэй хэрэгсэл гэж үзэгдэх боллоо.

Ийм дайн явуулахад ашиглагдаж буй арга замууд нь үндсэн хоёр бүлэгт ангилагдах ба эдгээр нь Мэдээлэл-сэтгэл зүйн технологи, Мэдээлэл-техникийн технологи гэж хуваагдана. Энэхүү өгүүлэлд мэдээллийн дайн, мэдээллийн сөргөлдөөнийн тухай ойлголт болон дээрх хоёр ангилал, сүлжээ төвтэй дайн, эсхэл гибрид дайн гэх мэтээр нэрлэгддэг болсон гадаадын цэрэг, тусгай албадын үйл ажиллагааны талаар танилцуулж байна.

Орчин үеийн мэдээллийн дайныг тогтмол боловч үл мэдэгдэм байдлаар мэдээллийн орон зайн ямар ч цэг дээр, бусдын нутаг дэвсгэрийг хамран явуулж болдог ба энэ довтолгооны объект нь эсрэг талын цэрэг зэвсгийн удирдлагын компьютерийн сүлжээ, соёлын орон зай, хүмүүсийн ухамсар (далд ухамсар) байж улмаар удаан хугацааны турш үл анзаарагдана.

Энэ бүхэн нь «халдан довтлогч»-ийг хамгийн бага гарз хохирол, зардал гарган бусдад нөлөөлж, ингэх далимдаа “соёлжиж иргэншсэн, энх тайванч” улс орон болж харагдах боломж олгоно.

Шинэ зэвсгийн орчин үеийн технологи ба дэлхийг хамарсан мэдээллийн нэгдсэн орон зай бий болж байгаа нь гадаадын цэрэг, тусгай албадын зүгээс «мэдээллийн операци» явуулах боломжийг олгож байна. XXI зуунд мэдээллийн дайны арга барил, арга замууд улам нарийн, мөн аюултай шинж рүүгээ орлоо. Өнөө үед мэдээллийн довтолгооныг төлөвлөн хэрэгжүүлж буй хүмүүс нь техник технологийн мэргэжлийн хувьд өндөр бэлтгэгдсэн байхын зэрэгцээ сэтгэл зүйн салбарын орчин үеийн мэдлэгээр өвч зэвсэглэжээ.

Шууд чиглэсэн суртал нэвтүүлгийн оронд олон нийтийг хамарсан ховс (гипноз) гарч ирсэн ба үүнд бүхэл бүтэн улс орон, ард түмэн нэрвэгдэж байна. Ийм үр дүнд хүргэх арга замууд нь хүн төрөлхтний түүхийн бүх цаг үеийн туршид үүсч, боловсронгуй болсоор одоо улам бүр төгөлдөршиж байна.

Орчин үеийн психотехнологийн гол онцлог бол ухамсрыг алгасан хүний сэтгэхүй, далд ухамсарт нөлөөлдөгт оршино. Үүнээс болж бид эргэцүүлэн бодож, логик (учир зүйн) үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйд хүрэх ба энэ нь хүсэл зоригийн эрх чөлөөгөө алдаж байна гэсэн үг юм. Үр дүнд нь хүмүүсийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл тэр битгий хэл эрүүл мэнд гээд бүх амьдрал маань бусдын хяналтанд орно.

МЭДЭЭЛЛИЙН СӨРГӨЛДӨӨН, МЭДЭЭЛЛИЙН ДАЙН

Мэдээллийн сөргөлдөөн, мэдээллийн дайн гэх мэт мэдээллийн орон зай дахь сөргөлдөөнд өөрийн гэсэн нэр томъёоны ойлголттой болох хэрэгтэй болжээ.

АНУ болон НАТО-гийн орнуудад 1990-ээд оноос эхлэн эдгээр нэр томъёонуудыг тодорхойлсон удирдамж бичиг баримт гарснаар уг салбарын судлаачид олонтаа ишлэл авч иржээ. Тэрчлэн мэдээллийн орон зай дахь сөргөлдөөний үйл явцыг нэг утгаар ойлгох нь ихээхэн хүндрэлтэй байгааг бас тэмдэглэх хэрэгтэй.

1996 онд АНУ-ын БХЯ-ны «Хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн номлол» гарч байлдааны үйл ажиллагаанд мэдээллийн дайныг хэрэгжүүлэх замаар эсрэг талын цэрэг ба иргэний хяналт, удирдлагын системтэй хийх тэмцлийн зарчмыг анх удаа тодорхойлсон. Энэ баримт бичигт зохион байгуулалтын бүтэц, төлөвлөлтийн дэс дараалал, журам, мэдээллийн операцийн явцыг удирдах болон сургалт, түүнчлэн энэ салбарын үндсэн ойлголтуудыг тодорхойлж өгсөн байна.

2006 онд «Мэдээллийн операци»[2]-ийн сургааль номлолын шинэчилсэн найруулгад байлдааны ажиллагаа явуулах шинэ хүрээ болох мэдээллийн хүрээ ба мэдээллийн сөргөлдөөнд хамаарах АНУ-ын Зэвсэгт хүчний үндсэн үзэл санаа тусгалаа олж, мэдээллийн операцийн зорилго, зорилтууд болон зарчмыг зааж өгчээ. Нэр томъёоны талаар АНУ-ын БХЯ-ны удирдлагын гол бичиг баримтууд болох ITU-T болон ISO-уудад болон ОХУ-ын холбогдох баримт бичигт дурджээ.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top