Ах дүү Абэ амласандаа хүрч, ОЛИМПЫН АВАРГУУД боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Хэдэн жилийн өмнөөс гадаад, дотоодын хэвлэлд ах дүү хамтдаа Токиогийн олимпын аварга болно гэж тунхаглаад байсан Абэ Хифүми, Абэ Үта нар амласандаа хүрч, олимпын хоёр алтан медаль гэртээ авчирлаа.

Эхлээд барилдсан дүү Үта нь финалд Францын Амандин Бушарыг нэмэлт цагт иппон ялж, эмэгтэй 52 кг-д анхны олимпын алтан медалийг Японд авч өгсөн юм. Дараа нь Хифүми Абэ дэвжээнд гарч, Гүржийн Важа Маргелашвилиг ялснаар олимпын аварга болж, анх удаа ах дүү хоёр нэг өдөр олимпын аварга боллоо.

Энэ нь Японы спортын түүхэнд анх удаа тохиолдож байгаа амжилт байлаа.
 


Үта 2016 онд ахлах сургуульд сурч байхдаа УАШТ-д орж, эхний тойрогт анх удаа ялагдаж байжээ. Түүнээс хойш тэр эхний тойрогт ялагдаж байсан удаагүй. Тэр үед Хифүмигийн дүү хүчтэй байх ёстой гэж байнга хэлүүлдэг байсан болохоор тэмцээн, уралдаанд орохоос ч дургүй нь хүрдэг болоод байсан гэнэ. Ер нь больдог ч юм билүү гэж бодож, эргэлзэж байсан тур үед ах нь утсаар ярьж, “Иймхэн ялагдалд сэтгэлээр унаж болохгүй. Дахиад зөндөө боломж гарна. Хичээ” гэж хэлснээр дахин барилдах хүсэл нь төрсөн гэдэг.

Ах Хифүми тэр үед Риогийн олимпын эрх авч чадалгүй, өөрөө сэтгэлээр унаад байсан үе.

Тийм хүнд үед өөрөөсөө илүү дүүдээ анхаарал халамж тавьж байжээ. Үта “Ах өөрөө маш хүнд байдалд орсон мөртлөө намайг битгий сэтгэлээр уна гэж хэлэхийг сонсоод улам их хичээж зүтгэх хүсэл төрсөн” гэж ярьжээ. 

2019 онд Осака Их Дуулгад Бушарт ялагдаад мөнгөн медаль зүүв.

2016 онд олон улсын тэмцээнд орж эхэлснээсээ хойш анх удаа гадаадын тамирчинд ялагдаж байгаа нь тэр. Уг нь 49 дараалан гадаад бөхийг ялаад байсан юм. Энэ үед мөн л ах нь сэтгэлийг нь дэмжиж, дэргэд нь байжээ.
 


Өнгөрсөн арванхоёрдугаар сард Токиогийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруултаар Марүяматай халз барилдаан хийсэн ахынхаа барилдааны талаар Үта “Маш их сандарч тэвдсэн. Хармааргүй санагдаад нүдээ хүртэл анисан. Хурдан ял л даа гэж залбираад л. Хамаг бие чичрээд, сонин мэдрэмж төрж байлаа. Ахыг ялангуут нулимс асгараад л. Ахыгаа дагаж өссөн болохоор түрүүлж олимпын эрх авчихаад огт баярлаагүй байсан” гэж дурссан.

Ийм л сайн ах дүү хоёр өнөөдөр Япон, төдийгүй дэлхийд нэрээ цуурайтууллаа.

ҮТА АБЭ: ЭНЭ БОЛ МАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА АВСАН АЛТАН МЕДАЛЬ

Тэмцээний дараах ярилцлагад Үта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль” хэмээлээ. 
 

 

АБЭ ХИФҮМИ: ДҮҮГЭЭ ТҮРҮҮЛЭХИЙГ ХАРААД ДОТОР ШАТАХ ШИГ Л БОЛСОН

Харин Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдоод. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top