Өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд манай тамирчид буудлага, жүдо бөх гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө.
БУУДЛАГА
Энэ өдөр эмэгтэй урт бууны 50 метрийн дасгалын медальтнууд тодорно.
Өглөө 11.00 цагаас эхлэх урьдчилсан шатанд тамирчид гурван байрлалаас (босоо, суугаа, хэвтээ) тус бүр 40, нийт 120 сум буудах бөгөөд эхний наймд шалгарсан нь 15.00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.
Нийт 49 тамирчин оролцохоор бүртгүүлсний дотор Монголын залуу мэргэн бууч О.Есүгэн байна.
ЖҮДО
Олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулна.
Манайхан эхний шатанд БНСУ-ын багтай халз тулах сугалаа татжээ. Хожвол шөвгийн наймд Оростой, дараа нь зохион байгуулагч Японтой гээд сугалаа таарна.
Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болох юм. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай. Урьдчилсан шатны барилдаан 10.00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16.00 цагаас эхлэн явагдах болно.
Сэтгэгдэл ( 0 )