Токиогийн олимп үзэгчгүй явагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчид өнгөрсөнг гуравдугаар сард гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй шийдвэр гаргаад байсан билээ. Харин дотоодын үзэгчдийг олимпын цэнгэлдэх хүрээлэнд оруулна, гэхдээ цогцолборын 50 хувьд нь гэж урьдчилсан шийдвэр гаргаад байсан юм. Гэвч цар тахлын аюул намжихгүй байгаа тул өчигдөр дотоодын буюу Японы үзэгчдийг ч хэдэн мужаас бусад газарт тэмцээн уралдаанд оруулахгүй байх шийдвэр гаргалаа.

Олимпын наадам хариуцсан сайд Тамаё Марүкава “Токио, Канагава, Чиба, Сайтама гэсэн нийслэл болон ойролцоо мужуудад үзэгчдийг тэмцээнд оруулахгүй. Харин Мияги, Фүкүшима, Шизүокад стадионы 50 хувьд оруулна. Ибаракид Засгийн газрын тусгай хөтөлбөрөөр тасалбар авсан сургуулийн хүүхдүүд үзэж болно. Хоккайдод үзэгч оруулах эсэхийг шийдээгүй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Харин паралимпийн наадамд үзэгч оруулах асуудлыг найман сарын дундуур шийдвэрлэх юм.

Токио хотын дарга Юрико Коикэ “Үзэгчгүй олимп явуулах болсон гол шалтгаан бол халдварыг бууруулах, Токио хотын гудамжинд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх зорилготой. Тэмцээн үзэх гэсэн фэнүүдийн сэтгэлийг ойлгож байгаа ч та бүхэн гэртээ гэрбүлтэйгээ цуг үзнэ үү” гэж ярьсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.21) 2021 оны 07 сарын 10

Яалтай ч билээ.Хөгжөөн дэмжигчгүй бол ямар ч спорт үнэн гуниг

0  |  0
Top