Спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн тэмцээн өнөөдөр (2021.07.30) рапид буюу хурдан буудлагаар үргэлжлэн явагдлаа.
Өчигдөр болсон тогтоол буудлагаар Ц.Анударь 287-9х (93, 98, 96) оноогоор 29-д, О.Гүндэгмаа 283 -8х (95, 95, 93) оноогоор 38-д бичигдсэн.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа. Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр үлэмж ухрав. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.
Энэ төрөлд өрсөлдсөн манай нөгөө тамирчин О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авч, нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар Олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа маш сайн буудаж, 97, 100, 98 оноо авсан юм.
Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан финалын шатанд шалгарлаа. Наймдугаар байрын тамирчин 584 оноотой байв.
Хоёр буудлагын нийлбэр дүнгээр эхний найман байрт жагссан тамирчид өнөөдөр 13:00 цагаас медалийн төлөө цэц сорино.
Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон ч өвдөлтөө тэвчиж, тамирчны тэсвэрээр тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Өчигдөр болсон тогтоол буудлагын дараа Ц.Анударийн бие муудаж, эрүүл мэндийн тусламж авсан байна. Гэсэн ч тэрбээр өнөөдөр спорт гар бууны 25 метрийн дасгалын түргэн буудлагын тэмцээндээ оролцож, 30 сумаа буудан, 572 оноотой 34-р байрт жагслаа.
Ц.Анударь анх удаагаа олимпод өрсөлдөхдөө буудлагын 3 төрөлд цэц сорьсон юм.
Сэтгэгдэл ( 0 )