БОКС: Э.Цэндбаатар вьетнам тамирчныг 5:0 яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

“ТОКИО-2020” зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна.

Манай улсаас Токиогийн олимпод эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар,    эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас М.Мягмаржаргал, Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан.

Өнөөдөр хоёрдугаар тойрогт Вьетнамын Нгуен ван Дуонгтой тулалдлаа. Нгуен эхний тойрогт Азербайжаны Алиевийг ялсан юм. 2019 оны Зүүн Өмнөд Азийн наадмын мөнгөн медальт боксчин. 2019, 2020 онуудад Вьетнамын аварга болсон. 2020 оны Вьетнамын шилдэг тамирчны шагналд хөлбөмбөгч Нгуен Ван Куитийн дараа хоёрт орсон тамирчин.

Эхний тойрогт африк тамирчинтай тоглохдоо бага зэрэг зуулттай байсан Цэндээ энэ удаад эхний үеээс явах болов уу. Нэгдүгээр үед манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа. Эхний үе 4:1 манай ялалт.

Хоёрдугаар үед вьетнам тамирчин урагш явж эхэлсэн ч Цэндээ тулгаж зогсоогоод, оноо аван, тулааныг удирдсаар. Хоёрдугаар үе 5:0.

Гуравдугаар үе эхэллээ. Мөн л Цэндээ давамгайлсаар дуусгалаа. 5:0.

Шүүгчид санал нэгтэй түүнд ялалт өгчээ.


Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз хоёрын ялсантай тулалдана. Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга боксчин. Мэргэжилд 3 тоглож, бүгдэд нь цагаас өмнө хүнд цохилтоор ялсан тамирчин. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард ӨАБНУ-ын Сибусисо Зингангег долоодугаар үед хүнд цохилтоор ялжээ.

Орос тамирчныг ялсан тохиолдолд олимпын хос хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (2011, 2013, 2015), Панамерикийн наадмын хошой аварга Кубын Ласаро Альварестай таарах магадлал маш өндөр.

Шинжээчид энэ жинд түрүүлэх хамгийн магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байгаа Узбекистаны Миразизбек Мирзахалилов Ирландын тамирчинд ялагджээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top