Өнөөдөр (2021.08.01) боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд Монголын цагаар 16.00-д эхэлнэ.
Энэ жинд өрсөлдөж байгаа манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевтай тулалдах юм.
Энэ хэсгийн нөгөө талд Кубын Ласаро Альварес, Таиландын Чатчай Бутди нар шигшээ наймд таарсан байгаа.
Өөрөөр хэлбэл манай боксчин Оросын тамирчныг ялахад энэ хоёрын ялсантай хагас шигшээд тоглох юм.
Ласаро Альварес. Сонирхогчдын боксын элит. Лондоны 2012 оны олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (2011, 2013, 2015), Панамерикийн хошой аварга. Хагас мэргэжлийн World Series Boxing лигт 7 тулалдан, 6 ялж, Азербайжаны Альберт Селимовт эргэлзээтэй шүүлтээр ялагдсан боксчин.
Чатчай Бутди. 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2015 оны Азийн аварга, Зүүн Өмнөд Азийн наадмын 3 удаагийн аварга. Лондон, Риогийн олимпын наадамд оролцож байсан.
Харин нөгөө хэсэгт
Курт Уолкер (Ирланд) - Дюк Раган (АНУ)
Сэмюэл Таки (Гана) - Сейбер Авила (Колумб) гэсэн сонирхолтой тулаан биднийг хүлээж байна.
Энэ жингийн гол тамирчин гэгдэж байсан Узбекистаны дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аварга Миразизбек Мирзахалилов Ирландын Уолкерт ялагдсан. Уолкер бол 2019 оны Европын наадмын аварга юм.
Сэтгэгдэл ( 0 )