Хатуу чанга Токиогийн олимп эхлэхэд 1 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Маргааш хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн онцгой, хатуу, чанга олимп эхэлнэ.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон Токиогийн олимп энэ удаад хойшлох, цуцлагдах аюулгүй эхлэх гэж байна. Гэхдээ энэ олимп урьд өмнөх олимпоос огт өөр. Тэврэлдэн баясаж, наргин цэнгэдэг хүн төрөлхтний цэнгэлийн манлай биш болсон. Юуны өмнө хэлэхэд Токиод долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 22 хүртэл онц байдал тогтоогоод байгаа. Тиймээс тамирчид төдийгүй нутгийн иргэд ч хөдөлгөөний хязгаарлалтад орсон гэсэн үг.

Хотоор зугаалж, нутгийн хүмүүстэй ярилцан, зураг авхуулж болохгүй. Олуулаа цуглан, архи дарс хэрэглэх хориотой.

Тамирчид, олимп сурвалжлах сэтгүүлчдэд ковидийн эсрэг дүрэм хэмээх 70 хуудастай зузаан ном гардуулж байгаа. Энэ “номноос” зарим зүйлийг сонирхуулья.

Японд ирээд л олимпын наадамд оролцогчид хатуу хязгаарлалтад орно. Амны хаалт бол мэдээжийн асуудал. Бид бүгд хэрэглэж заншсан. Мөн өдөр бүр халуунаа хэмжиж, биеийн байдлаа мэдэгдэх үүрэгтэй. Гар ариутгагч байнга хэрэглэж, зайгаа барина.

Токиод буугаад шүлсээр шинжилгээ өгөх бөгөөд хариу гартал тусдаа байна. Бүх хүн хоёр апп гар утсандаа суулгах ёстой. Ухаалаг утас байхгүй бол утас худалдан авахыг шаардах болно. OCHA хэмээх апп бол нэг ёсны паспорт. Энд таны бүх мэдээлэл багтсан байгаа. Өдөр бүрийн эрүүл мэндийн байдлаа ч энд бүртгүүлнэ. OCHA-гаас авсан QR-кодоор спортын танхим, цэнгэлдэхэд нэвтрэнэ.

Харин COCOA аппаар зохион байгуулагчид таны хаана байгааг GPS-ээр хянаж, халдвартай хүнтэй хавьталд орсон эсэхийг ажиглах юм.  

Тамирчид, сэтгүүлчид олимпын объектын хязгаараас давж болохгүй. Зочид буудлаас гарч дэлгүүр, эмийн сан ороход 15 минут л өгнө. Хотоор зугаалж, болохгүй. Эхний 14 хоног нийтийн унаанд сууж болохгүй. Ер нь энгийн япончууддтай харилцаанд орох бүх боломжийг хаасан гэсэн үг.

Токиогийн олимп үзэгчгүй явагдана. Алс холын зарим хотод явагдах тэмцээнд үзэгч оруулах ч тэднийг хөгжөөн дэмжигч гэж нэрлэхэд хэцүү. Учир нь чанга хашгарч, уухайлах хориотой. Хайртай тамирчнаа алга ташиж л дэмжинэ.

Шагнал гардуулах ёслол дээр тэврэлдэж, гар барих хориотой. Тэмцээн нь дууссан тамирчин 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих дүрэмтэй. Тосгонд согтууруулах ундаа хэрэглэж болох ч өрөөндөө ганцаараа л ууж болно гэж заасан байна.

Энэ бүх дүрмийг зөрчсөн тохиолдолд торгож, зарим тохиолдолд тэмцээнээс хасан, эх оронд нь буцаах дүрэмтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top