Өнөөдөр (2021.07.30) Токио хотын "Бүдокан" ордонд жүдо бөхийн эмэгтэй +78, эрэгтэй +100 кг-ийн жингийн барилдаантай.
Манайхаас эрэгтэй хүнд жинд Ө.Дүүрэнбаяр хүч сорих бөгөөд эхний тойрогт Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой учраа таарсан. Олтибоев 25 настай. 2017 оны Ташкентийн Гран Прид хүрэл медаль хүртсэн. 2018 онд Хөххотын Гран Прид мөн хүрэл медаль аваад Жакартын Азийн наадамд оролцож, хүрэл медаль авсан.
Бакугийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө өрсөлдөөд Японы Хисаёши Харасавад ялагдаж байлаа.
Ө.Дүүрэнбаяртай 2018 оны Гуанчжоу Мастерст 1/8 финалд таарч, ялж байв.
Түүнийг ялахад Голландын Хенк Грол, Чехийн Лукаш Крпалек гэсэн хашир мастерууд D хэсэгт хүлээж байгаа.
Хамгийн хүнд жинд хэн түрүүлэх талаар ярихдаа Францын Тедди Ринерийг дурдахгүй өнгөрнө гэж байхгүй. Тэмцээн уралдаанд цөөхөн оролцдог тул чансаа тун доогуур. Тиймээс сугалаан дээр хэсэг толгойлсон хэн нэгэн алдартныг хохироодог уламжлалтай. Токиод энэ азгүйтэн нь Оросын Башаев болж таарсан.
Тедди Европын 4, дэлхийн 10 алтан медаль дээрээ олимпын 3 дахь алтаа нэмэх эсэх нь өнөөдөр тодорхой болно. Тэр 2008 оноос хойш ердөө хоёр ялагдаад байгаа. 2020 онд Дохад Японы Кокоро Кагэүрад ялагдсан тэр үед Ринер бараг бэлтгэл хийгээгүй байсан бөгөөд дараагийн тэмцээнд нь жинхэнэ Тедди гэдгээ харуулж, бүх өрсөлдөгчөө ялсан билээ.
Ринер эхний тойрогт Австрийн Штефан Хегьитэй барилдаад дараа нь Израилын Ор Сассонтой таарах болно. Энэ хэсэгт 2020-2021 онд маш сайн байгаа орос бөх Башаев бий.
Медаль хүртэх магадлал өндөр бөхчүүдэд Чехийн Лукаш Крпалек, Гүржийн Гурам Тушишвили, Японы Хисаёши Харасава нарыг нэрлэж болно. Сүүлийн хоёр жил бараг барилдаагүй Тедди баавгайг унагаах боломж тэдэнд байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Дэмжихийн завдалгүй ялагдчихлаа.
Медаль хүртэх боломжтой гээд байгаа бөхчүүдтэй таарвал барилдахгүй зүгээр зогсч байшаад ялагдана гэсэн үг үү? Дүүрэнбаяр яах гэж олимпод оролцож байгаа билээ, ялах гэж, аварга болох гэж оролцож байгаагааа ухаарах хэрэгтэй, чадахгүй бол ганц нэг ялах хэрэггүй больчихоод явсан зардлаа төлбөл яасан юм аан?