Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи Чюүничи Спорт сонинд өөрийн хөтөлдөг булантай. Гашуун үгээр хөөрхөн чимхдэг түүний тайлбарт сүмо сонирхогчид дуртай. Түүний булангаар зочилцгооё.
“Китанофүжи булан”
Тэрүнофүжи илт давуу яллаа. Эхний ганц мөргөлт дээр л Ичиножёогийн аварга том бие дохёноос гараад явчихлаа. Сүмогийн ертөнцөд Давс орлогч гэсэн үг бий. Давс цацаж байгаа мэт л хаялаа гэсэн утгатай. Энэ барилдаанаар Тэрүнофүжи улам итгэлтэй болсон нь гарцаагүй.
Хакүхо Хокүтофүжигийн мөргөлтийг тогтоогоод, алхам ухарсан ч яг л цагийг нь тааруулж татаад яллаа. Эхний зургаан өдрөөс харахад барилдаан нь улам л сайжраад байна. Би башё эхлэхээс өмнө эхний таван өдрийн барилдаан их чухал гэж хэлж байсан. Харахад миний бодож байснаас илүү сайн байна. Энэ маягаараа сүүлийн өдөр хүртэл барилдах хүч чадал хангалттай байна. Санаа зовох зүйл бага зэрэг байгаа ч Тэрүнофүжитэй түрүүлэхийн төлөө өрсөлдөнө гэж би бодож байна.
Хакүхо үнэхээр сайн аварга юм. 15 жил ёкозүна цолтой барилдаж байгаа Хакүхо одоо ч түрүүлэх өрсөлдөөнд байсаар байна гэдэг үнэхээр гайхалтай. Би таван жил ёкозүна цолтой барилдсан ч үүнээс нэг жил нь гэмтэл, өнжих гээд таарсан. Үүнээс харахад би Хакүхогийн барилдааныг шүүгээд, янз бүрээр хэлэх нь хүндэтгэлгүй хэрэг. Цаашдаа энэ тал дээр анхаарна. Гэхдээ тайлбарлагчийн ажилтай тул хэлэх зүйлээ хэлэхгүй бол болохгүй.
Эхний зургаан өдрийн байдлаар Хакүхо, Тэрүнофүжи хоёр л түрүүлэх магадлалтай байгаа нь хэт гунигтай. Хэн түрүүлэх талаар ярихад эрт байна гэх хүн олон байгаа ч тэгээд хэн энэ хоёртой өрсөлдөх юм бэ?
Митакэүми ганц унаатай нэхэж яваад хэт яарснаасаа болоод хоёр уначихлаа. Котоновака сайн барилдаж байгаа ч томчуултай таарахаараа олон ялна гэж байхгүй биз ээ.
Сүмогийн ертөнцөд бейсболын Оотани шиг шинэ залуу од хэрэгтэй байна. Урьд өмнө сүмод Тайхо, Таканохана гэсэн од байсан. Гэхдээ Оотани бол дэлхийн хэмжээний од.
Сэтгэгдэл ( 3 )
kitanofuji bish Kitanoumi bish biluu
”Попрох” гэдэг үг түгээмэл болж байна. Ярих сэдэв, хийх ажлынхаа талаар мэдлэггүй хүн өөрийн оролцоогоо гайхуулан олонд зарлахыг ”попрох” гэх. Китанофүжи их аварга сумо, сумочийн талаар үнэхээр ихийг мэдэх хүний хувьд манай 2 залуу бэлтгэл, ур чадвар, сэтгэл гурваа шавхан дохё дээр тэмцэж байгааг нь ийн ойшоох нь олдошгүй урам, хүртэхэд бэрх шагнал юм даа. Япон шударгуудын орон юм даа.
Даваанинж, Бямбасүрэн, Лхагвасүрэн гурав ч хойтонгоос юм дуулгана даа. Ялангуяа Даваанинж бол их ирээдүйтэй залуу даа.