Олимпын хошой аварга, Францын жүдоч Тедди Ринер Токиод олимпын гурван удаагийн аварга болж, Японы алдарт Номүрагийн амжилтыг давтана гэж олон жил ярьж, зарлаж ирсэн билээ.
Гэвч түүний мөрөөдөл биелэх тавилангүй байжээ.
Ринер сүүлийн үед бараг тэмцээнд оролцоогүй. Учир нь тэр 2024 оны Парисын олимпод оролцох зорилготой байгаа тул биеэ нөөж байна гэж тайлбарлаж байлаа.
Нэгэнт тэмцээнд бараг ордоггүй тул чансаа бага. Сугалаагаар хэн нэг том бөхийн аманд очих ч ялаад гарах итгэл дүүрэн байсан хэрэг. Энэ олимпод тэр ОХУ-ын залуу од Тамерлан Башаевын хэсэгт орсон. Эхний барилдаанаас эхлээд л Ринер урт мөчөө ашиглан, өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг хязгаарлаж, боломж гарвал иппон шидээд, боломжгүй бол торгуулаад ялах тактиктай байлаа.
Харин Тамерлан Башаев хэсгийн аваргын төлөө түүнтэй барилдахдаа хэмнэлд нь ороод байвал шүүгчид торгуулна гэдгээ мэдэж байсан тул шийдсэн мэх хийх зорилготой.
Нэмэлт цагийн 28 дахь секундэд Башаев гэнэт үүрлээ. Тедди хариу мэх хийж, арагш татах тэр мөчид орос залуу түрэн хөөж, Ринер нуруугаараа уначихсан байлаа.
Шүүгчид бичлэг үзсэний эцэст Башаевт вазари өгснөөр Ринер дагах барилдаанд шилжлээ.
Эрэгтэй +100 кг-ийн жингийн хагас шигшээд Японы Хисаёши Харасава Чехийн Лукаш Крпалектай, ОХУ-ын Тамерлан Башаев, Гүржийн Гурам Тушишвилитэй барилдана.
Хисаёши Харасава Риод мөнгөн медаль хүртэж байсан бол Лукаш Крпалек 100 кг-ийн жингийн аварга болсон.
Харин Тедди Бразилын Рафаэль Сильватай дагах барилдаанд орох боллоо.
Сэтгэгдэл ( 0 )