Өнөөдөр (2021.08.01) Токио олимпын чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхлэх юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалжээ.
Эмэгтэй 76 кг-д 4 хэсгийг АНУ-ын Аделин Грей, Германы Алине Фоккен, Казахстаны Эльмира Сыздыкова, Японы Хироэ Минагава нар толгойлсон.
2018, 2019 оны дэлхийн аварга АНУ-ын Аделин Грей энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх. 2012 онд 67 кг, 2014, 2015 онд 75 кг-ийн жинд дэлхийд түрүүлснийхээ дараа 2016 оны олимпод мөрний гэмтлийн улмаас гуравдугаар тойрогт ялагдаж, долоодугаар байрт шалгарсан.
Олимпын дараа мэс засалд ороод эргэн ирсэн бүсгүй. Эргэн ирснээсээ хойш 2017 оны 12 дугаар сарын ОХУ-ын Цомд Эстонийн Маед, 2018 оны долоодугаар сард Испанийн Гран прид Канадын Ерика Вейбед л ялагдсан. Өнгөрсөн тавдугаар сард Панамерикийн аварга болж, бэлтгэл ханаад байгаа.
ОХУ-ын Наталья Воробьева 2012 оны олимпын аварга бол Ерика Вейбе 2016 оны олимпын аварга. Наталья 2019 оны ДАШТ, Европын АШТ-д түрүүлж, Европын эрхийн тэмцээнээс олимпын эрхээ авсан. Гэхдээ сүүлийн 2 тэмцээн дараалан, Эпп Маед ялагдаад байгаа. Харин Ерика Вейбе Риогийн олимпод түрүүлснээсээ хойш хэсэг барилдаагүй. 2018 онд ДАШТ-ий хүрэл медаль авч, 2019 оны ДАШТ-д Маед ялагдан, олимпын эрхээ авч чадаагүй өнгөрсөн ч 2020 оноос хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн.
Энэ дурдсан гурван бөхийг бүгдийг нь ялж байсан тамирчин бол Эстонийн Эпп Мае. Дэлхийд тэргүүлж байгаагүй ч энэ жингийн битүү морь.
Харин манай О.Бурмаа бол 2004, 2012 оны олимпод оролцож байсан. Одоо 3 дахь олимпдоо оролцох гэж байна. 39 настай олимпын тамирчин эмэгтэй чөлөөт бөхөд хамгийн ахмад рекорд амжилт юм. Түүний өрсөлдөгч Хироэ Минагава томчуудтай муу барилддаг хуучтай. Гэхдээ 2019 оны ДАШТ дээр өмнө нь 4 дараалан ялагдаад байсан Хятадын Киан Жоуг ялж байлаа.
Наталья Воробьева эхлээд Африкийн аварга Самар Хамзатай таарсан. Энэ хэсэгт 2020 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Киргизийн Айпери Медет Кызы, 2021 оны Азийн аварга Казахстаны Эльмира Сыздыкова байна. Шалгарсантай нь хагас шигшээд АНУ-ын Аделин Грей, 2018 оны дэлхийн аварга Туркийн Ясмин Адар нарын нэг тулах болов уу.
Нөгөө талд олимпын аварга Ерика Вейбе эхний тойрогт 2021 оны Европын аварга Эпп Маетэй таарсан. Энэ талд чансааны 2 дахь бөх Германы Алин Роттер-Фокен, 2019 оны Европын наадмын аварга Беларусын Василиса Марзалюк, Хятадын Киан Жоу нар хуваарилагджээ.
Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2014 оноос 75 кг-д барилдаж байна. 2017 онд Бүх Японы аваргаар 6 жил дараалан шалгараад ДАШТ-д оролцож, Туркийн Адарт ялагдсан ч хүрэл медаль хүртэж, 30 настайдаа дэлхийн медаль авсан амжилт тогтоож байв. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн 3 удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт. 2013 оны ДАШТ дээр манай бөх түүнийг ялж байжээ.
Наймдугаар сарын 1
09:00 - 09:30. Эхний жин үзэлт, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)
11:00. Урьдчилсан шат, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)
13:10 - 13:30. Сугалаа, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)
18:15. Хагас шигшээ, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)
Сэтгэгдэл ( 0 )