Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр (2021.07.25) эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ийн жингийн барилдаантай.
Эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам эх орноо төлөөлөн оролцоно. Эмэгтэй жүдочдын шинэ үеийн төлөөлөл гэж түүнийг хэлж болно.
Манай тамирчин В хэсэгт орж, эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийх боллоо. Диёра ч Узбекистаны сайн залуу жүдочдын нэг. Их Дуулга тэмцээнд түрүүлсэн анхны узбек эмэгтэй жүдоч.23 настай. 2019 оны Азийн аварга, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Мастерс тэмцээний хүрэл, энэ жилийн Антальягийн Их Дуулгын аварга, 2016 оны Ташкент Гран При тэмцээний мөнгөн медальт, 2019 оны Цэргийн тоглолтын хүрэл медальтай бөх.
Хоёр бөх 4 таарч барилдахад манай бөх 3 удаа ялж байжээ. Хамгийн сүүлд гуравдугаар сард Ташкентын Их Дуулгад Л.Сосорбарам цэвэр ялж байв.
Диёра Келдиёроватай хэрхэн барилдахаас их зүйл шалтгаална. Урамтай сайхан ялахад залуу бөх цаашдаа тэсрээд яваад өгөх магадлал өндөр. Л.Сосорбарам В хэсэгт алдарт Келмендитэй орсон байгаа.
Майлинда Келменди Косовогийн анхны олимпийн аварга. Энэ жил 30 нас хүрсэн тэрээр олон жил энэ жинд ноёрхсон. Дэлхийд хоёр түрүүлчихээд гурав дахь алтан медалийнхаа төлөө зүтгэж байх тэр үед нь шинэ үеийн төлөөлөгч Абэ Үта гарч ирсэн билээ. Үтаг зарим шинжээч “Оно Шёохэйгийн эмэгтэй хувилбар” гэж нэрлэх нь бий. Үта аль ч талаар дайрна, хэвтээдээ сайн, ер нь ямар ч өрсөлдөгчийг ялж чадах арга мэхтэй. Абэ дэлхийн аварга болохдоо хагас шигшээд Келмендиг ялж байлаа. Энэ нь шинэ үе гарч ирж байгааг харуулсан хэрэг болсон ч Келменди харих болоогүй гэдгээ татами дээр үзүүлсээр байсан юм. Абэ Үта, Келмендигийн өрсөлдөөнийг жүдо сонирхогчид хүсэн хүлээдэг болсон тэр үед Амандин Бушар хэмээх бас нэгэн од энэ жинд гялалзсан билээ. Энэ гурваас гадна Италийн Одетте Жуффрида алтан медалийн төлөө өрсөлдөнө. Энэ дөрвөн бөх олимпийн алтан медаль тэргүүтэй нийт 64 медальтай гээд бодоод үз.
Тэдэнтэй өрсөлдөх бөхчүүдэд манай Л.Сосорбарам, Испанийн Ana Pérez Box, Бельгийн Шарлин Ван Сник, Их Британийн Челси Жайлз нар тооцогдож байна. Хэн алдаа гаргаагүй нь түрүүлнэ. Учир нь энэ жинд шинэ, хуучин аварга, битүү морь гээд бүгд бий.
ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ
Төрсөн огноо: 2001.03.22
Амжилт
Сэтгэгдэл ( 0 )