Токио 2020: Бокс, сагсан бөмбөгийн шигшээ баг Токиод буулаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 16

Өнөөдөр "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу Бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Япон улсыг зорилоо.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Эмэгтэй сагсан бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй бөгөөд тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглох юм.

Боксын тамирчдын хувьд долоодугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизүока мужийн Шимада хотод, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид 19-нийг хүртэл Яйзү хотноо бэлтгэлээ хийх юм. 

Гэрэл зургийг Ч.Ганбат

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 23-нд болох бол тэмцээнүүд 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 24-ний өдөр эхлэх хуваарьтай.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Монгол Улсаас Ахлах дасгалжуулагч ОУХМ Ж.Энхтөр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжууулагч А.Гантулга нар баг тамирчдаа дасгалжуулж, эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал нар эх орноо төлөөлөн оролцоно.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Монголын боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальтан төрсөн билээ.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 17

3×3 сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй баг сайн мэдээ дуулгах магадлал өндөр. Амжилт охидууд аа.

0  |  0
Top