Мартагдахгүй түүхийн эзэн буюу Монголын Моли

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

-Саид Моллаи мөрөөдлийнхөө төлөө амьдралаа золиосолсон-

Тэр үүнийг өөрийн хүслээр хийсэн бөгөөд Японы "Бүдокан" ордонд тэр мөрөөдлөө биелүүллээ. Хувь тавиланд учир шалтгаан нь ч өөрөө ойлгодоггүй тийм тохиол олон бий. Гэхдээ эдгээр учир шалтгаан зөвтгөгдөх үед амьдралын үнэ цэн “амтагддаг”. 2019 оны Токиод тагнуултай, тодорхойгүй байдал ноёлсон гунигтай адал явдалт кино өрнөсөн. Гол дүрд нь Моллаи тоглосон юм. Гунигтай гэдэг нь спортын ертөнцөд улс төр орж ирэхэд бүх зүйл муугаар, зарим үед маш муугаар төгсөх үе байдаг. Моллаи Иранд төрсөн нь нүгэл биш. Гэтэл тушаалыг үл биелүүлсэн нь түүний буруу болж, хэн хүний давж гарч чадахгүй шаналлыг үүрэх шийтгэл хүлээсэн. Учир нь тэр эрх чөлөөтэй байхын тулд бүх зүйлээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрсэн юм. Энэ түүхийг хүмүүс сайн мэднэ. Харин 2019-2021 оны хооронд түүний амьдралд өрнөсөн түүхийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өнөөдөр тэр өөрийн биеэр энэ талаар ярихад бэлэн болжээ.

“Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн хүнд шийдвэр байсан. Учир нь би эгэл жирийн хүн шиг өрсөлдөхийн тулд амьдралаа орхих ёстой болсон” гэж тэрбээр ярилаа. Бидний хувьд байх л ёстой зүйл шиг хүлээн авдаг “хэвийн байдлыг” алдаж байж л ойлгодог. Саид шинэ амьдралаа маш сайн тооцоолж, зорилготой дахин эхлүүлэв. Тэр нь Токиогийн олимпын их наадам байлаа. “Тийм ч учраас би Ираныг орхиж, тийм ч учраас 2019 оноос хойш гэр бүлээ хараагүй. Зөвхөн энд ирэхийн төлөө шүү дээ” гэж Моллаи онцлов.

Бага багаар, алхам алхмаар Саид урагшилж, өндийсөн гэж тэр явдлаас хойш Германд өнгөрүүлсэн амьдралаа дурсав. “Би германаар бараг ярьдаггүй. Ираны дэглэмийн цээрлэл зөвхөн намайг бус, Иранд амьдарч буй миний гэргий, мэдээж хэрэг, миний эцэг эх, ах нарт хүрэх вий гэж айдаг байсан” гэв. Саид айдсаа даван туулж, олимпын бэлтгэлээ үргэлжлүүлэх ёстой байв. Олимпын бэлтгэл дөрвөн жил үргэлжилдэг, энэ удаад таван жил. Жижиг төдий ч алдаа медалийн үнэтэй байдаг. Учир нь жүдочид оргилд хүрэхийн тулд маш хүнд мөчлөгүүдийг төлөвлөх ёстой байдаг. Тэрбээр Монголын иргэншилтэй болсноор Токиод өрсөлдөх боломжийг атгаж авчээ. “Би бэлтгэлээ төгс хангаж чадаагүй. Харин ч эсрэгээр. Гэхдээ би итгэл найдвараа хэзээ ч алдаж байгаагүй. Учир нь Японд амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж Саид ярив. 2021 он бүтэлгүйтлээр эхэлсэн. 2021 оны Дохагийн "Мастерс”-аас эрт хасагдсан ч тэр Тель Авивын “Гранд Слам”-д финалдаж, Ташкентад энэ амжилтаа давтсан юм. Хожим нь тэр Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, ДАШТ-нд долоод бичигдсэн билээ. Эдгээр амжилтаас хүмүүс тодорхой мэдээлэл авах ч бүгдийг мэдэх боломжгүй. Учир нь энэ мэдээлэл тамирчны сэтгэл зүйн мэдрэмжийг илэрхийлэхгүй.

Саидын хувьд сэтгэл зүйн дарамт байсан. Тэр барилдаан бүрт ялалт байгуулахыг хүсэж байв. Зөвхөн өөрийнхөө төлөө бүс, хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгасан хүн бүрт талархсан сэтгэлээ ингэж л илэрхийлэх боломжтой. Ялагдах бүртээ уучлал хүсэж, дарамт нь улам нэмэгдэж байв. Цаг хугацаа хэнийг ч өршөөхгүй явсаар. Гэхдээ түүнд хамгийн чухал зүйл болох жүдо болон бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа цэгцлэх хүч хангалттай байжээ. Саид аливаа зүйлийг тоо, хувиар ярьдаг зангаараа “Будапештад би нөөц боломжийнхоо 60 хувийг үзүүлсэн. Өмнөхөөсөө бага ч гэсэн бодсоныг бодвол сайн” гэж тайлбарласан юм.

Тэр Токиод хүрнэ гэдгээ мэдэж байсан ч оноолт хүссэнийг бодвол тийм ч амар байсангүй. Түүний эхний барилдаан Казахстаны Хамзатай таарч, дараа нь Азербайжаны Фатиевтай учраа таарч, шөвгийн дөрөвт Гүржийн алдарт Тато Григалашвилитэй тунажээ. Өөрөөр хэлбэл, олимпын хувилбараар Төв Азийн бүх жүдочид түүнийг сөржээ. Хүн бүр энэ Гүржийг хамгийн бэрх өрсөлдөгч гэж харж байв. Учир нь Саид түүнд вазари алдсан. Гэхдээ яараад яах вэ. “Тэр өдрийн өглөө сэтгэл санаа маш өөдрөг сэрж, энэ өдөр гайхалтай өдөр болно гэж өөртөө хэлсэн. Өглөөний ундандаа талх, жимс идээд, дасгалжуулагчтайгаа уулзсан. Бид барилдаан бүрийнхээ стратегийг хамтдаа боловсруулсан” гэж тэрбээр дурсав. Өөрөөр хэлбэл, 2018 онд дэлхийн аварга болж байсан тэр Саид эргэн ирсэн байлаа.

Саид Моллаи “Үгүй дээ. Хамгийн хүнд нь Мурад Фатиевтэй хийсэн хоёр дахь барилдаан байсан. Бид хоёрын барилдаан таардаггүй. Мөн бид хоёр анх удаа учраа таарсан тул өмнөх барилдааныг үзэх боломжгүй байв. Татамид арван минут барилдсан. Ялалтаа аваад зогсож байхад миний гар бадайрч, хүчтэй өвдөж буйг анзаарсан” гэж тэр дурсан ярив.

Ингээд Моллаи Григалашвилитэй барилдах болов. “Дасгалжуулагч надад энэ барилдаан финалын барилдаан шиг байх болно гэж надад хэлсэн. Үнэхээр хүнд барилдаан болсон ч өмнөх барилдааныг гүйцээгүй. Тэр үед барилдааны арга барил бус хамгийн гол нь ялах явдал байсан. Шидо буюу торгуулиар ч хамаагүй” гэж Моллаи өгүүлэв. Хагас финалд тэрбээр Австрийн Борчашвилитэй таарч, мөн л ялгаагүй ялах ёстой байсан. Тэр ялалтаа авсан. Үүний дараа л сая нэг амьсгал авч, сэтгэл амарсан. Магадгүй хэт амарсан байх. Хагас финалд илт давамгай байсан Саид  яг энэ хотод, яг энэ татамид, гэхдээ түүний хувьд аймшигтай нөхцөлд тавьсан зорилгодоо хүрэхэд ойрхон байлаа.

Хамгийн их хүлээсэн, сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд тулаан хүлээж байлаа. Японы жүдоч Нагасэ Таканоригийн хувьд ч мөн амаргүй өдөр. Нагасэгийн хувьд алтан ялалтад хүрэх замд нь хөндөлдсөн сүүлчийн “чулуу” нь Саид байв. Гэхдээ ялалтын алтан мөч зөвхөн түүнийх байсангүй. “Юуны өмнө би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер болон холбооны хамт олонд талархаж байна” гэж Саид бидэнд хандав. Та бүгд байгаагүй бол Саид, тэр тусмаа олимпын медальт Саид байхгүй байх байсан. “Бучманны гэр бүл, Монголд баярлалаа”. Улс төрийн хувьд зөв хэллэг биш тул түүний үгийг бид болгоомжтой хөрвүүлэв. Гэхдээ энэ бол түүний бодол.

Саид мөнгөн медаль хүртсэн. Тэр шөнийн талыг медалиа үнсэж өнгөрүүлснээ нуусангүй.

Харин одоо? Дараагийн алхам нь урт удаан баяраар хүчээ сэлбэн, "Парис-2024" олимпын бэлтгэлд гарах. Гуравхан жил үлдсэн. Би Оно, Илиадис шиг амжилт үзүүлж, медалиа нэмэхийг хүсэж байна. Өөр юу гэж үү? Би азтай хүн. 90 хувьтай гэх юм уу. Гэвч би гэр бүл, найз нөхдөө үгүйлж байна. Иранд очих нь одоо хүршгүй мөрөөдөл. Гэхдээ би очих болно, төрсөн нутагтаа хэзээ нэг өдөр очно гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” гээд тэр яриагаа өндөрлүүлэв. Салахаасаа өмнө бид дахин нэг аяга кофе ууж, хөнгөн зууш идэхийг санал болгов. Тэр талархал илэрхийлсэн ч татгалзав.

“Би 40 хувийн өлсгөлөн байна. Гэхдээ барилдаанаа үргэлжлүүлэн үзэх хүсэл 100 хувь байна” гэж сурсан зангаараа тоон хэлээр илэрхийлэв. Токиод Саид нэгэн том жүдогийн гэр бүл дунд алхаж явна. Ямар ч ялгаварлан гадуурхал, эсвэл эрх ямбагүй. “Энэ бол миний хүссэн зүйл. Адал явдал дүүрэн татами, амгалан тайван, аюулгүй, өөрөө өөртөө эзэн байх амьдралыг хүсдэг. Үүнийг бид 100 эрх чөлөө гэдэг” хэмээсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.51) 2021 оны 08 сарын 02

Iim ch mongol hun baidaggvi bhaa hunii orond ywaad l yndoorson tsagaach

0  |  0
Зочин(202.9.46.40) 2021 оны 08 сарын 02

Гоё нийтлэл болжээ, Моли их зоригтой хуу, мөрөөдлийхөө төлөө явсан, явсандаа ч өнөөдөр олимпийн мөнгөн медаль хуртээд урам зоригоор бялхаж байна

1  |  0
Top