ТОКИО-2020: Чөлөөт бөхийн шигшээ багт хувцас хэрэглэлийг нь гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 11

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 12 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.

Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka  бол  5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно. Манай тамирчид Төв аймгийн Эрдэнэ сумын бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

БТСУХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top