Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр (2021.07.25) эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ийн жингийн барилдаантай.
Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү барилдана. Шууд хэлэхэд, сугалаа хатуу таарсан. Гэхдээ олимпын наадамд оролцож байгаа бөх хэнтэй таарснаас үл шалтгаалан медалийн төлөө л үзэлцэх ёстой. Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Катарын ELIDRISSI AYOUB, Беларусын Дмитрий Миньков нарын хэн ялсантай нь барилдана.
Миньковтой манай бөх өнгөрсөн гуравдугаар сард Ташкентийн Их Дуулгад таарч барилдан, ялж байсан. Гэхдээ беларусь залуу энэ жил дөрвөн тэмцээнд оролцож, хоёр Их Дуулгаас мөнгөн медаль зүүсэн амжилттай. Будапештийн ДАШТ-д долоодугаар байрт шалгарсан бөх.
Катар, Беларусын бөхчүүдийн хэн давсныг нь ялахад Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдана.
Дэлхийн хошой аварга Абэтэй Ё.Басхүү өмнө нь хоёр таарахдаа хоёр ялагдсан. Абэ Хифүми энэ наадамд дүүгийнхээ хамт түрүүлнэ гэж зарлаад байгаа. Гэхдээ нэгэнт олимпын наадамд түрүүлэх гэж ирсэн хүн аль шатанд ч хамаагүй Абэтэй таарах нь ойлгомжтой байсан тул бэлтгэлээ хангасан нь мэдээж. 2015 оноос хойш ялагдалгүй босоо явсан Абэг 2018 онд манай Д.Алтансүх зогсоож байсан түүхтэй.
Эрэгтэй 66 кг-д чансааг тэргүүлэгч Италийн Мануэль Ломбардо А хэсгийг тэргүүлсэн. 2019 оноос хойш оролцсон тэмцээн болгоноосоо алт, мөнгөн медаль авч байгаа тэрээр Азербайжаны Орхан Сафаровтой хоёрдугаар тойрогт барилдах юм.
С хэсгээс Өмнөд Солонгосын Ан Баул гараад ирэх нь бараг тодорхой. Олимпын мөнгө, дэлхийн алтан медальтай түүнтэй хагас шигшээд Гүржийн Важа Маргвелашвили өрсөлдөх болов уу. Важа 2018 оноос хойш тэмцээнд түрүүлээгүй ч шагналын тавцнаас бараг буудаггүй тамирчин.
Абэ Хифүми олимпод түрүүлнэ гэж ам бардам зарлаад байгаагийн бас нэгэн шалтгаан бол тэр халз барилдаанаар шигшээ багт орсон. Жоширо Марүяматай 20 гаруй минут барилдаж байж, Токиогийн олимпын эрх авсан тэрээр түрүүлэхгүй бол нэлээд шүүмжлүүлэх нь ойлгомжтой. Энэ бүхэн сэтгэлийн том дарамт болно. Абэ энэ дарамтыг хэрхэн давахаас 66 кг-ийн жингийн хувь заяа шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ жингийн медалийн эзэд хэн байх нь Абэгаас л шалтгаална гэсэн үг.
ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ
Төрсөн огноо: 1993.10.01
Амжилт:
- ДАШТ-ий хүрэл,
- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий хүрэл,
- Мастерс тэмцээний хүрэл,
- Их дуулгын 1 мөнгө, 4 хүрэл,
- Гранпри тэмцээний 1 алт, 2 хүрэл медалийн эзэн
Сэтгэгдэл ( 8 )